Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Юн Жэ Сүн 20 жилийн өмнө бичсэн шүлгээсээ болж шүүмжлүүлэв. Түүний шүлгүүдэд насанд хүрэгсдийн агуулгатай зохимжгүй үг хэллэг ашигласан байсан гэдэг үндэслэлээр шүүмжлэлийн бай болсон тул өчигдөр /2022.05.17/ олон нийтээс уучлалт гуйжээ.
“Kyunghyang Shinmun” сонин тавдугаар сарын 13-нд Юны тухай сурвалжлага нийтлэхдээ түүний бичсэн шүлгүүдийг хавсаргажээ. Тухайлбал, түүний нэг шүлгэнд метронд бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлийг эерэгээр дүрсэлсэн байжээ. Тэрбээр метрог хөвгүүдийн эрх чөлөөг баталгаажуулсан газар гэж тодорхойлсон байна.
“Хүмүүсийг гомдоосон бол би уучлалт гуйх нь мэдээжийн хэрэг. Би маргааны төвд байгаагаа ойлгож байна. Хүмүүст ямар мэдрэмж төрж байгааг ч сайн ойлгож байна” гэж тэрбээр парламентын удирдах хорооны хуралдааны үеэр хэлжээ.
Энэ явдлаас өмнө Юн Жэ Сүн нь прокурорын мөрдөн байцаагчаар ажиллах байх үедээ мөн бэлгийн хүчирхийллийн шинжтэй үг хэлсэн удаатай. Прокурорын албанд хамт ажиллаж байсан албан тушаалтан нь түүнийг байнга зохимжгүй үг хэллэгтэй хошигнол ярьж, бодлогогүй тайлбар хийдэг байсан гэжээ.
Тэр байтугай хамт ажиллагсад нь түүнийг “eumdampaeseol” буюу “хоёрдугаар сувгийн шогч” гэж хочилдог байсан гэв. Үүнийхээ төлөө Юн хоёр ч удаа сахилгын шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тухайд Юн зарим мэдээллийг нь худал гэж үгүйсгэхийн зэрэгцээ шалтаг тоочихыг хүсэхгүй байна гэжээ. Хэдийгээр тэр маргаантай үг, үйлдлээрээ олонтоо асуудалд хутгалдсан ч хурдан дэвшсэн байна.
Юн Жэ Сүн нь одоогийн ерөнхийлөгч Юн Сук Ёлыг ерөнхий прокурор байх үед Дээд прокурорын газрын үйл ажиллагааг дэмжих хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэд хамтдаа прокурорын албанд 25 жил ажилласан бөгөөд ерөнхийлөгчийн хамгийн ойрын туслах гэдгээрээ Юн Жэ Сүн алдартай.
Эх сурвалж: YONHAP, THE KYUNGHYANG SHINMUN
Холбоотой мэдээ