УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар өчигдөр (2022.05.18) Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
"БАЯР НААДАМ ХЭДХЭН ХҮМҮҮСИЙН ТОГЛООМ БОЛЖ ХУВИРЛАА"
-УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:
-Уг хуулиар маш том асуудал хөндөж байна. Монголчууд бөмбөрцгийн бөөрөн дээр буй том соёлтой ард түмэн. Өв соёлыг тээж яваа улс орны хувьд бахархал болсон баяр наадмаа хэл ам, хэрүүлгүй хийх нь чухал. Хуульд эргэж харах олон асуудал байна. Жил бүрийн баяр наадмаар допинг, эрлийз хурлийз морины асуудлаас маргаан гардаг. Сур, шагайд асуудал байхгүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс морь руу орсноос хойш утгаа алдлаа. Монгол Улсад 300 мянган малчин бий. Улсын наадам хэдхэн хүмүүсийн тоглоом болж, янз бүрийн юм шахдаг боллоо. Жил бүр баяр наадмын комисс авлигын хэрэгт холбогдож, мөнгөөр хасч, нутаг усаар нь ялгадаг гэсэн маргаан явдаг. Хэдэн бөхчүүд нь мөнгө олохоороо допинг руу орж, баяр наадмыг будлиантуулж байна. Хэрүүл тэмцлээ болих хэрэгтэй.
"ДОЛООН НАСТАЙ ХҮҮХЭД МОРЬ УНАХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ"
-УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Баяр наадам бол үндэсний их өв уламжлал, хүний эрх, бизнес, спортын асуудал. Морины уралдаан, бөхчүүд “мэргэжлийн” шинжтэй болчихсон. Долоон настай хүүхэд морь уралдана гэж байна. Угтаа бол долоон настай хүүхэд хичээлээ хийх нас. Тэгээд бодохоор яагаад долоо байх ёстой юм бэ. Есөн нас байх хэрэгтэй. Монгол морийг тордоод байвал сэрвээ нь томордоггүй юм уу. Аймаг сумынхан төсвийг өөрсдөө батална гэж заасан байх жишээтэй. Үүнийг хянахгүй бол болохгүй. Хуулийн 5.6-д “Нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулж тэмдэглэж болно” гэж байна. Нэг аймаг гэхээс илүү хоёр, гурван аймгийн зэргэлдээ сум илүү амар байдаг.
"УНААЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛЫГ БҮТЭН ЖИЛЭЭР ОРУУЛЖ ИРСЭН"
-ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:
-Төрт ёсны уламжлалаас гадна хүний эрх яригдана. Унаач хүүхдийн насыг одоо байгаа хуулиар долоон нас гэж заасан. Үүнийг хадгалж оруулж ирсэн. Баяр наадмын гурван өдөр хүүхдүүдтэй холбоотой даатгалын асуудал байсныг бүтэн жилээр даатгадаг, эцэг эхийн зөвшөөрлийг нь авдаг зохицуулалт орж ирсэн. Долоон нас бол доод талын нас юм. Наадмыг өөр цаг хугацаанд хийхийг аймгийн Засаг дарга шийднэ.
"БӨХЧҮҮДИЙГ АЙМАГ, АЙМГААР НЬ ГАЛ БОЛГОДГИЙГ БОЛИУЛЪЯ"
-УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Долоон нас гэдэг чинь сургууль ороод уншиж бичиж, тоо бодож сурах ёстой нас. Тэр хүүхдүүд ядаж баярын бичгээ өөрсдөө уншдаг байх ёстой биз дээ. Хүүхдийн суралцах эрхэд халдаж байна. Тиймээс хурдан морь унах хүүхдийн насыг ядаж найм болгоё. Бөхчүүдийг аймаг, аймгаар нь гал болгодгийг болиулъя. Энэ бол Монголыг хувааж байна. Бөхчүүд, уяачид галаар хуваагддаг нь Үндэсний их баяр наадмыг наадам биш болгож байна. Тэр аймаг яллаа, түрүү авлаа гэдэг. Үүнээс болж иргэдийн нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь уурладаг. Энэ бол бодитоор байгаа зүйл. Монголын үндэсний баяр нь улс үндэстнээ хагалан бутаргасан, яс хаясан байдал социализмын үеэс бий болсон.
Холбоотой мэдээ