ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаан 11 цаг 22 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлэв. 

Гишүүдийн зүгээс олон улсын хэлэлцээрт нэгдэн орсноор автомашинд суурилуулах хяналтын төхөөрөмжийн үнэ өртөг, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх холбогдох байгууллагын үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тодруулахын зэрэгцээ дотоодын тээвэрчдэд автомашиндаа хяналтын төхөөрөмж суулгах шаардлага тавих эсэхийг илүүтэй лавлаж байлаа. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд,  хэлэлцээрт нэгдэн орсноор дижитал хяналтын төхөөрөмжийг олон улсын тээвэр хийх машин бүрд суулгаснаар тухайн жолооч хэдэн цаг машин жолоодож, хэдэн цаг амарч, хэр хурдтай давхисан зэргийг нь алсын зайнаас хянана. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Автотээврийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй тул хяналтын асуудлыг хуулийн төсөлд нэмж оруулсан хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр, 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудад ийм хяналтын төхөөрөмжүүд байдаг. Хэрэв төхөөрөмжгүй бол худалдан авч, машиндаа суурилуулах шаардлага тавина. Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд олон улсын конвенцод нэгдэн ороход хяналтын төхөөрөмжийг зайлшгүй суулгахаас өөр аргагүй гэж байлаа. Түүнчлэн олон улсад тээвэр хийх машинуудыг Автотээврийн үндэсний төв алсын зайнаас нэгдсэн удирдлагаар хангаж байгаа тул нэмэлт зардал гарахгүй. Хэлэлцээрт нэгдэн орсны дараа эрх бүхий байгууллагад хяналтын төхөөрөмж оруулж ирэх эрхийг олгоно. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээвэрчдийн гишүүн байгууллага тул хяналтын төхөөрөмжийг оруулж ирүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Харин Автотээврийн үндэсний төв дээр итгэмжлэгдсэн лабораторийг байгуулаад хэдэн жил болж байгаа тул тэнд хяналтын төхөөрөмжийн засвар, баталгаажуулалтыг хийнэ. Конвенцын хүрээнд хяналтын төхөөрөмжийг оруулж ирэх, баталгаажуулалтыг хянах, хариуцах гээд зайлшгүй шат дамжлагыг бий болгохоос өөр аргагүй гэж байлаа. 

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариултдаа, дотоодын тээвэрлэгчдэд ч хяналтын төхөөрөмж суулгаж, конвенцыг мөрдүүлнэ. Ялангуяа алсын тээвэр хийж байгаа жолооч нар ажил, амралтын дэглэм мөрддөггүй нийтлэг дутагдалтай. Тиймээс тэдний хөдөлгөөний аюулгүй байдал болон тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг хангахын тулд хяналтын асуудлыг үе шаттайгаар шийднэ гэдгийг онцолсон. 

Ингээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, С.Бямбацогт нараас гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нараас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэнЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж,  төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хийв. 

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдээс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурал 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нар ажиллалаа. Ажлын хэсэг хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсгийн гишүүд, Монгол Улсын прокурорын ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон иргэдийн төлөөлөл оролцож, санал, шүүмж хэлсэн болно.

Ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан бөгөөд уг хуралд төсөл санаачлагч болон Монгол Улсын прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөллүүдийг оролцуулан хуулийн төсөлтэй холбогдуулан шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах талаар, төслийн нэр томьёог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэх зэрэг саналыг хэлэлцэж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэн томьёолсон гэж байлаа.

Дараа нь хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хуралдааны төгсгөлд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Зөрчлийн хуулийн төсөл дээр төрийн хяналтын байгууллагуудын лоббиноос ангид, иргэдийн нүдээр харж ажиллахыг хүсэхийн зэрэгцээ Засгийн газрын өргөн барьсан төсөлд татварын  байгууллагынхан өөрсдийнхөө зөрчлийг хяналтаас гаргасан байгааг анхаарч, татварын зөрчлийг төсөлд тусгах шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв. 

Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж