Дэлхий дээр хүнсний нийлүүлэлт ОХУ, Украины мөргөлдөөн үүсэхээс өмнө буюу 2020 оны дунд үеэс доголдон, үнэ нь тасралтгүй нэмэгдсээр байна. Тодруулбал, олон улсад ган гачиг, их хэмжээний хур тунадас зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал болон Covid-19 цар тахлаас үүдэлтэй тээвэр логистикийн саатлаас шалтгаалж хүнсний үнэ мөргөлдөөнөөс өмнө сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрээд байгаа билээ.
Нийлүүлэлт тогтворжоогүй үед хоёр орны хооронд мөргөлдөөн үүссэн нь дэлхий нийтээр хүнсний нийлүүлэлтийн доголдол улам даамжрах, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдүүлэв. Энэ нь дэлхий дахины эмзэг бүлгийн ард иргэдэд илүү хүндээр тусч, өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэж болзошгүй иргэдийн тоо огцом нэмэгдэх эрсдэл бодитоор нүүрлэж, дэлхийн эдийн засгийн ноён нуруу бөгтийж байгаа талаар гаднын экспертүүд онцолж байна.
ОХУ, Украин улсууд дэлхийд ургамлын тос, улаанбуудай, эрдэнэшиш зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа тус хоёр орны мөргөлдөөний улмаас олон улсын эдийн засагт өрнөж буй онцлох үйл явдлуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
УЛС ОРНУУДЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ ХОМСДОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛОВ
Статистик мэдээллээр, Украин улс дэлхийн наранцэцгийн тосны 49.6 хувийг, улаан буудайн 10 хувь, арвайн 12.6 хувь, эрдэнэшишийн 15.3 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Дайн эхэлснээс хойш Хар тэнгисийн бүс нутгаас экспорт тасалдаж, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал нэмэгдсээр байна.
Тус хоёр орон нь дэлхийн бордооны чухал үйлдвэрлэгч бөгөөд ихэвчлэн бага болон дунд орлоготой, ард иргэд нь хүнсний дутагдалд орж болзошгүй Ойрхи Дорнод, Зүүн Ази, Хойд Африкийн олон улс орныг хангадаг хүнсний томоохон экспортлогч билээ.
Украин улс ядуу орнуудыг хүнсээр хангадаг НҮБ-ын Хүнсний хөтөлбөрт хямд өртгөөр улаанбуудай нийлүүлэгч хоёрдогч том орон. Мөргөлдөөнөөс хойш өнөөдрийг хүртэл Хар тэнгис болон Азовын тэнгис дэх боомтууд хаалттай, Украины экспорт зогсонги байдалтай байгаа бол ОХУ-ын дийлэнх бүтээгдэхүүний экспорт барууны орнуудаас тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд хязгаарлагдсан байдалтай байна.
ОХУ, Украинаас экспортлож буй дээрх хүнс нь анхдагч бүтээгдэхүүнүүд гэдэг утгаараа нийлүүлэлтийн гинжин хэлхээнд илүү өндөр ач холбогдолтой. Одоогийн байдлаар улаанбуудай, наранцэцгийн үр импортлон авч, талх, паста, гурил, хүнсний тос зэрэг эцсийн бүтээгдэхүүн боловсруулж буй Турк, Египет, Арабын Нэгдсэн Эмиратын хүнсний үйлдвэрлэлд шууд сөргөөр нөлөөлж буй аж. Цаашлаад эдгээр эцсийн бүтээгдэхүүнийг импортлогч Ливан, Тунис, Йемен, Ливи, Пакистан, Бангладеш зэрэг улс орнуудын хүнсний хэрэглээ хомсдох нь цаг хугацааны асуудал болжээ.
Украины газар тариалангийн үржил сайтай ихэнх бүс нутгийг ОХУ хяналтдаа оруулаад байна. Түүнчлэн ОХУ мөргөлдөөнөөс урьтаж дэлхийд тэргүүлэх улаанбуудай импортлогчдын нэг БНХАУ-тай хөдөө аж ахуйн салбарт томоохон гэрээ үзэглэсэн талаараа мэдээлсэн. Түүнийгээ хоёрдугаар сарын 24-ний өдөр баталгаажуулсан нь барууны орнуудаас тавигдах хориг арга хэмжээний нөлөөг саармагжуулах нэг төрлийн баталгаа болсон гэж шинжээчид дурджээ.
БНХАУ өмнө нь ОХУ-ын улаанбуудайд хүнсний аюулгүй байдал хангахгүй байгаа шалтгаанаар хориг тавьж, зөвхөн долоон бүс нутгаас авто зам болон төмөр замаар экспорт хийж байж. Дээрх гэрээний дагуу ОХУ-ын дурын бүс нутгаас сонгон улаанбуудай импортлох бололцоо олгож, БНХАУ-тай хийх улаанбуудайн худалдаанаас Канад зэрэг барууны зах зээлийг шахан гаргажээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын хувьд БНХАУ-ын дэмжлэгтэйгээр олон улсын хүнсний нийлүүлэлтийн гинжин сүлжээг барууны орнуудаас хамааралгүйгээр өөрийн талд ашиглах боломж үүссэн байна.
ХҮНСНИЙ ҮНЭ БОГИНО, ДУНД ХУГАЦААНД СУУРЬ ТӨСӨӨЛЛӨӨС 8-20 ХУВИАР ӨСЧ БОЛЗОШГҮЙ
Дэлхийн банк, ОУВС, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр /WFP/, Дэлхийн Худалдааны байгууллага хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл гаргаж, улс орнуудын Засгийн газруудыг хүнсний аюулгүй байдлын талаар яаралтай арга хэмжээ авахыг уриалсан.
Шинжээчдийн дүгнэж буйгаар, ОХУ, Украины мөргөлдөөний улмаас олон улсын зах зээл дээр хүнсний үнэ нэмэгдэх нөлөө хоёр байдлаар илрэх ажээ. Нэгдүгээрт, дээрх бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл болон экспортын тээвэрлэлтэд доголдол үүсэх замаар хүнсний хомсдол бий болж, энэ нь үнийг шууд өсгөх нөлөөтэй. Хоёрдугаарт, бордоо, тэжээл болон эрчим хүчний салбарт үнийн дарамт бий болсон нь хүнсний үнэд шууд бусаар нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Глобал эдийн засгийн өөрчлөлтийн тоймд мэдээлснээр, хоёр орны мөргөлдөөн хүнсний бүтээгдэхүүний болон эрчим хүчний үнэд ялгаатай нөлөөлөх боломжтой аж. Жишээлбэл, урт хугацаандаа хүнсний нийлүүлэлт, үнэ ямар түвшинд тогтох нь ОХУ-ын экспортын хэмжээний шийдвэр болон олон улсуудаас тавьж буй хориг арга хэмжээнээс шалтгаалан тодорхой бус байх бол газрын тос, байгалийн хийн хувьд урт хугацааны үнэ төдийлөн өөрчлөгдөхгүй байх өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
НҮБ-ын Хүнс ба хөдөө аж ахуйн салбар байгууллагаас гаргасан тооцооллоор геополитикийн хүндрэл үргэлжлэх хугацаа, хүндрэлийн түвшнээс хамааран хүнсний үнэ богино, дунд хугацаанд суурь төсөөллөөс 8-20 хувиар өсч болзошгүй аж.
“China news”-т мэдээлснээр, Хятадын Төв санхүү, эдийн засгийн сургуулийн дэд профессор Лю Чунь Шэн хэлэхдээ, ОХУ, Украин улсууд Европын “үр тарианы агуулах” болохыг онцлоод, ОХУ, Украины дайнаас үүдэлтэй хүнсний хомсдол БНХАУ-д тийм ч их нөлөө үзүүлэхгүйг хэлжээ.
Мөн тэрбээр “БНХАУ нь Украины эрдэнэшишийн томоохон худалдан авагч бөгөөд импортын эрдэнэшишийн 30 орчим хувийг тус улсаас авдаг. Эрдэнэшишийн үнэ огцом нэмэгдэх нь үржүүлгийн аж ахуйн зардлыг нэмэгдүүлж, үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө. Украин улс наранцэцгийн тос экспортлогч орон учраас хүнсний тосны үнэ мэдэгдэхүйц өсөх хандлагатай. Буурай хөгжилтэй зарим орны хувьд хүнсний асуудал илүү хүндээр тусч, дэлхийн хүмүүнлэгийн хямралд ч хүргэх боломжтой” гэж хэлжээ.
Энэтхэг улс өнгөрсөн Бямба гаригт улаанбуудайн экспортоо хязгаарласны улмаас дэлхий дахинд хүнсний хангамжийн асуудал дахин нүүрлээд буй. Үүнтэй холбоотойгоор АНУ болон Европын холбоо хүнсний хангамжийн сүлжээг хэрхэн сайжруулах талаар судалж эхэлсэн талаар ВВС мэдээлсэн билээ.
Дэлхийн улаанбуудайн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэг улсад хэт халуун зун үргэлжилж, үйлдвэрлэлийн хэмжээ огцом буурч, бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээнд хүрчээ. Энэтхэгийн хориг нь нийлүүлэлт хомс байгаа энэ цаг үед дэлхийн хүнсний үнийг шинэ дээд цэгт хүргэж, Ази, Африкийн хэрэглэгчдэд хүндээр тусч болзошгүйг шинжээчид анхааруулж буй юм.
АЛИЙН БОЛГОН АЙЛААС ДАВСАА ХҮРТЭЛ ГУЙЖ АМЬДРАХ ВЭ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийхдээ “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм” гэж онцолсон.
Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авчээ.
Мөн гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихэр, тахианы мах, ургамлын тос, хүнсний давсаа 100 хувь гаднаас авч байна. Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ гэж Ерөнхийлөгч онцолсон.
Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь үнэхээр харамсалтай юм.
Манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсч, инфляци 15 хувьд хүрч, ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусч байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн, ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе!
Эх сурвалж: BLOOMBERG, CHINA NEWS, BBC
Холбоотой мэдээ