Нууцлаг сургууль дахь охидын амьдрал

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Нууцлаг сургууль дахь охидын амьдрал

Нууцлаг сургууль дахь охидын амьдрал

Хэрвээ чи зоригтой бол хэн ч чамд саад болж чадахгүй. Афганистаны шигүү хороолол дунд нууцлаг сургууль нам гүм оршино. Дотор нь цөөн хэдэн ширээтэй ба Талибаны шийдвэрийг эсэргүүцсэн хижабтай охид бичиг үсэгт суралцаж байна. Охидын хувьд эмэгтэй хүнийг "тэжээмэл амьтан" мэт үздэг ертөнцөд өөрсдийн эрхийн төлөө суралцаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Талибанчууд улс даяар эмэгтэй хүн суралцах боломжийг хязгаарласан ба охидын сургуулийн хаалгыг барьжээ. Гэвч “BBC”-гийн сурвалжлах  баг тус нууцлаг сургуульд охид математикийн хичээлд шамдан, анги танхимаа цэвэр цэмцгэр хадгалж байгааг мэдээлжээ.

Охидыг хариуцан ажилладаг багш сурвалжлагчдад “Бид цаг үеийн байдал, аюул заналхийллийн талаар хангалттай мэдэж байна. Бид нууцаар хичээллэж, охидоо мэдлэгтэй болгохын төлөө бүхий л аргыг ашиглах болно. Хэрвээ манай сургуулийг мэдээд, намайг баривчлах юм бол хамгийн ихдээ зодож л шийтгэнэ. Гэвч би сурагчдадаа мэдлэг олгож чадаж байгаа тул зодуулсан ч хамаагүй” гэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Афганистанд шинэ засгийн газар бүрэлдэж, ээлж дараалан шийдвэрүүдээ танилцуулав. Хичээл сургууль тодорхой хугацаанд амарсан байсан ба охид сургуулийн хаалга нээгдэхийг хоног тоолон хүлээж байжээ. Учир нь тус улсын бага насны хүүхдийн гэрлэлт дэлхийн хэмжээнд 30 хувь эзэлдэг бөгөөд охид бүрэн боловсрол эзэмшиж чаддаггүй. Төрсөн цагаасаа гэрийн ажилд суралцан, эр хүний хэрэгцээ мэт амьдралаар амьдарсан эмэгтэйчүүдийн хувьд сургууль гэдэг эрх чөлөө, уушги дүүргэх цэвэр агаар мэт.

Талибанчууд улс даяар охид, эмэгтэйчүүдийг сургуульд суралцахыг хориглож, эрэгтэй хүнгүйгээр гадуур чөлөөтэй явах боломжийг нь хязгаарласан. Нууцлаг сургуульд явдаг охид гуравдугаар сараас хойш сургуулиа албан ёсоор нээгдэхийг хүлээж байсан ч тэсэлгүй өөрсдөө хичээллэж эхэлсэн байна.

Ангид сууж байсан 19 настай сурагч "Сургууль хаагдаад  хоёр сар болж байна. Бас хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна" гэж хэлээд, нулимсаа барьж ядан алгаараа нүүрээ дарав. Түүний хажууханд суух 15 настай сурагч инээж “Зоригтой байхад л болно. Хэрэв та зоригтой бол хэн ч таныг зогсоож чадахгүй” гэж хэлээд, сэтгүүлчдэд "Афганистан охид үнэхээр зоригтой гэж дэлхий нийтэд хэлээрэй" гэжээ.

Энэ нь биднийг маш их гунигтай болгож байна

Талибанчууд эмэгтэй хүний сурах боломжийг хязгаарласан ч анхан шатны мэдлэг олгох тодорхой хэдэн сургуулиудыг дахин нээсэн байна. Тус сургуулиуд хатуу хараа хяналттай, бага насны эмэгтэй хүүхдүүд суралцах боломжтой. Хөдөө орон нутгаас бага сургуульд суралцах хүсэлтэй хүмүүс олширсон бөгөөд өсвөр насны болон насанд хүрсэн эмэгтэйчүүд мөн нэгдэхийг хүсч байгаа аж. Гэвч шинэ хуулиар өсвөр наснаас дээш эмэгтэй суралцах боломжгүй тул нууцаар хичээллэхээс өөр аргагүйд хүрчээ.

Талибанчууд хамгийн анх “Зөв Исламыг бүрдүүлэх ёстой”гэх пропаганда доор эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн сурах орчныг хувааж байжээ. Гэвч яваандаа одоогийн хуулиа тогтоосон байна. Талибаны албаны хүмүүс "Охидын сургуулийг дахин нээх болно" гэж олон нийтийн өмнө олон удаа илтгэж, эмэгтэйчүүдийн боловсрол тэдний хувьд "эмзэг" асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өмнө нь 1990-ээд онд засгийн эрхэнд байх хугацаандаа "аюулгүй байдлын үүднээс" бүх охидыг сургуульд явахыг хориглодог байв. Олон эх сурвалж "Тус бүлэглэлийн цөөн хэдэн хатуу үзэлтэй боловч өндөр нөлөө бүхий хүмүүс охидын сургуулийг нээхийг эсэргүүцсээр байна" гэж “BBC”-д мэдээлжээ. Нөгөө талд Талибаны зарим  гишүүд охидын сургууль нээхгүй гэсэн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа хувийн байдлаар илэрхийлжээ. Талибаны Боловсролын яам гуравдугаар сард  төлөвлөгөөгөө үгүйсгэв. Учир нь зарим Талибаны албан тушаалтнуудын хувьд охидоо улсдаа боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй байгаа ч хуулийн дагуу боломжгүй аж. Тиймээс тэд охидоо Катар, Пакистаны сургуульд явуулах болжээ.

Үүний адил Талибантай холбоот шашны бүлэглэл охидод сурч боловсрох боломж олгохыг шаардсан байна. Одоогийн байдлаар уг асуудлаар Талибан дотроо талцаж байгаа аж.

Шейх Рахимулла Хаккани бол Пакистаны Пешавар хотын хилийн цаана байрладаг Афганистаны шашны зүтгэлтэн. Тэрбээр талибанчуудын дунд нэр хүндтэй нэгэн бөгөөд өнгөрсөн сард Кабулд айлчлахдаа тэдний засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзжээ.

Шейх Рахимулла Хаккани

Шариатын хуульд эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг зөвшөөрөхгүй гэсэн ямар ч үндэслэл байхгүй" гэж Хаккани “ВВС”-д ярьжээ. Тэрбээр "Бүх шашны номд эмэгтэйчүүдийн боловсролыг зөвшөөрч, заавал биелүүлэх ёстой гэж бичсэн байдаг. Жишээлбэл, Афганистан, Пакистан гэх мэт Исламын орчинд эмэгтэй хүн өвдөж, эмчилгээ хийлгэх шаардлагатай бол эмэгтэй эмчээр эмчлүүлсэн нь хамаагүй дээр" гэжээ. Талибанчууд өнгөрсөн наймдугаар сард засгийн эрхийг авахдаа илүү уян хатан хандана гэж мэдэгдэж байв. Гэвч сүүлийн үед эмэгтэйчүүд нүүрээ халхалж, гэртээ байх ёстой гэх зэргээр хатуу зарлигууд гаргаж буй юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон дагагчтай, Талибаны нэг гишүүн охидын сургуулийг хааж, төрийн албан хаагчдад сахлаа ургуулахыг тушаасан шинэ дүрмийг шүүмжлэн жиргэжээ. Гэвч нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Талибаны тагнуулын хэлтсээс байцаалт авахаар дуудаж, дараа нь жиргээгээ устгаж, сахалтай холбоотой өмнө нь хэлсэн үгэнд нь уучлалт гуйлгуулсан байна.

Сурвалжлагч нарын очсон нууц сургуульд тэд математик, биологи, хими, физикийн хичээлд анхаарлаа төвлөрүүлж, өдөрт нэг эсвэл хоёр цаг хичээллэдэг. Өөр олон охин суралцах хүсэлтэй ч орон зай, нөөц бололцоо хомс, мөн радараас доогуур байх хэрэгцээ шаардлагаас болж бүгдийг сургаж чаддаггүй байна. Багш эмэгтэй энгийн сургуулиуд удахгүй нээгдэнэ гэдэгт итгэлгүй байгаа ч чадах бүхнээ хийхээр шийджээ. Тэрбээр "Боловсролтой эмэгтэй хүний хувьд энэ бол миний үүрэг. Боловсрол биднийг энэ харанхуйгаас аварч чадна" гэж “ВВС”-д ярьсан байна.

Эх сурвалж: BBC. WIKIPEDIA 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж