УИХ дахь АН-ын есөн гишүүн өнөөдөр /2022.5.18/ УИХ-ын даргад Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн дотоод асуудал их бий. Сөрөг хүчин бүлэг маань тодорхой асуудлууд дээр байр сууриа нэгтгэх, бодлогын шийдвэр гаргах нөхцөл бололцоогүй зургаан сар боллоо. Энэ хугацаанд АН-ын бүлэг хуралдахгүй, нэг хоёрхон гишүүн бүлгийн өмнөөс шийдвэр гаргадаг. Гишүүдийн олонх хуралдаа суугаад шийдвэр гаргахаар бүлгийн дарга тухайн шийдвэрийг хүчингүй болгодог байдалтай явж ирлээ. Тиймээс УИХ-д даргад хандаж, бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр шаардлага тавьж байсан ч хуулийн заалт байхгүй гэдэг хариултыг өгдөг. Иймд УИХ дахь намын бүлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгосон хуулийн төсөл өргөн барьж байна.
Хуулийн төслийн үзэл санаа бол олонхын шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы танхимд сонсгоно. Ганц зүйл, заалттай хуулийн төслийг өргөн барилаа” гэж тодотголоо. Ийнхүү бүлгийн даргыг огцруулах маргаан ширүүсч О.Цогтгэрэл нарын гишүүд бүлгийн даргаа авч хаяхын тулд хуулийн төсөл өргөн бариад байна. Харин Д.Ганбатын тухайд бүлгийн даргын ажлаа сайн хийж байгаа, даргын суудлаа өгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Эргэн сануулахад энэ долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаагүй. Тиймээс ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар Д.Ганбатыг огцруулах эсэхийг шийдэх бололтой.
Холбоотой мэдээ