Каннын 75 дахь кино наадам өчигдөр эхэллээ. Украин дахь Оросын дайнд анхаарлаа хандуулсан энэ жил шинэ үеийн кино найруулагчдыг дарангуйлагчтай тэмцэхийг уриалсан Украины ерөнхийлөгч Влодимир Зеленский цахимаар шууд холбогдож мэндчилгээ хүргэв.
Хүндэтгэл болон хөгжмийн дугаарын дараа Мишель Хазанавичиусын "Final Cut " киноны нээлтэд цугларсан үзэгчдэд зориулж Зеленский мэндчилгээгээ шууд дамжууллаа. Зеленский энх тайвны бэлгэдэл болж буй ногоон цамцаа өмссөн байх ба Украины нөхцөл байдлыг Фрэнсис Форд Копполагийн "Апокалипсис одоо" ба Чарли Чаплины "Агуу дарангуйлагч" зэрэг кинонуудаар зүйрлэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед буюу 1940 онд гарсан "Агуу дарангуйлагч" кинонд Чаплины сүүлчийн хэлсэн үгийг Зеленский иш татав. "Хүмүүсийн үзэн ядалт арилж, дарангуйлагчид үхэж, ард түмнээс булаан авсан эрх мэдэл нь хүмүүст эргэн ирэх болно" гэлээ. Мөн тэрбээр кино урлагийг чимээгүй биш гэдгийг харуулах шинэ үеийн Чарли Чаплин хэрэгтэй байна гэж нэмж тэмдэглэв.
Энэхүү дайн нь Каннын кино наадамд тун хамааралтай юм. Өмнө нь Орос болон Каннын наадам зохион байгуулагчид хамтран ажилладаг байсан бол энэ жил тус улсыг оролцуулахаас хориглосон юм. Наадмын үеэр Украины нэрт кино найруулагчдын хэд хэдэн кино, тэр дундаа Сергей Лозницагийн "Мөхлийн байгалийн түүх" баримтат киног үзүүлэхээр болжээ. Литвийн кино найруулагч Мантас Кведаравичюс дөрөвдүгээр сард Мариупольд алагдахаасаа өмнө авсан дүрс бичлэгийг мөн түүний сүйт бүсгүй Ханна Билоброва кино фестивалийн үеэр үзүүлнэ.
Эх сурвалж: Hindustan Times
Холбоотой мэдээ