Гишүүдийг эргүүлэн татах асуудлыг оруулж ирэхгүй гэж тохирсон уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Гишүүдийг эргүүлэн татах асуудлыг оруулж ирэхгүй гэж тохирсон уу?

Гишүүдийг эргүүлэн татах асуудлыг оруулж ирэхгүй гэж тохирсон уу?

МАН-ын удирдлагууд шударга ёс тогтоохоор Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг "онилж", зээлээ эргүүлэн төлүүлэх ажиллагааг сүр дуулиантайгаар эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлтэй холбоотойгоор УИХ-ын дөрвөн гишүүнийг эргүүлэн татах, зарим зээлдэгч нарыг хорьсон, зарим нь зээлээ эргэн төлсөн гээд олон үйл явдал өрнөв. Энэ хүрээнд УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг хянан хэлэлцэх түр хороо ч байгуулсан.

Хөгжлийн банктай холбоотой хамгийн том дуулиан бол УИХ-ын дөрвөн гишүүнийг эгүүлэн татах прокурорын санал байсан юм. Улсын ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг гишүүдийг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүлсэн. УИХ холбогдох хуулийн дагуу энэ асуудлыг яаралтайгаар хэлэлцэж, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж олонхоороо шийдсэн юм.

"ГАДААД ВАЛЮТЫН ОРЛОГОГҮЙ ЗЭЭЛДЭГЧДЭД СОНГОЛТГҮЙ ЗЭЭЛ ОЛГОСОН АЛДАА ГАРСАН"

Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 38 зээлдэгч 201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Үүнээс 72.6 тэрбум төгрөг нь хэвийн, 90.3 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 39 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл. Банкны удирдлагын зүгээс сүүлийн гурван сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа юм байна. Мөн гадаад валютын орлогогүй зээлдэгчдэд сонголтгүйгээр валютын зээл олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж зээлдэгч ханшийн эрсдэл үүрч байна. Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг тодорхой зааглаагүй, төрөөс хийгдсэн хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас засаглалын хямралд өртсөн гэдгийг Хөгжлийн банкны удирдлага онцолж буй.

Хөгжлийн банкнаас Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг Сангийн яаманд хүргүүлжээ. Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлтэй. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан бөгөөд Монголбанкнаас акт тогтоож, эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн Эрсдэлийн сан байгуулах шаардлагатай байгаа гэнэ. Хөгжлийн банк 2022 онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулах амбицтай. Харин энэ мөнгөөр нь Засгийн газар бондын өр төлнө гэсэн тооцоололтой байгаа. Ийн ажилтай зэрэгцэн хуулийн байгууллага ажлаа хийж буй.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 61 ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр,  Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Хөгжлийн банкны найман албан тушаалтан, аж ахуйн нэгжийн зургаан албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас Хөгжлийн банканд учруулсан нийт хохирлоос 201 тэрбум 287 сая орчим төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, 63 иргэний нийт 682 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 765 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. Түүнчлэн 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарлах арга хэмжээг авсан” гэжээ.

Ийнхүү сүр дуулиантайгаар байгуулагдсан Хянан шалгах түр хороо энэ удаад мэдээлэл авах төдий хуралдаад өнгөрөв. Харин дараагийн удаа нотлох баримттай танилцаж, тогтоол гаргахаар болов. Харин Улсын ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулж ирсэн ч олонхоороо авч үлдсэн учраас дахин оруулж ирэх үү гэдэг асуудал яригдаж буй. Тэгвэл улс төрийн хүрээнд намын удирдлага, парламенттайгаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин оруулж ирэхгүй байхаар тохирсон гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, тэдний эгүүлэн татах асуудлыг оруулж ирэхгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлж шалгах, холбогдсон хүмүүс нь ч өөрсдөө цаг тухайд нь мэдүүлэг, тайлбар мэдээллээ өгөөд явна гэж улс төрийн хүрээнд тохирсон гэх.

Хуулийн байгууллагын зүгээс энэ асуудлыг шалгаж, процессын дагуу шийдээд явна, шаардлагатай бол эгүүлэн татах асуудлыг дахин оруулж ирнэ гэдгийг албан бусаар ярилцсан гэх. Ямар ч гэсэн хаврын чуулганы хугацаанд Хөгжлийн банктай холбоотой буцаан төлөлт, шүүхийн процесс үргэлжлэх нь. Харин дөрвөн гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь МАН-ын дарга нарыг гар дахь "хөзөр" болон үлдэж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж