Ши Жиньпин дахин сонгогдож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин дахин сонгогдож чадах уу?

Ши Жиньпин дахин сонгогдож чадах уу?

Хятад улсад цар тахлын шинэ давалгаа нүүрлэсний улмаас “covid-19-ийг тэглэх” бодлогын дагуу дахин хатуу хөл хорио тогтоож, эдийн засгийн томоохон уналтад ороод буй. Энэ цөвүүн цагт Ши Жиньпин удирдагч нөхцөл байдлыг буруу удирдсан гэх шуугиан дэгдэж, үүнийг дагалдаад түүнийг албан тушаалаасаа огцорч магадгүй гэсэн таамаглал гарч ирэв.

Ши Жиньпин огцорч магадгүй гэсэн цуу яриа Хятадын Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдааны дараа гарч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таржээ. Цаашлаад Канад улсад амьдардаг нэгэн блоггерийн хийсэн бичлэг уг цуу яриаг улам дэвэргэсэн байна. Түүний хэлснээр, оны сүүлийн хагаст болдог намын хурлаар одоогийн ерөнхий сайд Ли Көцян нам, засгийн газрын өдөр тутмын удирдлагыг гартаа авна гэжээ.

ЦАР ТАХЛЫН БУРУУ БОДЛОГО

Covid-19 халдварын тархалтыг таслан зогсоохын тулд Ши Жиньпин дарга хатуу бодлого баримтлахын сацуу уг бодлогыг эсэргүүцсэн, эргэлзсэн хүмүүстэй шийдвэртэй тэмцэхийг тушаасан. Гэсэн хэдий ч өргөн цар хүрээтэй хөл хорио нь улс даяар бизнес эрхлэгчдэд саад учруулж, эдийн засаг, нийгмийн хөгжилд тушаа болж буй нь үнэн. Хятадын өндөр албан тушаалтнууд ч үүнийг баталж буй. Тухайлбал, Хятадын Коммунист намын төв хорооны Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Хань Вэньсиу хэлэхдээ, “Тахал өвчнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, эдийн засгийг тогтвортой байлгаж, улс орны хөгжилд саад бололгүйгээр дарах ёстой” гэжээ.

Цар тахлын хатуу хязгаарлалт нь дэлхийн хамгийн том нийлүүлэлтийн сүлжээг анх удаа тасалдалд хүргэв. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй буурсаар, 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байна.

Шанхай хотод хөл хорионы хугацаа сунгагдсаар байгаа тул хөрөнгө оруулалтын банкуудын шинжээчид тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдны талаарх таамаглалаа бууруулжээ. Юанийн ханш дөрөвдүгээр сард дөрвөн хувиар буурсан нь сүүлийн 28 жилд байгаагүй том уналт болсон байна. Энэ нь цаашлаад дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ч нөлөөлж болзошгүй юм. Эдгээр шалтгааны улмаас Хятадын ард түмэн удирдагчдаа, түүний засалалд итгэх итгэлээ алдсан гэж “Economic times” хуудас мэдээлжээ.

КОММУНИСТ НАМ БА ШИ ЖИНЬПИН ХООРОНДЫН ТАЛЦАЛ

Хятадын коммунист нам болон Ши Жиньпин удирдагч хоорондоо талцсан тухай нотолгоо цөөнгүй байдаг аж. Тухайлбал, саяхан Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишань Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явсан. Тэрбээр Ши Жиньпиний тусгай элчийн хувиар айлчилсан. Гэсэн хэдий ч цаагуураа энэ нь Ван Чишань засгийн эрхийг гартаа авах гэж буйн дохио гэж ажиглагчид үзжээ. Гадаад улсуудад болсон тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалтан энэ мэт оролцож байсан тохиолдол ховор байдаг аж. Тиймээс энэ айлчлалыг тун ховор, онцгой гэж тооцож байна.

Түүгээр ч зогсохгүй, Ван Чишань Өмнөд Солонгосчуудад мэндчилгээ дэвшүүлэхдээ Ши Жиньпиний талаар огт дурдаагүйг харуулсан засварласан бичлэгүүд цахим сүлжээгээр таржээ. Харин засварлаагүй жинхэнэ бичлэгт Шигийн талаар дурссан байсан. Хэдийгээр уг бичлэг засвартай байсан ч Коммунист нам дахь Ши Жиньпиний өрсөлдөгчид энэ эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байна. Ямартай ч тэрбээр төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед бараг үзэгдээгүй гэдгийг “Global news” хуудас онцлов.

Хятадын коммунист залуучуудын эвлэл байгуулагдсаны 100 жилийн ой саяхан болсон. Энэхүү баярын хурал дээр Ши Жиньпин үг хэлсэн боловч даацтай томоохон илтгэл ойрд тавиагүй нь түүнийг намдаа хяналтаа алдсан байж болзошгүйг илэрхийлнэ. Түүнчлэн, 100 жилийн ой дээр үг хэлэхдээ урьдчилан бэлдсэн текстийг уншсан ба баяр ёслол болж буй шинжгүй байсан гэжээ.

ОЛОН УЛСТАЙ СӨРГӨӨЦӨЛДӨЖ БУЙ ХЯТАД

Нөгөөтэйгүүр, Ши Жиньпин Хятад улсыг томоохон дайнд татан оролцуулж байгаа гэхэд болно. Тэрбээр Өмнөд Хятадын тэнгис, Гималайн нурууны бүс нутагт АСЕАН болон Энэтхэг улсуудтай зөрчилтэй байна. Түүнчлэн, засгийн эрхийг барьсан бүх л цаг үеийнхээ туршид дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болох АНУ-тай сөргөөцөлдсөөр иржээ. Ийнхүү Хятадыг олон улстай сөргөөцөлдсөн нөхцөл байдалд оруулсан тул өрсөлдөгчид нь түүнийг унагахыг эрмэлзэж буй бололтой.

Өдгөө Путины түрэмгийллийг олон улс эсэргүүцэж, хориг арга хэмжээ авч буй хэдий ч Хятад улс Оросын талыг баримталсан байр суурьтай байсан. Орос, Украины дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Бээжингийн өвлийн олимпийн үеэр Ши, Путин нар хоёр улсын хязгааргүй түншлэлээ баталгаажуулсан билээ.

АНУ болон Европын холбооны зүгээс өнгөрсөн Бямба гаригт Орост шаардлага тавих талаар Бээжинд уриалга хүргүүлсэн. Энэ нь анхны удаагийнх ч бус өмнө нь мөн л Кремльд эдийн засаг, цэргийн тусламж үзүүлэхгүй байхыг анхааруулж байжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украин дахь дайны галыг зогсоох тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хамтын зорилго тавьсан гэж мэдэгдсэн. Гэтэл, Хятад улс энэ мэдээллийг баталгаажуулаагүйгээр үл барам барууны орнуудыг Украинд зэвсэг илгээж байна гэж шүүмжилжээ.

Түүнчлэн, “Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нар Германд болсон уулзалтынхаа дараа Хятадад ер бусын хатуу мэдэгдэл илгээв. Энэ нь Тайваньд Хятадын цэргийн дарамт шахалт ихсэж буйтай холбоотойгоор энх тайван, тогтвортой байдлыг уриалсан утгатай мэдэгдэл байжээ.

ЯДАЖ ЯВАХАД ЯР

Ядаж явахад яр гэгчээр Ши Жиньпинийг тархины аневризм өвчтэй гэх мэдээлэл мөн тархав. Хятадад Covid-19 анх дэгдсэнээс хойш Ши Жиньпин гадаадын удирдагчидтай огт биечлэн уулзаагүй. Шэньжэнь хотод 2020 онд олны өмнө үг хэлэхдээ тэрбээр царай алдаж, удаан ярьж, ханиалгах шинж тэмдэгтэй байжээ. “ANI” агентлагаас мэдээлснээр, өдгөө 68 настай удирдагч 2021 оны сүүлээр эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл байна.

Тархины аневризм гэдэг нь тархины судсанд цүлхэн үүсэхийг хэлдэг аж. Цусны судсыг зөөлрүүлж, аневризмыг нь агшаах мэс засал байдаг боловч Ши Жиньпин уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэхийг илүүд үзэж байна.

Ийнхүү цар тахлын хатуу бодлого, нам доторх хагарал, олон улсын сөргөлдөөн, эрүүл мэндийн байдал зэрэг олон шалгууртай тулгараад буй Ши Жиньпин ирэх аравдугаар сард болох Хятадын коммунист намын ээлжит хурлаар суудалдаа тогтож үлдэх эсэх нь шийдэгдэнэ.

Эх сурвалж: ECONOMIC TIMES, GLOBAL NEWS, REPUBLIC WORLD, POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж