Томуугаар өвдсөн хүмүүсийн тал нь Covid-19 халдвартай гарч байна

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

Томуугаар өвдсөн хүмүүсийн тал нь Covid-19 халдвартай гарч байна

Томуугаар өвдсөн хүмүүсийн тал нь Covid-19 халдвартай гарч байна

Цар тахлын тохиолдлын тоо буурч, иргэд Covid-19-өөс айхаа болиод буй. Хэдийгээр халдварын тохиолдлын тоо эрс багассан ч иргэдийн дунд ханиад, томуугийн тархалт өндөр байгаа юм. Үүнээс шалтгаалж өрхийн эрүүл мэндийн төвүүд дахин улаан түвшинд шилжжээ.

Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ачааллаас шалтгаалж, зайлшгүй тохиолдолд уртасгасан цагаар ажиллахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Учир нь өрхийн эмнэлгийн үүдээр ороход л өлгийтэй хүүхэд тэвэрсэн хүмүүсээс эхлээд, өвөө, эмээ нар нь ач, зээгээ дагуулж, ханиадыг нь эмчид үзүүлэхээр ийнхүү урт дараалал үүсгэжээ. Бага насны хүүхдүүд маск зүүхгүй гэж тайлж, шиднэ. Эмнэлгийн коридорт хөөцөлдөж гүйлдэнэ. Уурлаж, уйлж, чарлаад л эмнэлэг яг цэцэрлэг шиг хүүхдийн хөлд дарагдсан байв. Харин эцэг, эхчүүд, эмч нар хүүхдүүдээ аргадаж, хоолойг нь үзэж, цээжийг нь чагнана. Эмнэлэг хаахад нэг цаг үлдсэн байхад зааланд 10-20 хүүхэд үзүүлэхээр хүлээнэ. Ийнхүү хүний нөөц, ажиллах цагийг мартсан өрхийн эмч нар эрт илрүүлэг, томуугийн өвчлөлийг барьж дийлэхгүйд хүрч байгаагаа онцолсон юм.

Угтаа 15:00-17:00 цагийн хооронд эмч нарын өдрийн үзлэг дуусч, тайлан, тоон мэдээгээ боловсруулж, ажил тарах ёстой. Гэвч өвлийн 2-3 сар ачаалал тогтворжиж, дулааны улирал эхлэхэд томуугийн дэгдэлт дахин гарсан байна.

Мөн энэ сард эрт илрүүлэг эхэлснээр эмч, сувилагчид тэнхэл авах завдал олгохгүй байгаа талаар хэллээ.

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДҮҮД 2-3 ХОНОГТ ХАТГАА БОЛЖ ХҮНДЭРЧ БАЙНА

СҮХБААТАР ДҮҮРГИЙН “ЭНХ СҮНДЭР” ӨЭМТ-ИЙН ДАРГА Г.ЭНХТУЯА:

-Covid-19-өөр өвдсөн, хүүхдүүд нь томуугаар хүндэрсэн гээд эмч ажилчид хомсдолтой байна. Иргэд уцаартай, бухимдалтай харилцаж байгаагаас үүдэж эмч, сувилагчид стресстэх, олон дахин нэг зүйлийг нь тайлбарлаж өгөх, үл ойлголцол гарах гээд бэрхшээл их. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол ачаалал. Хүн хүч багатай байгаа ч өрх дээр үндсэн үлэг оношилгоог хийх ёстой. Мөн эрт илрүүлэг эхэлсэн учраас хоёр эмч өдөр бүр сургуулиуд дээр очиж үзлэг хийж байна.

 

Өмнө нь өдрөөс өдөрт Covid-19-ийн тохиолдол ихсэж байсан бол одоо томуугийн тархалт эрчимтэй тархаж байна. Уг нь жил бүрийн гуравдугаар сард томуугийн идэвхжилт дуусдаг. Харин энэ жил тавдугаар сараас томуугийн тархалт идэвхжиж байна.

Тиймээс иргэд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Манай хорооны тухайд нийт 11 мянга гаруй хүн амтай. Үүний тал хувь нь хүүхдүүд. Тавдугаар сар гарснаас хойш 0-17 насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын тохиолдол эрс ихэссэн. Энэ удаагийн томуугийн онцлог нь хүүхдүүд маш хурдан хүндэрч, хатгаа болж байна.

Эмнэлэг дээр ирж байгаа хүүхдүүдэд гол төлөв хоолой барих, халуурах шинж тэмдэгтэй байгаа. Хүндэрсэн тохиолдолд бие нь сульдаж, унтаа болох идэвхгүй болох зэрэг шинжүүд ажиглагдаж байна.

Гол төлөв 4-9 насны хүүхдүүд томуугаар хүндрэх нь их байгаа. 10-аас дээш насныхан өвдсөн ч эдгэрэх нь хурдан байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь хүүхдэд олон төрлийн эм өгөөд, анагааж байна гээд гэрээр эмчлэх нь зөв гэж ойлгож болохгүй. Мөн хүүхдүүдээс гадна Covid-19-ийн шинж тэмдэг илэрсэн гээд түргэвчилсэн тест барьж ирж байгаа хүмүүс байна. Бидний зүгээс тестээ аваад ирвэл үзэж өгнө. Гэхдээ ихэнхдээ Covid-19 биш шинэ төрлийн томуугаар өвдсөн байгаа. Бидний зүгээс антибиотик гэхээс илүү халуун уух зүйл хэрэглэж, дархлаагаа сайн дэмжихийг зөвлөж байна.

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮМҮҮСИЙН ТАЛ НЬ COVID-19-ТЭЙ ГАРЧ БАЙНА

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Хасагт-Эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч Б.ТУУЛ:

-Манай ӨЭМТ нийт 32094 хүн амд үйлчилдэг. Шилжилт хөдөлгөөн ихтэй дүүрэг. Үндсэндээ 24832 хүнд үйлчлэх ёстой. Гэтэл 5-6 мянга нь түр оршин суугч. Тэдгээрийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулах боломжгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Covid-19-ийн тархалт эрчимжиж, өвдсөн иргэдэд тусламж үйлчилгээгээ цагт нь хүргэхийг хичээж байсан. Харин энэ сараас бага насны хүүхдүүдийн хувьд томуугийн дэгдэлт өндөр байна.

Томуугийн вирус агаар дуслын замаар тархаж байгаа учраас иргэд маск зүүж хэвших хэрэгтэй. Хүмүүс Covid-19 дуусчихсан гээд их тайвширч байгаа нь ажиглагдаж байгаа. Энэ бол буруу.

Мөн гадаад орчинд томуугийн вирус хадгалагддаг учраас гарын ариун цэврийг сайтар сахих нь чухал. Сүүлийн жилүүдэд улирлын вирус дэлхийн хэмжээнд хүүхдэд хүнд тусч байна. Хэрэв хүүхдийн ханиад, томуугийн суурь өвчлөл байсаар байвал хатгалгаа болох эрсдэлтэй. Уушгины хатгалгаа ихэсвэл хүүхдийн эндэгдэл нэмэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдолд дур мэдэн эмчилж болохгүй. Ихэнх тохиолдолд эмчид хандахаас татгалзаж, эмийн санд очоод ханиаданд ямар эм хэрэгтэй вэ гэж асуугаад л авчихдаг. Гэтэл тухайн хүүхдийн өвчин янз бүр байдаг тул хэдийд эмчид хандах, ямар тохиолдолд антибиотик хэрэглэх вэ гэдгийг ээж, аав нар мэддэг байх нь чухал. Ханиалгаж эхэлсэн л бол эмчид хандах ёстой.

Эцэг, эхчүүд эсрэгээрээ ханиалгаад удчихсан хатгалгаа болчихсон үед нь хандаж, асуудлыг хүндрүүлж байна.

Мөн олон нийтийн болон эмнэлгийн байгууллагад орж ирэхдээ маск зүүх, хувийн ариун цэвэр сахих шаардлагыг хүлээж авахгүй байна. Ингэснээр тэд сонор сэрэмжээ алдаж байгаа юм. Тиймээс хүүхэд гэлтгүй иргэд ч ханиад томуугаар өвдсөн бол аль болох гэртээ өөрийгөө тусгаарлах нь зөв. Өрхийн эмнэлэг дээр анхан шатны тусламж авахаар ирж байгаа хүмүүс Covid-19 байх гэж хэлж ирдэг. Хэрэв иргэд өөрсдөө шинжилгээ өгөхийг хүсвэл бид тестээр авна. Өдөрт 10 хүн томуугаар өвдөж шинжилгээ өгч байгаагаас 4-5 нь бол эерэг гарч байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр томуугаар өвдсөн л бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэйг анхааруулж байна.

ХӨСҮТ-Д PCR ШИНЖИЛГЭЭГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА

Өрхийн эмнэлгүүдэд ийн томуугийн идэвхжилт их байгаагаас өдөрт нэг эмч 40-60 хүн үздэг аж. Хэдийгээр цар тахал намжиж байгаа ч салбар яамныхан эрт тайвширч, шинжилгээний цэгүүдийг хаасанд иргэд бухимдаж байна.

Учир нь улсаас их хэмжээний төсөв батлуулсан байж, Covid-19-ийн тохиолдлыг буурсан мэт харагдуулахаар санаатайгаар шинжилгээний цэгүүдийн тоог бууруулж байна гэсэн юм. Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлэг үзүүлэхээр ирсэн Д.Саруултуяагийн хэлснээр охин нь найман настай. Халуурч, хоолой нь идээлээд тав хоножээ. Ханиаданд нь олон эм өгч, чацаргана уулгасан ч эдгэхгүй байсан учир дахин эмч дээр ирж зөвлөгөө авсан байна. Ингээд түргэвчилсэн шинжилгээ өгч Covid-19-тэй гэх хариу гарч, вирусын эм ууж, гэртээ тусгаарлагдсан байна.

Вирусийн эсрэг эм болон бусад витамин ууснаар шинж тэмдгүүд арилжээ. Ойролцоогоор долоо хоногийн дараа рентгенд харуулах зөвлөгөөг эмч өгсөн аж. Энэ мэт тохиолдол өрхийн эмнэлгүүдэд их гарч байгаа нь лавтай. Гэсэн ч ачаалал ихтэй байгаа, хүмүүс шаардлагагүй шинжилгээ өгөх болсон тул ХӨСҮТ PCR шинжилгээг төлбөртэй авч эхэлсэн байна.

Тодруулбал, 50 мянган төгрөгөөр хүссэн бүх иргэн цагийн хуваарийн дагуу шинжилгээ өгөх боломжтой. Харин дүүргүүдийн хувьд үнэ төлбөргүй түргэвчилсэн шинжилгээг өдөрт 50-100 сорьцоор авч байгаа аж.

Халдварын тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүдээс тодруулахад иргэд ухамсаргүйгээс болж маскнаас салж, тохиолдлын тоо өсч байна. Цаашид ч вирусийн гаралтай томуу, Covid-19-ийн тохиолдол өсөх төлөвтэй байгаа. Тиймээс шинжилгээний цэг, эмчилгээ гэхээс илүүтэй урьдчилан сэргийлэлт вакцинд анхаарч байгаагаа хэллээ.

Ямартай ч цар тахал дуусаагүй бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан ч олон удаа Covid-19-өөр өвдөх эрсдэл өндөр аж. Тиймээс томуугаар өвдсөн тохиолдолд шинжилгээ өгөх, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Мөн эрсдэлийг харгалзаж салбар яамныхан бодлого, төлөвлөлтөө сайжруулж, түргэвчилсэн шинжилгээний цэгийн тоог нэмэх, ХӨСҮТ-д ядаж PCR үнэгүй авах лимит тогтоох шаардлагатай буйг иргэд хэлж байна.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж