Банкуудын IPO хугацааг сунгана VS сунгахгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

VS

Банкуудын IPO хугацааг сунгана VS сунгахгүй

Энэ долоо хоногийн VS буландаа банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулж буй талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн бухимдаж, Монголбанкны ерөнхийлөгчийг "ажлаа саналаа сайн дураараа хүлээлгэн өг" хэмээн зандрав. Харин Монголбанкны ерөнхийлөгчийн тайлбарласнаар системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй, хувьцаат компани болгохоор хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн бөгөөд системийн банкууд нээлттэй ХК болгох бизнес төлөвлөгөө, бичиг баримтуудаа МонголбанкСХЗ-д ирүүлэн зөвшөөрлөө аваад буй аж. 


 

Ч.ХҮРЭЛБААТАР:
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА

-Яагаад банкуудын АQR-ийг бэлдүүлээгүй юм бэ. Олон улсын валютын сангийн шаардлагаар хойшлуулж байгаа гэдэг тайлбарыг хэлж байна. Олон улсын валютын сан та нар энэ хуулийн хугацаанд нь багтааж хувьцаа заруулахын тулд АQR-ийг хийлгэсэн байх ёстой. Монголбанк ажлаа хийгээгүй байж байгаад үндсэндээ хойшлуулж байгаа гэж ойлгож байна. Банкны хувьцааг гаргаж олон нийтэд санал болгохын өмнө банк ямар байгааг хүмүүс мэдэхгүй байгаа. Хулхидаад муу банкуудын хувьцааг авах эрсдэл үүсч байна. Тиймээс AQR-ийг та нар урьдчилаад хийлгэсэн байх ёстой байсан. Б.Лхагвасүрэн ажлаа хийгээгүй. Тэгээд УИХ-д орж ирж хугацаа хойшлуулж өг гэдэг юм ярьж байна. Дэндүү хариуцлагагүй байна. Хоёрдугаарт, "Хаан" банкны хувьцаатай холбоотой асуулт бий. “Мета” компани Худалдаа хөгжлийн банкны хооронд гэрээ байгуулагдсан уу, гэрээ бий юу гэдгийг асууж өг гэж зөндөө хандсан. Та нар тайлбар өгөхгүй явсаар зөвшөөрлийг нь өгсөн гэж ойлгосон. “Мета”-ийн бичиг надад байна. “Мета” бол гэрээний тухай юу ч яриагүй байна лээ. Харин Худалдаа хөгжлийн банктай ямар нэгэн гүйлгээ мөнгө шилжүүлсэн зүйл байхгүйг хэлсэн. Ийм байхад та нар яагаад зөвшөөрлийг нь өгчихдөг юм. Б.Лхагвасүрэн чи саналаараа ажлаасаа татгалзсан дээр. Чи 3.4 сая хүний амьдралыг там болгож байна. Бизнесийн аж ахуй нэгж, компаниудад ам.доллар олдохгүй, хулгай хийж, хууль зөрчиж, мөнгө угаах үйл ажиллагаанд оролцож байна. Ингэж болохгүй. ЭЗБХ хийх гээд мэдээлэл хүсч байхад мэдээллийг нь өгөхгүй байлгаж байгаад сая зөвшөөрлийг нь өгчихсөн. Энэ бол хууль зөрсөн үйл ажиллагаа шүү Б.Лхагвасүрээн. УИХ-ын ЭЗБХ, ажлын хэсэгт түй май гэж, салаавч өгч байна. Яасан их эрх мэдэл, бяртай байна аа. Болж байна гэж бодож байна уу.

Б.ЛХАГВАСҮРЭН:
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

-2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгох хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн. Банкууд өөрсдийн бизнес төлөвлөгөө болон бүхий л бичиг баримтуудыг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд өгөөд явж байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд хамгийн сүүлийн санхүүгийн тайланг авах ёстой байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлэн болсон. Улмаар IPO хийх зөвшөөрөл авах хүсэлтийг Голомт банк, Хаан банк ирүүлсэн. Үлдсэн гурван банк удахгүй хүсэлтээ өгөх байх. Асуудал хуулийг дагуу явж байна. Зургадугаар сарын 30-н гэхэд таван банк зэрэг IPO гаргаж амжихгүй. Банкууд IPO гаргах ажиллагааг дэлгүүртэй зүйрлэе.

Дэлгүүрийн хаалга нээлттэй дотор нь бараа бүтээгдэхүүн байгаа ч 21:00 цаг гэхэд бүх барааг зарж дуусахгүй учраас дэлгүүр хаах цагийг сунгаж өгөөч гэж хүсч байна. Активын чанарын үнэлгээг хийх нь зүйтэй гэдгийг Олон улсын валютын сан зөвлөж байгаа. Монголбанкны хувьд бэлтгэл ажлыг хангаад явж байна.Активын чанарын үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг учраас нээлттэй тендер шалгаруулах ажиллагаа явагдсан. Өнгөрсөн хоёрдугаар сард таван компани урилга явуулсан ч нэг л компаниас нааштай хариу ирүүлсэн. Активын чанарын үнэлгээг хийж байгаатай зэрэгцээд IPO-г гаргаж болно. Дараа нь ч гаргаж болно. Аль ч хувилбар болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж