МАН-ын “гал хамгаалагч”

Хуучирсан мэдээ: 2022.05.17-нд нийтлэгдсэн

76:1

МАН-ын “гал хамгаалагч”

МАН-ын “гал хамгаалагч”

News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын 26-р  тойргоос нэр дэвшиж сонгогдсон Хассуурийн Ганхуягийг онцолж байна.


Бизнесийн салбараас улс төрд “урвасан” олон улстөрчид бий. Түүний нэг нь Х.Ганхуяг. Хера холдинг группийн үүсгэн байгуулагч тэрбээр хамгийн анх Ардчилсан намын гишүүн байсан. Бизнесийн салбарт олон жил зүтгэсэн ч сүүлийн 10 орчим жилийг тэрбээр улс төртэй хослуулсаар ирсэн. Ийм явсаар Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж, 2016 оны сонгуульд бие дааж, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байв. Ингэж тэр улс төрд эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн юм. Тухайн сонгуульд бие даагч гэхэд чамгүй санал авч, УИХ-ын дарга асан З.Энхболд унагаж, чамгүй санал хуваасан гэдэг. Тиймээс ч тэр 2020 оны сонгуульд Баянгол дүүрэгтээ МАН-аас нэр дэвшсэн юм.

АН-аас гарч, МАН-ын гишүүн болсноо “Залуу хүний хувьд улс төрд өөрчлөлт авчирч, манлайлж зүтгэхийг хүссэн. Харин түүнийг дэмжих нам нь МАН байсан” гэж тайлбарласан байдаг.

Бизнес удирдлага, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн учраас төрийн бодлогод энэ чиглэлээр санал, шүүмжлэлээ хэлж, намын шинэхэн гишүүн болсныхоо дараа ч эрх барьж буй намынхаа бодлого шийдвэрийг шүүмжилж байв. Тиймээс ч түүнийг олон нийт төдийгүй, намын гишүүд нь залуу, эрч хүчтэй дэвшигч гэж тодорхойлсон. 2020 оны УИХ-ын сонгуульд удтал цэнхэр, улааныг хослуулдаг байсан Баянгол дүүргийг улаан болгосон ч Х.Ганхуягийн гавьяа их гэдэг. Өмнө нь хоёр ч УИХ-ын даргатай эн тэнцүүхэн өрсөлдсөн, Ардчилсан намын дарга, Баянгол дүүрэгт хаан мэт байсан С.Эрдэнийг ялж, МАН ялалт байгуулсан юм. Залуу, эрч хүчтэй, шинэхэн улстөрчийн хувьд Х.Ганхуяг, танхимын хоёр залуу гишүүний хамт хэл аманд орж, шүүмжлэл дагуулах нь олон байв.

Ялангуяа Х.Ганхуягийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг “гал дуудсан” төсөл, тодорхой сэдвүүдийг барьж, ил гарч байсан нь түүнийг олны анхааралд оруулсан.

Нэг талаар түүний улстөрд шинэ байсных ч нөгөө талд намын удирдлага нь “гал” аваад гарах боломжтой, асуудлаа хамгаалаад үлдэх боломжтой гэж харсан ч байж болох.

Намын удирдлага нь шинэ гишүүдээ танилцуулах, олны өмнө ил гаргахдаа хамгийн “гал”-тай сэдвүүдийг Х.Ганхуяг нарын залуучуудад өгсөн нь нэг талаар олз, нөгөө талдаа олны шүүмжлэлийг дагуулах болсон.

УИХ-д сонгогдоод нэг ч удаа хэвлэлээр гаралгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгадаг гишүүд олон. Харин Х.Ганхуяг, МАН ч хүсээгүй. Тиймээс ч олон хуулийн ажлын хэсэг ахлах, хууль санаачлах зэргээр бизнест зүтгэж байсан шигээ зүтгэдэг зан Х.Ганхуягт бий гэж намынхан нь битүүхэн “зүтгүүлдэг” гэлцдэг. Харамсалтай нь нам, улс төрд “золиос” хэрэгтэй учраас Х.Ганхуяг өнөөдөр эгүүлэн татагдах эсэх асуудал хөндөгдсөн. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө найзуудтайгаа хамтран Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон асуудал нь өнөөдөр түүнийг улс төрийн карьерынх нь “тавцан” дээр дэнчигнүүлэв.  Хөгжлийн банкнаас давуу эрх эдэлж зээл авсан бол тэр хариуцлагаа хүлээх учиртай. Энэ бүхнийг хуулийн байгууллага эцэслэнэ.

Ямартай ч Х.Ганхуяг байсан, байгаа хугацаандаа зүгээр суугаад, дараагийн сонгуулиа бодоод өнгөрдөг улстөрч шиг бус “гал” хамгаалж, “гал” руу түлхүүлж яваа шинэхэн улстөрч. Намын даргынх нь шударга ёстой тэмцэх хүсэл, парламентаа бүтэн байлгах гэсэн УИХ-ын даргын амбиц хоёрын хэн нь дийлэхээс түүний хувь заяа тодорхой болох нь ээ. Намын удирдлагадаа хувь заяагаа “атгуулсан”,  улс төрд өөрчлөлт, манлайлыг түргэтгэхэд хувь нэмрээ оруулах амбицтай улстөрч бол Х.Ганхуяг юм.

Х.ГАНХУЯГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1994 онд Нийслэлийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль
  • 1999 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан
  • 2014 онд АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент
  • 2015 онд БНСУ-ын Үндэсний академи, олон улсын эдийн засаг
  • 2018 онд Канад Улс, Бритиш Колумбийн их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2003 оноос Хера группийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
  • 2008-2014 онд Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2010-2014 онд Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
  • 2013 оноос “CEO” клубийн гишүүн
  • 2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн
  • 2012-2014 ондҮйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
  • 2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
  • 2017 онд МАН-ын бага хурлын гишүүн
  • 2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга
  • 2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
  • 2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж