Хотын хаа сайгүй автобусны буудал бүрд жижиглэн худалдаа эрхлэгчид буюу ТҮЦ байдаг. Түүнээс ашиг олж амьдралаа залгуулдаг иргэд олон. Гэвч хуучирсан, нэгэн хэвийн загвартай ТҮЦ-үүд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэдгийг олон иргэн хэлдэг. Урин дулааны улирал ирж байгаа учир хэн бүхэн орчин тойрныхоо хогийг цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээж байна. Гэтэл олон нийтийн газар болох автобусны буудал дахь ТҮЦ-үүдэд энэ байдал харагдахгүй удаж байна. Автобус хүлээн суугаа иргэд ТҮЦ-нээс ус ундаа, чихэр, тамхи, ширхэгийн кофе, ариун цэврийн хэрэглэл, автобусны карт цэнэглэх зэргээр үйлчлүүлдэг. Өглөө эрт ажилдаа яарсан нэгэнд ТҮЦ эрт онгойчихдог учраас ойр зуурын юм аа авахад хялбар байдгийг ч хэлж байна.
Нийслэлд 1300 ТҮЦ байдгийг албаныхан мэдээлээд буй. Багшийн дээдийн автобусны буудлыг харвал, багшралдсан ТҮЦ-үүдийг харж болох. Зарим нь нотариат, канон байгаа бол зарим нь ус ундаа, халуун уух юм, түргэн хоол зэргээр үйлчилж байна. Хэсэг ажиглавал ТҮЦ-нээс оюутан залуус ширхэгийн тамхи авах нь олонтаа. Бор жижигхэн ТҮЦ-үүд өглөө ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн нээж, шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг гэнэ. Дотроо зай талбай тааруу ч ус ундаа, бэлэн гоймон, резинэн чихэр, үсний боолт, бохь, үзэг бал, түргэн муудах хоол хүнс гээд бүгдийг эгнүүлэн тавьжээ. Сүүлийн хоёр жил цар тахал золгож, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөр ТҮЦ-ээр амь зогоогчдын орлого буурчээ. Ямар сайндаа л ТҮЦ ажиллуулах вэ гэж хэлэх нь ч байна.
ТҮЦ-Д ЧАНАР МУУТАЙ, МУУДСАН БАРАА ЗАРДАГ ГЭДЭГ НЬ ДЭГСТҮҮЛСЭН ЯРИА
Хөдөө аж ахуйн автобусны буудалд мөн л ТҮЦ-үүд багшралджээ. 5-6 ТҮЦ эгнэсэн байх ба ихэнх нь олон жил болж буй гэдгээ хэллээ. Тус байршилд есөн жил ТҮЦ ажиллуулж буй иргэнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.
-Иргэдээс гомдол санал ирж, ТҮЦ-ийг цөөлөх талаар ярьж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Ер нь бидэнд гомдол санал ирдэггүй. Өглөө эрт онгойж, орой хаадаг. Хүүхдийн памперс авах гээд сандраад гүйж явахад ганцхан онгорхой нь ТҮЦ байна шүү дээ. Өөр юу онгорхой байдаг юм. Шөнийн 00:00 цаг гэхэд CU-д памперс ширхэгээр зардаггүй байхгүй юу. Хүмүүсийн нийтлэг худлаа ярьдаг зүйл байдаг. “ТҮЦ-д чанар муутай, муудсан бараа байдаг” гэдэг. Уучлаарай тийм бараа огт байдаггүй. Яагаад гэвэл ТҮЦ-үүд багахан мөнгөөр “эргэдэг” учраас хоногт хоёр удаа бараагаа бэлддэг. Тэгэхээр хугацааг дуусаагүй барааг ТҮЦ худалдаалдаг. Та бүхэнтэй тулж ажиллаж буй хүмүүс бол ТҮЦ эрхлэгчид. Супермаркет, том худалдааны төвүүд барааны шошгийг арилгах, хугацаа нь дууссан бараагаа зардаг зэрэг зөндөө фактууд байдаг. Үүнийг яагаад хариуцсан газар нь ярьдаггүй юм. ТҮЦ олон байгаа нь үнэн. Бид аргатайдаа олон байгаа юм уу. Муудсан бараа зардаг гэдэг нь ганц нэгхэн хүний ярианд дэгстүүлж буй байх. Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед бид өөрсдийн чадлаар амьдарч яваа хүмүүс байхгүй юу. Төрөөс ямар нэгэн татаас, дэмжлэг хүссэнгүй. Гэр бүлийн бизнесээ хийгээд, түмэн олондоо үйлчилж байна.
-ТҮЦ-ийг нурааж, цөөлнө гэвэл та дэмжих үү?
-Яасан гэж нураах вэ. Манай ТҮЦ гэхэд өчнөөн зардал, мөнгөөр боссон, тухайн үеийн Хотын даргын шийдвэрээр бий болсон 12 сая төгрөгийн үнэтэй ТҮЦ. Стандартын дагуу хийгдсэн ТҮЦ юм. Миний хувьд ТҮЦ-нд есөн жил худалдагч хийж байна. Цар тахлын үед бид хамгийн их хохирсон.
-Бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авалт буурч байна. Та бүхний хувьд орлого ямар байна вэ?
-Хүүхдүүд хажуугаар гүйхдээ ээж, аав нь орж ирээд нэг харибо чихэр, ундаатай авдаг байлаа. Одоо тийм юм байхгүй. Орлого маш муудсан. Ганц чупс авч өгвөл их юм. Аргагүй нууж хаагаад тамхи зардагтай болж байна. Халуун өдрөөр ус, ундаа зарж байна. Ямар сайндаа бид мандахын нарнаас эхлэн орой үдэш хүртэл суух вэ дээ. Заваан байдаг ТҮЦ-үүд байдаг байх. Гэхдээ тухайн хүний ухамсар байхгүй юу. Тамхины тухай хуулиар бид сайн торгуулсан. Одоо харьцангуй хяналт шалгалт буурсан.
ӨДРИЙН ОРЛОГОО ТАМХИАР БОЛГОЖ БАЙНА
Цааш явбал өөр нэгэн ТҮЦ эрхлэгчтэй уулзлаа. Жижигхэн зайтай уг ТҮЦ-нд бараа гээд байх зүйл бараг байсангүй. Хэдэн ширхэг ус, ундаа бэлэн гоймон, чихэр шоколад харагдав. Худалдагчаас тодруулбал тэрбээр өөр хүний ТҮЦ-д худалдагчаар сууж буй гэдгээ хэллээ. Үүнээс өөр олигтой ажлын байр олдсон бол энд суухгүй гэдгээ нуусангүй. Тэрбээр “өдрийн орлогоо тамхиар болгож байна. Бусдаар бол орлого үнэхээр муудсан” гэв. Ийнхүү төв зам дагасан олны хөл хөдөлгөөнтэй газрыг зорив. Орой ажил тарах цаг болж байсан тул эндхийнхэн харьцангуй хүн ихтэй байна. Хичээлээ тарсан зарим нь автобус хүлээнгээ ТҮЦ-ээс чихэр, ундаа авч харагдана.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа,үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 74 төрлийн үйлчилгээг онлайн системд оруулж, зөвшөөрлийн гэрээ, батламжийг хүчингүй болгосон. Энэ нь худалдаа, үйлчилгээг эмх замбараагүй явуулж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн байршлуудад иргэн үйл ажиллагаа явуулах эрх нээлттэй. Улаанбаатарын хэмжээнд 1300 орчим ТҮЦ ажиллаж байна. Ирэх сард нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Нийтлэг үйлчилгээний журмыг батлахаар ажиллаж байгаа. Тус журамд ТҮЦ-ийн зохицуулалт багтсан.
74 зөвшөөрлийг хүчингүй болсонтой холбогдуулан иргэд дуртай газартаа ТҮЦ байрлуулж, чанаргүй хүнс, барааг дураараа зарж, борлуулж байгаа талаар мэдээлэл ирж байна. Нийтлэг үйлчилгээний журам батлагдсаны дараа тухайн дүүргийн Засаг дарга ТҮЦ-ийн зөвшөөрсөн байршлуудыг гаргана. Мөн хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчим зэрэг хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршлуудад дураараа байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ. Иймд чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулж байна. Мөн ТҮЦ-нд батлагдсан стандарт байхгүй. Стандартын загвар төсөл боловсруулсан байсан. Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газар эцэслэж батлах байсан ч энэхүү стандартыг эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж гэх мэт хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлаагүй. ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл, хууль тогтоомж одоогоор байхгүй ч Нийтлэг үйлчилгээний журмаараа зохицуулна. Тиймээс ТҮЦ байрлуулах зөвшөөрөлгүй байршилд ажиллаж байгаа ТҮЦ-ийг зөвшөөрсөн байршлуудад нүүлгэн шилжүүлж эхэлнэ. Дүүргүүдийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрсөн байршлуудын талаар мэдээлэл өгч, нүүлгэх шаардлагатай бол мэдэгдэнэ гэж Нийтлэг журмын зохицуулалтад заасан” гэлээ.
Ийнхүү ирэх сараас ТҮЦ эрхлэгч нарыг замбараагүй байдлыг зохицуулж, нийтлэг үйлчилгээний журам гаргахаар ярьж байна. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрөл өгч, шаардлагатай бол нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах юм байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ