Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо “Найман шарга” валют арилжааны төвийн хойно байрлах барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хамгаалалтын хашаа иргэдийн өмч дээр унаж, нурсан асуудал үүссэн. Одоогоос гурав хоногийн өмнө тус үйл явдал болсон бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс хашаа нийтийн эзэмшлийн талбай, зам руу унасан байна. Тухайн үед автозамаар хүүхдүүд зорчиж явсан бөгөөд иргэд машинаа түр хугацаанд тавьсан байжээ. Харин хашаа унах үеэр хүүхдүүд зугтаж амжсан бөгөөд машины дээр унаж хохирол үүсгэжээ.
Барилгыг “Инэл” ХХК хариуцаж байгаа аж. Тус газарт эрүүл мэндийн төв барих учраас ХАБ зөрчсөн ч барилгын үйл ажиллагааг одоо хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан эсэх талаар асуухад “Барилгын ажил 12 хоногийн өмнө эхлэсэн. Хашааны хувьд төмрөөр зангидаж, тулгуурласан бэхэлгээтэй хашаа байсан. Бэхэлгээ муу байснаас хашаа нурсан. Ямартай ч хохирлыг барагдуулж, барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэв. Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа хэсгийн ойролцоо амьдардаг оршин суугчид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Тодруулбал, явган хүний замыг хааж, бэхэлгээний төмөртэй хашаа хаасан. Нийтийн эзэмшлийн талбайг тагласан атал шөнийн цагаар барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа зэрэг гомдол хүргүүлжээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийн гомдлын дагуу шалгаж байгаа аж.
Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх асуудалтай холбоотойгоор ямар хариуцлага тооцохыг тодруулахад "Хашаа нурж, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн асуудалд иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалт хийсэн. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт барилга буулгалтын ажил явагдаж байхад оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд халдсан зэрэг асуудал үүссэн.
Хяналт шалгалт хийхэд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр олгосон барилга буулгалтын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй “Инэл” ХХК үйл ажиллагаа явуулж байсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгатай барилга буулгалтын ажил гүйцэтгэж байсан компанид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай зааварчилгаа өгч ажилласан. Өөр ямар нэгэн хариуцлага тооцоогүй” гэсэн юм. Иргэдийн зүгээс хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг цахим хуудаст болон оршин суугчдын группэд илэрхийлжээ.
Холбоотой мэдээ