Экспорт 12.1 хувь, импорт 19.8 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Экспорт 12.1 хувь, импорт 19.8 хувиар нэмэгджээ

Экспорт 12.1 хувь, импорт 19.8 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, манай улс энэ оны эхний дөрвөн сард 134 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 5.1 тэрбум, үүнээс экспорт 2.8 тэрбум, импорт 2.3 тэрбум ам.доллар эзэлсэн байна.

Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 690.8 (15.5 хувь) сая, экспорт 302.7 (12.1 хувь) сая, импорт 388.1 (19.8 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Мөн экспорт өмнөх сарынхаас 138.1 (18.7 хувь) сая, импорт 5.7 (0.9 хувь) сая ам.доллараар өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 4 сард 450 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 85.4 (15.9 хувь) сая ам.доллараар багасчээ. Мөн дөрөвдүгээр сард 198.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 89.8 (82.5 хувь) сая ам.доллараар нэмэгдсэн байна.

БНХАУ-тай энэ оны эхний дөрвөн сард 3.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 59.7 хувийг эзэлж буй аж. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 43.8 хувийг зэсийн баяжмал, 42 хувийг чулуун нүүрс эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 302.7 сая ам.доллараар нэмэгдэхэд нүүрсний экспорт 299.7 сая, зэсийн баяжмалын экспорт 236.2 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нүүрсний хилийн дундаж үнэ сүүлийн гурван сар дараалан нэмэгдсэн бол боловсруулаагүй газрын тос экспортод гаргаагүй аж.

Экспорт 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 138.1 сая ам.доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 39.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Манай улсын импортын дүнг энэ оны эхний 4 сарын байдлаар авч үзвэл, БНХАУ 32.7, ОХУ 31.1, Япон 8.6, БНСУ 4.6, АНУ 3.3, Герман 2.4 хувийг эзэлж, нийт импортын 82.7 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортолсон барааны 55.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 68.8 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.8 хувийг цахилгаан эрчим хүч, 5.8 хувийг ачааны тэрэг, 88.4 хувийг олон нэр төрлийн бага жинтэй бараа бүтээгдэхүүн эзэлжээ.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 388.1 сая ам.доллароор нэмэгдэхэд автобензин 105.1 сая, суудлын автомашин 53.4 сая, дизелийн түлшний импорт 33.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж