Финланд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор өгчээ. Тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "Энэ бол түүхэн мөч. Бид энэ үеийг байнга санах хэрэгтэй" гэж хэлээд, Скандинавын орнууд гишүүнчлэлийн хувьд хамтын аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Орос Украин руу түрэмгийлсэнтэй холбогдуулан тус хоёр улс батлан хамгаалахын эвсэлд гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлээд байсан юм.
Владимир Путин Финланд улс НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа зарласны хариуд хийн нийлүүлэлтийг маргаашаас нь зогсоож магадгүй гэж сүрдүүлж байв. Финландын ерөнхийлөгч Саули Ниинисто, ерөнхий сайд Санна Марин нар Аюулгүй байдлын эвсэлд цаг алдалгүй нэгдэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Швед улс ч хэдхэн хоногийн дотор Финландын шийдвэрийг дагаж, Орос, баруун хоорондын хурцадмал байдлыг эрс нэмэгдүүлсэн.
Кремль өмнө нь тус хоёр улсыг бүтнээр нь сүйрүүлэх болон хамгийн хүсээгүй үр дагаврыг баталгаажуулна гэж сүрдүүлсэн билээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хариуд нь Швед, Финланд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ хэлэлцээрүүдийг тохиролцож, халдлагад өртөх тохиолдолд хоёр улсын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээ амласан. Гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авах болон зөвшөөрөхөд хэдэн сарын хугацаа шаардлагатай ба эвслийн заасан шалгуурт тэнцэж байгаа эсэхийг нягталдаг байна.
Эх сурвалж: BBC