УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.17) Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг болохыг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болгожээ. Энэ хүрээнд:
- Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
- Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
- Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцсон байна.
"Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам"-д "Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай нэвтэрнэ" гэж заажээ.
Энэхүү уулзалтын дүнд Төрийн ордонд пүүз хүртэл ОК болсон талаар эх сурвалж мэдээлэв. Хоёр жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон 76 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулан өгөх үеэр одоогийн УИХ-ын гишүүн Т.Доржханд пүүзтэй ирж, дуулиан тарьсан байв.
Саяхан Төрийн ордон руу орж танилцах гэсэн арван жилийн сурагчдыг "Пүүзтэй байна" гэх шалтгаанаар нэвтрүүлээгүй талаар өнгөрсөн амралтын өдөр нэгэн ээж сошиал хуудастаа бичиж, "шуугиан" тарьсан билээ.
Иргэд энэ байдлыг шүүмжилж, "Төрийн албан хаагчид нь л ордонд "дресс код"-оо дагадаг байя. Бусад хүн энгийн чөлөөтэй хувцастайгаа орж болдог журамтай болчихвол асуудал шийдэгдэх биш үү. Төрийнхөө ордонд орж байгаа юм чинь шавар шавхай чирээд, навсайж нэвсийгээд орохгүйгээ эгэл ард чинь бас мэднээ, мэднэ" гэцгээж байв.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Д.Цогтбаатар нарын бидний хэдэн гишүүд яг энэ асуудлаар төсөл өргөн барьсан" хэмээн жиргэсэн. Ямартай ч ойрын хугацаанд Төрийн ордонд мөрдөх хувцасны стандарт журам албан ёсоор өөрчлөгдөх нь.
Холбоотой мэдээ