Ши Жиньпиний "залгамжлагч"

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний "залгамжлагч"

Ши Жиньпиний "залгамжлагч"

Хятадын удирдагч Ши Жиньпин цар тахлын буруу бодлого, Коммунист намын дотоод талцал, олон улсын сөргөлдөөн, эрүүл мэндийн асуудал зэрэг толгой өвтгөсөн олон асуудлаас болж суудалдаа тогтож үлдэх эсэх нь эргэлзээтэй болоод буй. Ажиглагчдын үзэж буйгаар, БНХАУ-ын дараагийн удирдагч болох хамгийн өндөр магадлалтай, одоогийн ерөнхий сайд Ли Көчяны талаар бид энэ удаа "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.


ХУ ЖИНТАОГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ

Ли Көчян 1955 онд Анхуй мужийн Хэфэй хотод төржээ. Түүний аав Анхуй мужийн түшмэл байсан тул Көчяныг бага залууд нь орон нутгийн намын удирдах албан тушаалд томилох санал дэвшүүлж байсан ч тэрбээр татгалзаж, Бээжингийн их сургуульд элсэн оржээ. Көчян их сургуульд элсэхээсээ өмнө хөдөө тосгонд ажиллах хугацаандаа Мао Зэдуны сэтгэлгээг хамгийн сайн судалсан хувь хүнээр шалгарч, өргөмжлөл хүртэж байсан аж. Улмаар 1995 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан ба түүний зөвлөх багшаар нэрт эдийн засагч Ли Инин ажиллажээ. Тэрбээр докторын диссертацийн ажлаараа Хятадын эдийн засгийн дээд шагнал болох Сун Ефангийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

Ли Көчян залуугаасаа Хятадын Коммунист намтай холбогдсон. Тухайлбал, 1982 онд Бээжингийн их сургуулийн Коммунист залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, 1983 онд Коммунист залуучуудын эвлэлийн үндэсний байгууллагын дээд удирдлагад гишүүнээр элсчээ. Тэр цагаас хойш Ли Көчян намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Жинтаотой нягт хамтран ажиллаж ирсэн гэдэг.

1993 онд Ли Көчян тус байгууллагын Тэргүүн нарийн бичгийн дарга болж, 1998 он хүртэл ажиллажээ. 1998 онд Хэнан мужийн захирагчаар томилогдсоноор тэрбээр Хятадын мужийн хамгийн залуу захирагч болсон байна. Мужийн захирагчаар ажиллах хугацаандаа засгийн газраас зохион байгуулаагүй л бол аливаа томоохон арга хэмжээнд оролцдоггүй байсныг тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс баталдаг.

Сонирхуулахад, түүнийг Хэнанд ажиллах үед гурван ч удаа гал түймэр гарсан учир иргэдийн дунд Көчяныг "Азгүй захирагч" гэсэн яриа таржээ. Гэсэн хэдий ч Ли Көчяныг анх ажил хүлээж авахад Хэнан муж ДНБ-ий хэмжээгээрээ улсдаа 28-д орж байсан бол 2004 онд ажлаа хүлээлгэж өгөх үед 18-р байр хүртэл урагшилсан байна.

Залуучуудын холбоонд ажилласан, тухайн үеийн дээд удирдагч Ху Жинтаотой ойр байдаг Ли Көчян тухайн үед "Ху даргын залгамжлагч" гэж мөн яригдаж байжээ. Улс төрийн ирээдүй нь гэрэлтэй мэт харагдаж байсан ч Байнгын хороон дээр Ши Жиньпин түүнийг илүүрхэж эхэлсэн гэдэг. Ши Жиньпин тухайн үед Шанхай хотын намын нарийн бичгийн даргын албан тушаалаас Бээжингийн төв удирдлагын эгнээнд элсээд байжээ. Харин Көчяны хувьд Ерөнхий сайд асан Вэн Зябаог залгамжилна гэсэн олны таамаглалыг бататгаж, 2008 онд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас ерөнхий сайдаар сонгогдов.

ШИ ЖИНЬПИНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ

Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хороонд Ли Көчян 2007-2012 онд ажилласан. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадын засгийн газрын эдийн засгийн хөгжил, төсөв, газар нутаг, нөөц баялаг, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг хамгийн чухал салбаруудыг хариуцан ажиллажээ. Энэ нь түүнийг ерөнхий сайд болгох зорилготой бэлтгэл ажил байсан гэж үздэг.

Швейцарийн Давост 2010 онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ли оролцсон нь анх удаа олон улсын тавцанд гарсан явдал байж. Энэ үйл явдлыг мөн л түүнд зориулсан литмус тест байсан гэлцдэг. Литмус тест гэдэг нь улс төрийн нэг нэр томъёо бөгөөд өндөр албан тушаалд томилогдох гэж буй нэр дэвшигчээс авч буй шалгуурыг хэлдэг.

2012 онд болсон Коммунист намын XVIII их хурлаар Ши Жиньпин Хятадын удирдагчаар сонгогдсон бол Ли Көчян ерөнхий сайдаар сонгогдов. Энэхүү сонголт намын эрх баригчид Көчяныг Хятадын улс төрийн шатлалын хоёр дахь хүн болгохоор зорьж байсныг харуулжээ. Ийнхүү тэрбээр албан ёсоор Хятадын дээд удирдагчдын нэг болсон байна. 3000 орчим хууль тогтоогчийн 2940 нь Ли Көчяныг дэмжсэн санал өгчээ. Тэрбээр ерөнхий сайдын албыг авсныхаа дараа 2013 онд "Форбес" сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтын 14-т орж байв. Ши Жиньпин болон Ли Көчян нар олон асуудлаар санал зөрж байсан удаатай. Ли Көчян ерөнхий сайдын суудлаасаа буухдаа Ши Жиньпинийг эсэргүүцэхүйц хүнийг томилохыг зорьж байгаа гэж “Global news” хуудас онцолжээ. Ли Көчян иргэдийн дунд Ши удирдагчаас илүү нэр хүндтэй гэх нь бий. Ши Жиньпиний буруу менежментээс болж иргэд уурлаж бухимдахад тэрбээр шууд хариу өгч, иргэдэд хандаж байсан нь тун цөөхөн аж.

Харин Ли Көчян эсрэгээрээ байдаг. Тэрбээр хохирсон, гомдсон иргэдэд хандаж, асуудлыг яаралтай шийдвэрлэх амлалт өгдөг гэжээ. Ли Көчян одоогийн удирдагчийн баримталдаг бодлогоос татгалзаж, платформ эдийн засгийг дэмжинэ гэж цахим худалдааны салбарын удирдлагуудад амлаж байсан аж. Энэ мэтээр түүний зоримог тактик Лиг Хятадад нэлээн алдартай болгожээ.

КӨЧЯНЫ ИНДЕКС БА ЛИКОНОМИКС

Ли эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн тул шийдвэр гаргахдаа эдийн засгийн найдвартай өгөгдөлд түшиглэж, мэдээллийн найдвартай байдалд байнга эргэлздэг гэдгээрээ алдартай. Түүнийг олон улсын хэвлэл мэдээллээр “Көчяны индекс” гэдэг. Энэ нь эдийн засгийн хэмжүүрийн уламжлалт бус үзүүлэлтийг илэрхийлж буй юм. Ли тухайлбал, Лиаонин мужид ажиллаж байхдаа эдийн засгийн нийт гарцын талаар мэдээлэл цуглуулахын тулд өөр төрлийн гурван үзүүлэлтийг ашигладаг байжээ. Үүнд, төмөр замын ачааны хэмжээ, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ орно. Ингэж хийх нь эдийн засгийн хэмжүүрийн хувьд илүү сайн үзүүлэлт болдог аж. Лиг анх албан тушаалаа хүлээж авахад Хятад улсад өмнөх засаг захиргааны үлдэгдэл болох бүтцийн олон асуудал байсан. Тухайлбал, чанаргүй зээлийн хэмжээ асар их, дэд бүтцийн томоохон төслүүд өрөнд дарагдаж, хүлээлтээс доогуур орлоготой байсан. Тухайн үед Лигийн авсан арга хэмжээг Ликономикс гэж нэрийддэг. Энэ нь өрийг бүхэлд нь бууруулах, өмнөх ерөнхий сайдын үеийн урамшууллын арга барилыг зогсоох, бүтцийн шинэчлэл хийх гэсэн гурван талт арга барил байжээ.

Гэвч дэлхийн эдийн засгийн дарамт, Хятадын экспортын эрэлт буурсан зэргээс шалтгаалаад 2014 онд эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас ч илүү доогуур түвшинд хүрчээ.

Дараа нь Лигийн засгийн газар жижиг бизнесүүдэд зориулсан татварыг бууруулж, ядуу буурай бүс нутгуудад засварын төсөл эхлүүлсэн. Түүнчлэн төмөр замын дахин бүтээн байгуулалт зэрэг арга хэмжээ авчээ. Ли засгийн газрын шаардлагагүй хүнд суртлыг шүүмжилдэгээрээ мөн алдартай. Энэ талаар хошигнож хэлсэн үгүүд нь цахим ертөнцөд цөөнгүй тарсан. Тухайлбал, хилийн чанадад зорчиж буй иргэн яаралтай холбоо барих дугаар дээр ээжийнхээ дугаарыг бичдэг. Харин төрийн албаны ажилтан тухайн иргэнээс “Ээжийг чинь чиний ээж мөн гэж нотлох баримт байна уу?” гэж асуудаг. Энэ явдлыг Ли хурцаар шүүмжилж байсан. Мөн төрийн албанд орохын тулд нэг настай хүүхдээ хүртэл гэмт хэрэг үйлдээгүйг, тэтгэмж авахыг хүссэн ахмад настан өөрийгөө амьд байгаа гэдгийг нотлох хэрэгтэй болдог зэргийг "Үнэхээр тэнэг хэрэг" гэж хэлжээ.

Ши Жиньпин дарга олон жилийн турш Хятадын хоёр дахь хамгийн хүчирхэг улс төрийн зүтгэлтэн Ли Көчяныг замаасаа зайлуулсаар ирсэн. Олон жил мартагдсан ерөнхий сайд Ли Көчян тун удахгүй Ши Жиньпиний сүүдрээс гарч, улс орны эдийн засгийг залах эсэхийг хүлээх л үлдлээ.

Эх сурвалж: GLOBAL NEWS, WIKIPEDIA, WALL STREET JOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж