Хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилснаар Уул уурхайн салбараа золиослов уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилснаар Уул уурхайн салбараа золиослов уу?

Хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилснаар Уул уурхайн салбараа золиослов уу?

Төрийн бодлогын шинэчлэл гэдэг тухайн улс орон болоод иргэний эрх ашгийг чухалчлан дээдлэх учиртай. Үгүй бол улстөрчид ч, УИХ ч шинэчлэл нэрийн дор хэлбэр хөөж, хэсэгчлэн сүйтгэх бодлогыг нийтийн эрх ашиг нэрийн дор хуульчлах нь гэм нүгэл болоод гэм буруугийн хэрэг юм.

Ийн тодорхойлохын учир нь Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, дүүрч яваа уул уурхайн салбарынхныг хохироосонд байгаа юм. Учир нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан боловсруулж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамтран ажилласан Хөдөлмөрийн хууль болон хуулийг дагаж мөрдөх журам өдгөө бодит нөхцөл байдалтай зөрчилдөж, дээрх салбарын ажилтан ажиллагсдын эрх ашиг зөрчигдөхөд хүргэж байна. Уг нь тэд хууль боловсруулж, батлуулах үедээ “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн харилцааг зохицуулах их зөв хууль боллоо“ хэмээн тайлбарласан. Ингэхдээ тэд өнгөн талын косметик засварыг чухалчилснаас бус яг амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ гэдэг тухайд нь огтхон ч санаа зовсонгүй. Харин ч бүр эсрэгээрээ нөхөж үл болох хуулийн цоорхойг гаргаж баталснаар дээр хэлсэнчлэн уул уурхайн салбарынхан болон бусад илүү цагаар ажилладаг ажилтан ажиллагсад илүү цагийн цалин хөлсөө бодуулах, зохих ёсны урамшууллаа авах боломжгүй болсон байна. Энэ нь жинхэнэ утгаараа Хөдөлмөрийн хуулийн цоорхойг ашигласан хөдөлмөрийн мөлжлөг атал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуульд засвар хийх, шинэчлэн боловсруулах тухай асуудлыг хөндөж тавихгүй, хаалгаа хаагаад ажин түжин суугаа нь юуны учир вэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ч мөн адил уул уурхайн салбарт гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэхгүй, гэм хоргүйн жүжиг дэглэж, уурхайчид руу бурууг чихсэн шигээ нам жим гөжиж байх жишээний. Тэгвэл хуулиар баталгаажсан хөдөлмөрийн мөлжлөг хэрхэн эхэлсэн бэ. Асуудлыг тодорхой тайлбарлая.

Хөдөлмөрийн хууль 2021 оны долдугаар сард батлагдсан. Гэтэл энэ хугацаанд хууль дагаж мөрдөх журам боловсруулах гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүтэн таван сар хүлээлгэсэн. Дараа нь, журмаа арайхийж боловсруулахтайгаа зэрэгцэн Цалин тогтоох аргачлалыг боловсруулах гэж дахин хоёр сарыг авсан. Энэ хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо удаа дараа гурван талт хэлэлцээр хийх, ажлын хэсэг гаргах санал тавьсан. Гэсэн ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэг удаагийн уулзалтаар харилцан ярилцах саналыг аргацаасан болж, журам болон аргачлалыг боловсруулсан. Ингэснээр Хөдөлмөрийн хуулийн хамгийн гол шинэчлэл болж өгсөн Уртын ээлжийн тухай заалт амьдралд хэрэгжихдээ ажилчдын эрх ашгийг зөрчих гол хуулийн хүчин зүйл болж хувирсан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд уртын ээлж буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амрах заалтыг зүй ёсоор оруулсан ч дагаж мөрдөх журам, цалингийн аргачлалд 14 хоногийн цалинг хэрхэн тооцох, илүү цагийн үнэлгээг олгох зэргийг ор тас орхигдуулсан. Энэ нь ажил олгогчдын хувьд бүрэн дүүрэн өгөөш бөгөөд “Хөдөлмөрийн хуулийн дагуу та нарыг 14 хоног амрааж, 14 хоног ажиллуулсан” гэдэг тайлбараар ажилласан 14 хоногийнх нь илүү цагийн хөлсийг бодохоос татгалзсан байна. Үүний хор уршгаар уурхайчдын цалин өнөөдрийн байдлаар 25-50 хувиар буурсан байгаа. Тэд мөн 14 хоногт Хөдөлмөрийн хуулиар өдөр бүр найман цаг ажиллах ёстой ч тогтмол 12 цагаар ажиллах болсон. Энэ нь “Та нар 14 хоног амардаг биз дээ” гэсэн хөрөнгө оруулагч, эздийн жинхэнэ ёсны шахалт. Гэтэл энэ нь Хөдөлмөрийн хуулиар бол зүй ёсны хууль зөрчсөн зөрчил бөгөөд тэд өдөр бүр дөрвөн цаг илүү ажилладаг гэсэн үг. Тэгсэн хэрнээ илүү цагийн хөлс урамшуулал авах боломжийг нь Хөдөлмөрийн хуулийг дагалдан гаргасан журмуудаар үгүй хийчихсэн нь энэ.

Гол нь, нөхцөл байдлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэхгүй биш мэдэж байгаа. Үүнийг А.Ариунзаяа сайдын “Зарим нь үндсэн цалингаа бууруулахгүй хэвээр олгож байгаа бол зарим нь бүр шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувиар цалин нь нэмэгдсэн байсан. Зарим нь 25 хувиар буурсан” гэсэн үг нотолно. Гэхдээ түүний энэ үгнээс нэмэгдсэн гэдэг нь худлаа, буурсан гэдэг нь харин үнэн. Монгол Улсын хөдөлмөрийн харилцааг бодлогоор зохицуулах ёстой салбар хариуцсан сайд энэ үгийг хувийн сошиал хаягаараа тайлбарласан болсон. Нөгөө талд Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Уртын ээлж 14:14 хоног болж буурсан нь ажилчдын бодит цалин хөлс буурах шалтгаан болсон. Ажилчдын тавьж байгаа асуудал үндэслэлтэй. Хэрэв энэ асуудалд олон улсын жишиг ярьж байгаа бол бусад улс орны уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлсийг монгол ажилчдынхаа цалин хөлстэй харьцуулж харах ёстой. Оффис дээрээ ажиллах, хээрийн нөхцөлд ажиллах хоёр өөр зүйл. Хөдөлмөрийн хуулийн 120.3-д Ажил олгогч ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн болгох хүртэл хугацаанд ажилтны ажлын цагийг богиносгох, нэмэгдэл амралт, хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл олгох зэрэг шаардлагатай түр арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн авна гэсэн заалт байдаг. Дээрх асуудлыг шийдэх хүрээнд эхлээд хамтын гэрээнд нь заалтыг нь оруулаад өгвөл яасан юм бэ” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Мөн уурхайчид ч “Уурхайн ажилчдыг жирийн оффисийн ажилтан болон гэртээ байж ажил хөдөлмөр эрхлэж байгаа ажилтны нөхцөлтэй адилтган үзэж, бидний хөдөлмөрийн харилцааг зохицуулж болохгүй. Өдөрт 12 цаг уурхайд ажиллана гэдэг өөрөө хүнд хүчир амаргүй ажил. Ажлын байрны орчин нөхцөл, дуу чимээ, тоос тортог, хүнд хүчир нь амаргүй. Ийм нөхцөлд ажиллаж байгаагийн хувьд илүү цагийн хөлсөө авах нь бидний эрх байх ёстой” гэдгийг удаа дараа сануулсан. Иймд нөхцөл байдлыг эргэн харж, хөдөлмөрийн мөлжлөгийг хуульчилсан журам, аргачлалуудаа эргэн харж, шинэчлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад, Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч дүүрч яваа уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сайдаас хүсье. Эс бөгөөс хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэд ажил хаяж, уул уурхайн салбар сул зогсоход ойрхон байна. Учир нь, тэд хөдөлмөрийн мөлжлөгийг эсэргүүцэх эрхтэй ч, үүрэгтэй ч.

Б.Бат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж