“Нүдний гэм” болсон ипотекийн зээл

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

“Нүдний гэм” болсон ипотекийн зээл

“Нүдний гэм” болсон ипотекийн зээл

Арилжааны банкуудад  “Ипотекийн зээл авах хүсэлтээ өгсөн ч гарахгүй байна” гэж бухимдсан олон иргэнтэй таарав. Зарим банкууд ипотекийн зээлийн хүсэлт авч буй боловч зээл гарахгүй, маш удаан хүлээлгэж, чирэгдэл учруулж байгаа нь иргэдийн бухимдах гол шалтгаан болжээ. Ипотекийн зээл авахаар хөөцөлдөж буй иргэдийн мэдээлснээр, эх үүсвэр муутай байгаа учир зарим банк энэ төрлийн зээлийг цөөн тоогоор гаргаж байгаа аж. Ихэнх иргэдийн хувьд хүсэлтээ өгснөөс хойш дор хаяж 6, 7 сар, цаашлаад жил хүртэл хугацаагаар хүлээх шаардлага тулгарч байгааг дуулгав.

Нэгэн иргэн өнгөрсөн долоо хоногт "Капитрон" банкинд хандахад “Ипотекийн зээлийн хүсэлт авахаа болиод долоо хонож байна” гэж хариулжээ. "Голомт", "ХААН" банкуудын хувьд зээлийн хүсэлт авч буй ч шийдвэр нь бараг жилээс нааш гарахгүйг хэлсэн байна. "ХАС" банкны ажилтан “Зээлийн хүсэлт авч байна. Гэхдээ шийдвэрлэгдэх хугацаа нь урт байдаг” гэсэн хариулт өгчээ. Зарим банк иргэдээс зээлийн хүсэлт шинээр авахгүй байгаа шалтгаанаа “Өмнөх оны материал хуримтлагдсантай холбоотой” гэж тайлбарлаж байна.

Монголд “ховор” болсон бүхнийг авлига, хээл хахууль дагадаг бичигдээгүй хуультай. Ипотекийн хөнгөлөлттэй зээл үнэндээ танил талаар, цаашлаад авлигаар бүтэж буйг ч хэлэх хүн олон байна. Нэгэн иргэн энэ төрлийн зээлээ бүтээлгэхийн тулд 5 сая төгрөг хахуульд өгснөө аминчлан шивнэсэн юм. Ер нь ипотекийн зээлээ бүтээлгэхийн тулд өгдөг хахуулийн ханш энэ орчимд байгаа дуулдах.

Ипотекийн зээл ийн “гацах” болсонд төрөөс зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан нь сөргөөр нөлөөлж, дараа дараагийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр хангалтгүйд хүрэх гол шалтгаан болж буйг банк, санхүүгийн салбарынхан хэлж байна. Үүний зэрэгцээ иргэд ипотекийн зээлийн талаар ойлголт хангалтгүй байгааг онцлоод, зээл, карт гэх мэт бүтээгдэхүүнүүдийнхээ учрыг ойлгуулах, хангалттай мэдээлэл өгч, мэдлэг олгож байх шаардлагатайг хэлэв.

Байдал үнэхээр хүнд, ипотекийн зээл гацсан эсэх талаар төв банкнаас тодрууллаа. Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байгаа талаар мэдээлэв.  Монголбанкны эх үүсвэрээр тавдугаар сарын 1-нээс 11-ний хооронд 7.9 тэрбум төгрөг, арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум төгрөгийн буюу нийт 15.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 2022 он гарснаас хойш нийт 2300 өрх, 187 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуун “Банкууд зээлдэгчтэй гэрээ байгуулахдаа Монголбанкнаас зорилтот бүлгийн зээлдэгч болон зээлээр худалдан авч буй орон сууцанд тавьсан шалгуур дээр үндэслэн өөрсдийн дотоод журам, зааврыг мөрдөн ажилладаг. Монголбанкнаас банкуудын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хориотой тул зээлдэгчид тавих шаардлага болон худалдан авах орон сууцны нийтлэг шаардлагыг журмаар зохицуулж, тус заалтыг хангасан эсэхийг шалгах эрхтэй” гэж мэдээлсэн билээ.

Статистик мэдээллээс харахад, арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорациас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 5.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 70.9 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 780 (15.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт аж.

Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг.

Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын ипотекийн корпораци (МИК)-ийг байгуулсан.

2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь байхад нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг 6 хувь болгосноос хойш Монголбанкных 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болжээ.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ их мөнгө хаачив гээд хөөвөл хоёр их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар нэг их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ.

Энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсаар атал оны эхний дөрвөн сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байгаа нь асуудал дагуулж буй юм. Монголбанкны 2020 оны гуравдугаар сарын байдлаар 97136 зээлдэгч нийт 4,640.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй байгаагаас хөтөлбөрийн эх үүсвэрээр 72209 зээлдэгч 3,426.3 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж