Банкны IPO-ны талаар зарим улс төрч, эдийн засагч, шинжээчдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар Лондонгийн хөрөнгийн бирж дээр ажилласан туршлагаасаа яриад, IPO-г яаруу сандруу хийх нь хөрөнгө оруулагчдыг хохироох эрсдэлтэйг анхааруулсан байна:
“Миний хувьд Лондонгийн хөрөнгийн бирж дээр хэд хэдэн IPO гаргаж байсан учраас асуудлыг нь мэднэ. IPO гаргах процесс ерөнхийдөө 3-5 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Тиймээс яг одоо банкны IPO гаргахад бэлэн байдлаа бүрэн хангаагүй, яаруу сандруу бэлдсэн IPO-г банкууд гаргах эрсдэл бодитой байна. Өөрөөр хэлбэл, яарч сандраад бүрэн сайн болгоогүй хоолоо хүнд өгч байгаагаас ялгаагүй зүйл шүү дээ. IPO гаргахад бэлэн болоогүй байж хуулийн хугацаандаа багтахын тулд банкны IPO-г хүчээр гаргачихвал түүнийг нь худалдаж авсан хөрөнгө оруулагчид дараа нь эрсдэл хүлээнэ. Цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Бид хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Учир нь хөрөнгө оруулагчдынхаа итгэл үнэмшлийг төрүүлж байж хөрөнгийн биржээ улам хөгжүүлж, илүү динамик болгох асуудал яригдана.”
(Эх сурвалж: Өдрийн сонины 2022.05.18-ны дугаарт өгсөн ярилцлагаас)
ҮСХ-ийн дарга Б.Батдаваа АНОД, ЗООС банкуудын муу туршлага байдгийг сануулаад, активын чанарын үнэлгээний дараа IPO хийх нь зүйтэй гэж хэлсэн байна:
Б.Батдаваа “Ипотекийн зээл дээр гэхэд иргэд он дуустал хөнгөлөлт авчихсан яваа. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдийн хугацаа дууссаны дараа буюу хойтон жилээс зээлийн чанарын бодит үнэлгээ гарч ирнэ гэсэн үг. Тэр ч утгаараа ОУВС активын чанарын үнэлгээ хийсний дараа том банкуудын IPO-г эхлүүл гэсэн зөвлөмж өгсөн. Элдэв хөнгөлөлттэй ийм үед зээлийн чанар бодит зургаараа гарахгүй, тийм учраас үнэлгээ хийсний дараа IPO гаргах нь хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэрэгтэй гээд байгаа юм л даа. “Анод”, “Зоос” банкны муу туршлагууд бий. Тодруулж хэлбэл хувьцаа гарсны дараа банкууд нь дампуурсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, банкны салбар өнөөхөндөө эрүүл мэндийн хувьд сайн харагдаж байгаа ч болгоомжтой байх үүднээс активын чанарын үнэлгээ хийсэн нь зөв шийдэл” гэсэн байна.
(Эх сурвалж: Өдрийн сонинд 2022.05.18-ны дугаарт өгсөн ярилцлагаас)
ОУВС: Яарч IPO хийсэн тохиолдолд хувьцааг авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй
Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн билээ. Дүгнэлтийг танилцуулж хэвлэлийн хурал хийх үеэр ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи банкуудын IPO буюу хөрөнгийн зах дээр нээлттэй компани болж хувьцаагаа гаргах талаар сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг өгч байв.
Тэрбээр “Аливаа арилжааны банк IPO хийхийн өмнө тайлан балансын хувьд маш сайн, өндөр түвшинд бэлтгэгдсэн, ямар нэгэн асуудалгүй байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Хэт яараад, хуулиар заасан хугацаанд буюу 6 дугаар сарын 30-ны дотор IPO хийнэ гэвэл Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны зүгээс эдгээр банкуудын тайлан балансыг хангалттай хянах хугацаа гарахгүй. Улмаар яарч IPO хийсэн тохиолдолд хувьцааг авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй. Ялангуяа томоохон банкууд IPO-г яг хэзээ хийх вэ гэдгээ бодлогын хувьд маш сайн харах ёстой.
Та бүхний мэдэж байгаачлан сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүндрэлд орж, зээлийн эргэн төлөлтөд доголдол гарсан. Одоо ч гэсэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн түвшиндээ хүрч чадаагүй байна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай.
Төв банкны хувьд Ковид-19-тэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд банкуудад яг өмнөх шигээ биечлэн очиж, хяналт шалгалт хийх боломж хязгаарлагдмал байсан. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сул тал үүссэн байх магадлалтай гэж харж байгаа. Ер нь IPO хийж байгаа гол шалтгаан нь оновчтой цаг хугацааг сонгож, хамгийн өндөр үнэлгээг нэгж хувьцаанд олж авах юм. Түүнээс биш, зүгээр нэг хугацаа заагаад, хийх асуудал биш. Бид сайн банкууд, сайн үнэлэгдсэн хувьцаа гаргаасай гэж хүсэж байгаа. Тийм учраас IPO хийхийн өмнө активын чанарын үнэлгээ (AQR) хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэж байж, маш сайн банкууд, маш сайн хувьцааг хөрөнгийн бирж дээр санал болгоно” гэсэн юм.
(Эх сурвалж: ОУВС-гийн ажлын хэсгээс 05 дугаар сарын 04-ний өдөр хийсэн хэвлэлийн хурлаас)
Холбоотой мэдээ