Баяр наадмын хууль батлагдвал допингтой бөхчүүд барилдах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Баяр наадмын хууль батлагдвал допингтой бөхчүүд барилдах уу?

Баяр наадмын хууль батлагдвал допингтой бөхчүүд барилдах уу?

Ардын хувьсгалын түүхт 100 болон 101 жилийн ойн баяр наадам болоход тун бага хугацаа үлджээ. Өнгөрсөн жил цуцлагдсан наадмыг энэ жил нүсэр төсөвтэй, өргөн хүрээнд хийхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон аж. Бөхчүүд, харваачид, уяачид ч хоног өдөр тоолон, долдугаар сарын 11-нийг хүсэн хүлээж байгаа нь лавтай. Гэхдээ үлдсэн өдрүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулиа баталж, маргаангүй наадах нь чухал асуудал болоод буй.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Хуулиа цэгцлэхгүй бол эхнээсээ асуудлууд гараад эхлэв. Тодруулбал, барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр гэх төрийн бус байгууллагад хандаж, эрхээ сэргээлсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Энэ нь төрийн бус байгууллага байгаа юм. Ямар үндэслэлээр эрхийг нь сэргээж байгаа юм бэ гэдэг баримт бичгийг нь харна. Манайх руу албан бичгээ явуулах байх гээд хүлээж л байна. Спортын арбитр гэж нэг иргэний байгуулсан төрийн бус байгууллага. Цаашлаад Үндэсний бөхийн арбитрын байгууллага, Монгол бөхийн арбитрын байгууллага гээд баахан төрийн бус байгууллага байгуулагдаж байх шиг байна. Допинг хэрэглээд, арбитраар шийдвэрлүүлсэн гэж масст нөлөөлж байна. Зүгээр  төрийн бус байгууллага шүү дээ. Эхлээд материалуудыг нь харна” гэв.

Харин спортын арбитрч, өмгөөлөгч Г.Батзаяа “Манай гаргасан шийдвэрийг бөхийн холбоо дагах үүрэгтэй. Хэрэв дагаагүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх ажиллагаа үргэлжилнэ” гэсэн юм.

Тэгэхээр наадмын өмнө дээрх маргаан улам даамжрах нь гарцаагүй. Гэхдээ барилдах эрхээ хасуулаад байгаа нь ганц Э.Оюунболд биш. Дараах бөхчүүд түүхт ойн баяр наадмаар мөн барилдах боломжгүй.

  • Аймгийн хурц арслан Б.Лхагвадорж
  • Аймгийн арслан Д.Ням-Очир
  • Аймгийн арслан Н.Батсайхан
  • Аймгийн арслан Б.Хадбаатар
  • Аймгийн заан Б.Уртнасан

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Бат-Орших нарын барилдах эрх сэргэж, аварга, арслан хоёр заал танхимын барилдаанд зодоглож буй.

Одоо өргөн мэдүүлээд буй Үндэсний их баяр наадмын тухай хуульд дараах онцлох заалтууд бий.

  • 8.1. Зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид болон энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг харгалзан гаргасан зохион байгуулах хорооны саналыг үндэслэн уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
  • 8.2Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглээгүй болох нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид улсын цолыг олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
  • 8.7. Үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол, чимэг олгохгүй.
  • 9.5. Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 9.6. Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
  • 9.7. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно.
  • 14.2. Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна.
  • 1.6.Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах.
  • 21.3. Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлан мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд дараах журмыг баримтална:
    • 21.3.1. бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд бөхийн барилдах, сурын харваачийн оролцох эрхийг Дэлхийн допингийн эсрэг кодед заасан хэмжээгээр хасах;
    • 21.3.5. энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гаргаж шийдвэрлүүлнэ;

Хуулийн заалтуудыг энгийнээр тайлбарлавал, 18 нас хүрсэн иргэн улсын болон аймгийн баяр наадамд, 16 нас хүрсэн иргэн сумын баяр наадамд барилдах боломжтой. Мөн өмнө нь ярьж байсанчлан Ерөнхийлөгч улсын цол олгохоосоо өмнө батламж олгон допингийн шинжилгээний хариу нь ирсний дараа цолыг нь олгох аж.

Үүнээс гадна нэг чухал заалт байгаа нь дөрөв давсан бөхөөс допингийн шинжилгээ авна. Урьд нь зөвхөн тав давсан бөхөөс шинжилгээ авдаг байв. Ингэснээр улсын наадамд хоёр удаа дөрөв давсан ч допингтой бөхөд унасан гэх шалтгаанаар өсөх идэр начин төрж байлаа.

Дээрх хуулийн гол заалт нь мэдээж допингтой холбоотой. Одоо хэрэгжиж буй хуулийн "14.1.3 баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах" гэх заалт бий. Харин өргөн мэдүүлээд буй хуулинд “Дэлхийн допингийн эсрэг коде”-ийг дагаж мөрдөнө гээд заажээ. Тэгэхээр WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмыг бүх нийтээрээ даган мөрдөх болж байна. Тэгэхээр бөхийн холбооны барилдах эрхийг нь дөрөв болон найман жилээр хасах заалт яах вэ, хүчингүй болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэв хүчингүй болвол Э.Оюунболд болон бөхийн холбооноос эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрх сэргэх үү.  Хуульд “WADA”-ийн кодыг дагана гээд заах учир өмнөх бөхийн холбооны шийдвэрүүд хүчингүй болох хэрэг үү. Энэ мэт олон асуудал Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсаны дараа урган гарч ирнэ.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн төслийн 10.1 дэх заалт “Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10 дугаар зүйлийг баримтална” гэжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21 дүгээр зүйл Шилжилтийн үеийн зохицуулалт гэдэг дээр дээрх маргааны талаар тодорхой заалт алга. Харин "Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үндэсний спортын төрлөөр бөх, сурын болон шагайн харваач, уяачид олгосон улс, аймаг, сумын цол хүчин төгөлдөр байна", "2003 оноос өмнө олгосон бөхийн цол, амжилтын эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбоо тогтооно" гэх мэт бусад асуудлуудтай холбоотой заалт байна. Өмнө нь олгосон цол нь хүчинтэй байхаас биш шийтгэл хүчинтэй байна гэсэн нэг ч үг, үсэг хуулиас олж харсангүй.

Эцэст нь,  “Дэлхийн допингийн эсрэг коде” нь допингийн эсрэг гол баримт бичиг болох шинжтэй. Тус кодед зааснаар тухайн тамирчны шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тохиолдолд нөхцөл байдал, давтамж, шалтгаанаас нь хамаарч тэмцээнд оролцох эрхийг нэг жилээс бүх насаар нь хүртэл хасах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж