"Гадаадын хөрөнгө оруулалт татахад эрх зүйн орчин тогтворгүй байдаг"

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

"Гадаадын хөрөнгө оруулалт татахад эрх зүйн орчин тогтворгүй байдаг"

"Гадаадын хөрөнгө оруулалт татахад эрх зүйн орчин тогтворгүй байдаг"

Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны санхүүжилт, "Адам интернейшнл" байгууллагын гүйцэтгэсэн “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгааны  дүнг танилцуулах  хэлэлцүүлэг өнөөдөр /2022.05.17/ боллоо.

Уг судалгааны зорилго нь Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох байлаа. Судалгааг 2021 оны арав, арваннэгдүгээр сард хийсэн бөгөөд Канадын "Фрэйзер" институтийн жил бүр гаргадаг уул уурхайн салбарын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.

Судалгааны дүнгээс үзэхэд, Гадаадын хөрөнгө оруулалтын татахын тулд хамгийн том асуудал нь хууль эрх зүйн орчин. Хөрөнгө оруулагчийн маргааныг шийдвэрлэх механизм дутагдалтай, хугацаа ихээр алддаг,  эрх зүйн зохицуулалтын орчин тогтвортой бус, тодорхойгүй,  хууль хоорондын зөрчилтэй тусгай зөвшөөрөл олгох үйл явц боловсронгуй бус зэрэг асуудлууд хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаанд оролцогчид онцлон дурджээ.

Мөн Монгол Улс нь уул уурхайн арвин нөөц, баялагтай, дэлхийн хамгийн том хэрэглэгч улстай хил залган оршдог, интернэт, үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээ сайн, залуу чадварлаг боловсролтой боловсон хүчинтэй зэрэг давуу талтай хэдий ч авлигын түвшин өндөр, улс төрийн тогтворгүй байдал, төрийн уул уурхайн орлогын менежмент сул, дэд бүтэц дутмаг зэрэг сул талуудыг судалгаанд дурдсан байна. Судалгааны дүнд суурилан цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар төр, хувийн хэвшил, олон улсын болон олон нийтийн байгууллагууд санал солилцов.

Гадаадын хөрөнгө оруулалтын орчны судалгааны гишүүн Л.Бямбаа:

-Канад улсын "Фрэйзер" институтийн жил бүр гаргадаг уул уурхайн салбарын судалгаанд Монгол Улс 2017 оноос хойш ороогүй байгаа. Түүнээс хойш Монголын уул уурхайн салбар сайжирч аль эсвэл муудсан уу гэдгийг бид бүхэн судалсан. Судалгаагаар нийлүүлэлтийн талын хүчин зүйлсэд Монгол Улс сайн үнэлгээ авсан боловч бодлого зохицуулалтын үнэлгээ тал дээр тааруу гэсэн дүгнэлт гарсан.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ РУУ ОРЖ ИРДЭГ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:

-Уул уурхайн салбар бол гадаадаас орж ирж байгаа шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувийг, эдийн засгийн 25 хувь, экспортын 90-95 хувийг дангаараа бүрдүүлдэг тулгуур эдийн засгийн салбарын нэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засгийн хөгжил тэлэлтэд шууд нөлөөлдөг. Энэхүү таван жил хийсэн судалгааны үр дүнд хөрөнгө оруулагч талын зүгээс уул уурхайн нөөц баялгаас гадна геологийн мэдээлэл авахад харьцангуй хялбар давуу талтай гэсэн байна. Хамгийн том сул тал нь хууль эрх зүйн орчин нь хоорондоо зөрчилтэй татварын байнга өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал нь сул тал болж байна гэж дүгнэсэн байна.

Уул уурхайн салбар нь гадаадын хөрөнгө оруулалт татах дээр манлайлж ажиллах ёстой. Хайгуулын салбар лиценз олголт дээр бас маш муу үр дүн үзүүллээ. Энэ асуудлыг цаасаар өгдөг байсныг 100 хувь цахимжуулсан ил тод нээлттэй зарчмаар байлгахаар ажлыг энэ тавдугаар сард эхлэх гэж байна. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль Монголын засгийн газраас шинэчилсэн найруулга хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэхүү судалгааны үр дүнг Засгийн газрын ажлын хэсгийн ахалж байгаа ХЗДХЯ-д бид бүхэн албан ёсоор танилцуулна.

Б.ЭНХСАНАА

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж