Улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авч, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан жинхэнэ ЖДҮ-дэд 30 хувийн хүүтэй мөнгө хүүлж байсан хэрэг илэрсэн ч зээлээ төлсөн болоод өнгөрсөн. Ганц хүн албан тушаалаасаа огцорсныг эс тооцвол хуульд өөрчлөлт оруулаад энэ хэргийг замхруулсан билээ. Гэтэл “Жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” ОНӨТҮГ-ын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаас харахад энэ газар эрх мэдэлтнүүдийн халаасыг зузаатгасаар байгаа бололтой.
2020 оны байдлаар тус газар 3,376,400.0 төгрөгийн авлага нэмэгджээ. Үүний 6,829,820.3 төгрөг нь нийслэлийн ЖДҮХС-гийн үлдэгдэл аж.
Үүнээс 12,012.6 төгрөг нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Капитал” банкны зээлийн хүүгийн авлага, 655,241.1 төгрөгийн зээлийн алданги, 3,044,313.9 төгрөгийн бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжээс авах үндсэн зээлийн авлага бөгөөд 2017 оноос хойш барагдаагүй, тооцоо нийлсэн актаар баталгаажсаар өдийг хүрчээ. Мөн Нийслэлийн төрийн сангаас авах татаас санхүүжилтийн авлага 3,118,252.5 төгрөг байх жишээтэй.
Аудитын тайлангаар уг газрын үйлчилгээ бодит эзэндээ хүрсэн эсэх нь тодорхой тусгагдаагүй ч 455 сая 430,2 мянган төгрөгийн зөрчил илэрчээ. Тэрхүү зөрчлөөс харвал, бизнес эрхлэгчдэд цахимаар олгосон сургалт гээчийг зохион байгуулахдаа өөрсдийн 14 алба хаагчийг оролцуулаад, илүү мөнгө шилжүүлчихсэн байх жишээтэй.
Covid-19 цар тахлын үеэр тогтоосон хөл хорионы үед 313 иргэн, аж ахуйн нэгжид ZOOM аппликэйшн ашиглаж, 20 өдөр 53 сая төгрөгөөр сургалт явуулсан гэх ч уг сургалтад хэн, хэдэн цаг хамрагдсан нь тодорхойгүй төдийгүй танхимын сургалтаас ч хэд дахин өндөр үнээр хийсэн аж. Өөр нэгэн анхаарал татсан баримт нь ажил, үйлчилгээний 11 сая 400 мянган төгрөгийн 2 гэрээ байгуулсан ч тухайн байгууллагын өмнөөс дарга Г.Гангамөрөн нь өөрөө гарын үсэг зурчихсан нь илэрчээ. Дээр нь төрийн байгууллагын төсвийн мөнгийг үрэн таран хийдэг сонгодог аргаас тойрсонгүй. Сургалтын материал, гарын авлагын үлдэгдэл хангалттай байхад 40 сая төгрөгөөр дахин хийлгэжээ. Тэр бас л өмнөх оны нэг бүрийн үнээс өндөр үнээр авчээ.
Гэх мэтчилэн 455 сая төгрөгийн зөрчил илэрсэн байх юм. Зургаан тэрбумын авлагатай гэгдэх энэхүү байгууллагын жирийн үйл ажиллагааны аудит хийсэн тайлангаас харахад хагас тэрбум орчим төгрөгийн зөрчил илэрчээ.
Ингэхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийг сургах нэрийдлээр “суйлаа” хийдэг, гарын авлага хийлгэх гэж хэдэн саяар тооцогдох шахаа хийдэг бололтой. Тиймээс ЖДҮ эрхлэгчдийн нэрийг барьж, төсвийн мөнгийг татаад, түүнээс өөрсдийн ашиг хонжоо хайсаар байгаа бололтой. Өмнөх улстөрчдийн хэргийг дараад өнгөрсөн ч аудитын шалгалтаар хэдэн зуун саяар тооцогдох зөрчил илрээд байхад авлига, албан тушаалын хэрэгтэй хатуу тэмцэнэ гээд байсан Ардын намынхан ажиггүй суусаар байх хэрэг үү?
Хөгжлийн банкны дуулиан намжаагүй, хэнийгээ хөөхөө шийдээгүй байхад нь дараагийн том асуудал ЖДҮ-ийг дэмжих төв, элдэв сангууд болох бололтой.
Холбоотой мэдээ