Сербийн нийслэл Белград хот өчигдөр /2022.05.16/ тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэсэн заналхийлэлд өртжээ. Сургууль, гүүр, худалдааны төв, зоогийн газар, амьтны хүрээлэн, хөл бөмбөгийн талбай зэрэг газруудад тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүйн улмаас ачаалал ихтэй оргил цагаар хотын хөдөлгөөн зогсонги байдалд орсон байна.
Цагдаагийнхан 90 гаруй удаа тэсрэх бөмбөг илрүүлэхээр хайсан боловч олдоогүй аж. Цахим шуудангаар ирсэн заналхийллийн ард хэн байгаа нь тодорхойгүй байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ОХУ-ын Элчин сайдын яамны байранд ч тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэжээ.
Аюул заналхийлсний дараа 100 орчим бага сургууль, худалдааны төв, амьтны хүрээлэн, нисэх буудал, галт тэрэгний буудал болон хэд хэдэн зоогийн газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Цэнгэлдэх хүрээлэнд нэгжлэг хийсэн тул тухайн үед болж байсан хөлбөмбөгийн тоглолтыг ч мөн хойшлуулсан байна.
Сербийн Тэргүүн шадар сайд Бранко Ружич хэлэхдээ, “Хэдийгээр энэ нь худал сүрдүүлэг мэт санагдаж байгаа ч бид хөнгөн хуумгай хандаж болохгүй” гэв. Учир нь “Air Serbia” компани ч мөн сүүлийн саруудад Москва руу нисэхдээ хэд хэдэн удаа ийм заналхийлэлд өртжээ. Туркийн агаарын тээврийн компаниудыг эс тооцвол, “Air Serbia” нь барууны нислэгийн хоригийг үл харгалзан Орос руу тогтмол нислэг үйлдэж буй Европын цорын ганц компани юм.
Дашрамд дурдахад, Серби нь Кремлийн эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ аваагүй Европын цөөхөн хэдэн орны нэг юм.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ