БАЙР СУУРЬ: Гишүүдийн тоог 120 болгох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Гишүүдийн тоог 120 болгох хэрэгтэй

БАЙР СУУРЬ: Гишүүдийн тоог 120 болгох хэрэгтэй

Энэ хаврын чуулганы анхаарлыг татсан сэдэв бол Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо. Эрх баригч нам хийгээд, бусад намууд эхнээсээ нэгдэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхийг дуу нэгтэйгээр хэлж буй. Тэд гишүүдийн тоог багадаа 108-аас 150 болгохыг эрмэлзэж байна. Ингэснээр нэг гишүүнд оногдох иргэний тоо багасч, тойргоо "услах" бус бодлогод суурилсан, ардчилсан, хүчтэй парламент бэхжинэ хэмээн үзэж байна. Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн болон намын төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.


"УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ РЕФОРМЫН ШИНЖ ЧАНАРТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ"

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Сонгуулийн тогтолцоог яагаад өөрчлөх гээд байгаа юм гэвэл нэгдүгээрт, олон улсын нөхцөл байдал тэс өөр болчихлоо. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалтай уялдуулахад хүчтэй парламенттай байх ёстой. Ардчилалтай, олон намын тогтолцоотой, тэнцвэртэй, ардчилсан парламенттай байж олон улсын хүнд нөхцөл байдлыг даван гарах боломжтой. Өнөөдрийнх шиг 60 хэдүүлээ байх нь нэг намын, нэг Засгийн газрын асуудал болж байна. Хоёрдугаарт, улс төр, нийгэм эдийн засгийн олон тулгамдсан асуудал үүсч байна. Сүүлийн арван жилд эдийн засаг тэлсэнгүй. Монгол Улс нэгдмэл хөгжлийн бодлогоор явж чадахгүй байна гэдэг нь тогтолцоотой холбоотой. Тойргийн тогтолцоотой учраас  шалтгаанаа шийдвэрлэх ёстой. Дараагийн удаа нэг нам дахиад олонхоор гарч ирсэн ч асуудал шийдэгдэхгүй.

Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг реформын шинж чанартай болгох хэрэгтэй. Үндсэн хуулиа шийдэхгүйгээр дээрх хуулийг хэлэлцэх нь ямар ч үр дүнгүй. Тиймээс багц хуулийг шийдэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж буй.

"АРДЧИЛЛАА БЭХЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦОО РУУ ОРОХООС ӨӨР АРГАГҮЙ"

ХҮН намын гишүүн П.НАРАНБАЯР:

-Одоо байгаа тогтолцоо нь эрх баригч нэг намд үйлчилдэг тогтолцоо гэдгийг сүүлийн хоёр сонгууль харуулчихлаа. Уг нь мажоритар тогтолцооны үед хоёр том нам гарч ирдэг хуультай. АН хагаралтай байгаа учраас одоо байгаа тогтолцоо нь эрх барьж буй намд ашигтай. Санал гээгддэг, “үхдэг” гэж ярьдаг. Ардчиллаа бэхжүүлье гэвэл энэ тогтолцоо руу орохоос өөр аргагүй.

Казахстаны нөхцөл байдлыг хар. Тэр улсын эдийн засаг өсч, мундаг байна гэж харагдаж байгаа боловч үндсэндээ төрөөс зохиомлоор бий болгож нэг дарангуйлагчийн нэр сүр дор явж байсан хуурмаг өсөлт байсан. Манай төр нэг хүчтэй намтай, эдийн засгийн 80 хувийг төр өөрөө үйлдвэрлэж эхэллээ. Энэ нөхцөл байдал тун аюултай. Хувийн хэвшил өөрөө оролцдог, өсөлтийг бий болгодог зам руу явах ёстой. Ард түмний дуу хоолой, иргэдийн дуу хоолойг тэгш тусгасан сонгуулийн тогтолцоо нь яахын аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орж ирж байна. Үндсэн хууль гэдэг тухайн ард түмний зарчим, философи, төрийн бүтэц зэрэг бүх тогтолцоо нь явж байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг ярилцах ёстой.

"ГИШҮҮДИЙН ТООГ 60-70 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ"

АН-ын хуулийн зөвлөх Г.БАТБАЯР:

-1992 оны Үндсэн хуулиар нэг тойрогт 2.5 сая хүн амтай байсан. Одоо 3.5 сая хүн амтай. Өөрөөр хэлбэл 50-60 хувь өсчихсөн байна. Иймээс нэг гишүүнд оногдох тойргын иргэдийн тоог нэмэгдүүлэхгүй бол болохгүй гэж улс төрийн намууд үзэж байна. Гишүүдийн тоог 108, юм уу 120-130 гэж яриад байна. Гэхдээ гишүүдийн тоог 60-70 хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Нэг гишүүнд оногдох иргэний тоо одоогоор 70-80 мянга байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр нэг хүнд ногдох иргэдийн тоо 30-40 мянгад хүрэх юм. Ингэхээр иргэдэд хүрч үйлчилдэг, тэдний хүсэл зоригийг хангах байдал сайжирна. Бусад орнуудад мөн ялгаагүй. Нэг гишүүнд оногдох иргэдийн тоо хэмжээгээр тухайн иргэдийн хүсэл зоригийг хангахад хүрэлцэж байна уу үгүй юу, мөн нэг гишүүний ажлын хүчин чадал, чадамж хэр зэрэг хүртээмжтэй байх уу гэдэгт анхаарч байна. Энэ бол цоо шинэ асуудал биш. Үндсэн хуульд зааснаар зургаан сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар нэг оруулсан хуулийн заалтад дахин өөрчлөлт оруулахыг хуулийн хугацаагаар хориглодог. Одоо бол урьд нь хөндөгдөөгүй байсан хуулийн зохицуулалт учраас боломжтой гэж харж байна.

"ГИШҮҮДИЙН ТООГ 200 ДАВУУЛАХ ХЭРЭГТЭЙ"

Үнэн ба зөв намын дарга А.ОТГОНБААТАР:

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж үзэж байгаа. 76 гишүүний нэг болохын тулд хүмүүс байдгаа “тавьдаг”. Тэгэхээр эрх мэдлийг нь задлаад магадгүй гишүүдийн тоог 200 давуулбал нэг хүнд оногдож буй эрх мэдэл багасна. Мөн халдашгүй байдал, халамжийг нь хасаад байдаг нэг гишүүн болгочихвол, баячууд өөрийн төлөөний хүнийг УИХ-руу оруулъя гээд 4-5 тэрбум төгрөг цацаад байхгүй. Төрд байсан ах нар өөрсдийн нялх хүүхдийг УИХ-руу оруулахгүй. Ингээд Монголын парламентад “цэвэр” хүмүүс орж ирэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Манай ард түмэн 76 ихдээд байна. Энийг цөөлөөд өг гэж байгаа юм. Хэрвээ 30 гишүүнтэй болчихвол нэг хүнд ногдож буй эрх мэдэл бүр их зузаарна. Тэр их мэдлийг авахын тулд их мөнгө цацна. Хэзээ ч ард түмэн гарч чадахгүй олигархын парламент бүрдэнэ гэсэн үг. Пропорциональ тогтолцоог заавал оруулах хэрэгтэй. Тэгэхгүй жижиг 200 тойрог байвал нөгөө л мөнгө идсэн зам руу л явна. Тиймээс пропорциональ тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх уялдаатай байх ёстой.

"МАЖОРИТАР ТОГТОЛЦОО ТОЙРГОО УСЛАХ БАЙДЛААР АЖИЛЛАДАГ"

УИХ-ын гишүүн асан З.БАЯНСЭЛЭНГЭ:

-Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явагдсан. Тухайн үед олон улсад сонгуулийн холимог тогтолцоогоор илүү амжилтад хүрсэн, парламентын ардчилал нь хөгжсөн, парламентад олон намын төлөөлөл орж, зөвшилцлийн парламент бодит утгаараа хэрэгждэг гэдгийг судалгаанд үндэслэж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Миний хувьд УИХ-д ороод ажиллах үедээ тухайн үед дөрвөн намын төлөөлөл орж байсан. Хүчтэй сөрөг хүчинтэй байсан. Энэ нь тухайн үед парламентын гишүүдэд ажиллахад илүү хөнгөн байсан. Шинэ гишүүнийхээ хувьд парламентад анх удаа орж ажиллахад мажоритор тогтолцооноос сонгогдсон бол зөвхөн тойрог дээрээ ажиллах, тойргоо, анхаарах төсөв мөнгөний асуудалд оролцох, өөрийн тойргоо услах гэдэг утгаар ажиллах байсан бол холимог тогтолцоо Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээрх төсөв мөнгөний хуваарилалтад оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж