Хятад улсад Covid-19 гэж нэрлэсэн үхлийн аюулт цар тахал гарч, богино хугацаанд дэлхий дахиныг хамарч олон сая хүнийг өвчлүүлсэн. Гэтэл хөрш Хойд Солонгост цар тахлын халдвар тахал эхэлснээс бүтэн хоёр жил хагасын дараа буюу энэ долоо хоногийн эхээр эхний тохиолдлууд бүртгэгдсэн талаар Пёньян мэдээлэв. Дэлхийн хамгийн хаагдмал орон Хойд Солонгос цар тахлын халдвараас сэргийлж 2020 оны эхээр хилээ хааж, бүрэн тусгаарлагдсан. Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгост халдвар гарсан ч нуун дарагдуулж байна гэх хардлага олон улсад түгээмэл байсан бөгөөд нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэдэгт итгэхгүй байв.
Харин энэ долоо хоногийн эхээр Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн гэж төрийн мэдээллийн агентлаг албан ёсоор мэдээлсэн. Улмаар өдөр өнгөрөх тусам Хойд Солонгост цар тахлын нөхцөл байдал хурдацтай хүндэрч байгааг өдөрт бүртгэгдэх нас баралт, тохиолдлын тооноос харж болно. Тухайлбал, өчигдрийн байдлаар Хойд Солонгост оношлуураар баталгаажаагүй боловч халуурах зэрэг халдварын шинж тэмдэгтэй 1.2 сая хүн бүртгэгдэж, 50 хүн Covid-19 өвчнөөр нас барсан мэдээлэл байна. Нийслэл Пёньян хотод дөрөвдүгээр сарын сүүлээс халдвар гарч эхэлсэн гэж таамаглаж байгаа бөгөөд 564 мянга гаруй хүнийг тусгаарлалтад авчээ. Ялангуяа, өнгөрсөн сард болсон цэргийн сүрт жагсаал нь цар тахлын халдварын супер-тараагч болсон байх магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна.
Тус улсад Даваа гаригт Covid-19-өөр найман хүн нас барж, 392,920 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар Хойд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх онцгой байдлын удирдах газраас мэдээлэв. Хойд Солонгост Covid-19-ийг илрүүлэх оношлуур хүрэлцээгүй, нөөц хангалтгүй учраас шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн тоогоор халдварын нөхцөл байдлыг таамаглаж байна.
Хойд Солонгосын удирдагчид ч цар тахлын нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, халдварыг хяналтдаа авахын тул бүрэн хэмжээний тулааны бэлэн байдал зарлажээ. Удирдагч Ким Жон Ун хэлэхдээ, “Хойд Солонгос улс үүсгэн байгуулагдсанаас хойших хамгийн том хямралтай нүүр туллаа” гэж мэдэгдсэн. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд орон даяар хөл хорио тогтоож, хотуудын орж, гарах хөдөлгөөнийг хаасан байна.
Ким Жон Ун өчигдөр Пёньян дахь эмийн сангуудаар орж танилцсан бөгөөд эмийн нөөцийг тараахад цэргүүдийг дайчлах үүргийг өгсөн. Тэрбээр засгийн газар, эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, ажиллагаа, ажилчдын хандлагыг хариуцлагагүй гэж шүүмжилжээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМ ХӨГЖӨӨГҮЙ
Covid-19 цар тахалтай нүүр тулахад хөгжингүй, чинээлэг орнуудын өндөр хөгжсөн эрүүл мэндийн салбарч сөхрөхөд хүрч байсан. Гэтэл эрүүл мэндийн систем хөгжөөгүй Хойд Солонгост өлсгөлөнд нэрвэгдэж ядарсан ард түмэн цар тахлаар үй олноороо үрэгдэх өндөр эрсдэл тулгарч байна.
Цар тахлын нөхцөл байдал вакцинжуулалтын хувь өндөр орнуудад харьцангуй тогтворжиж эхэлсэн. Хойд Солонгосын хувьд ард иргэдээ Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах нийтийн вакцинжуулалт явуулаагүй. ДЭМБ-аас мэдээлснээр тус улсад цар тахал эхэлснээс хойш 64 мянга орчим оношлуур ашигласан бол өмнөд хөрш Өмнөд Солонгост Covid-19-ийн стратегийн хүрээнд энэ тоо 172 саяд хүрсэн байна.
Хойд Солонгосоос дүрвэгсдийн хэлснээр эмнэлэгт тарианы зүүг зэвэртэл нь дахин ашиглах нь түгээмэл бөгөөд пивоны шилийг дуслын сав болгон ашигладаг гэнэ. Түүнчлэн халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй хэрэгсэл болох амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалтгүй учраас хүмүүст квотоор олгодог байна.
Вакцинжуулалтгүй учраас цар тахлаас гол хамгаалах хэрэгсэл нь хөл хорио болж байна. Энэ талаар Ким Жон Ун албаныханд даалгахдаа хөрш Хятад улсаас идэвхтэй суралцахыг үүрэгджээ. Хятадад Covid-19-ийг тэглэх бодлогын хүрээнд халдвар бүртгэгдсэн 30 гаруй хотод хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээс нь ч гаргахгүй хорьж буй. Хойд Солонгосын хувьд ийм хатуу хөл хорио тогтоовол хүнсний хангамжийг иргэдэд хүргэхэд хүндрэлтэй.
Хойд Солонгосыг үүсгэн байгуулагдсан цагаас үргэлж байсаар ирсэн том асуудал бол хүнсний хангамж. Олон улсын эдийн засгийн хоригтой тус улсад цаг уурын гамшигт үзэгдлээс болж ургац алдсан үед нийтийн өлсгөлөн болох нь олон. Түүнчлэн тус улсад хөдөө аж ахуйн тариалалтын арга, хэрэгслүүр ч хоцрогдсон учир амжилттай ургац хураахад бэрхшээлтэй. НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс мэдээлснээр Хойд Солонгосын 25 сая хүний тал орчим хувь буюу 11 сая хүн нь хүнс тэжээлийн дутагдалтай аж. Үүнийг хоёр Солонгосын хилд харуулд гарч буй цэргүүдийн биеийн өндөр, жингийн байдлаас шууд харах боломжтой.
ПЁНЬЯН ХҮЛЭЭЖ АВБАЛ ТУСЛАХАД БЭЛЭН
Хятад болон ДЭМБ-аас өмнө нь Хойд Солонгост туслах саналыг удаа дараа тавьсан. Тухайлбал, Хятад болон Ковакс хөтөлбөрөөс цар тахлын эсрэг вакциныг Хойд Солонгост нийлүүлэхээ мэдэгдсэн ч Пёньян тээвэрлэлтийг зохион байгуулаагүй байна. Ким Жон Уны хувьд ч гадаадын тусламжийг авахаас татгалзах өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Өмнө нь 1990-ээд онд тус улсад гадаадын олон тусламжийн агентлаг ажиллаж байсан бол тэднийг хянахад бэрхшээлтэй, улсын тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй гэж үзэн хаасан юм.
АНУ, Өмнөд Солонгосын талаас Пёньян ард иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд ойрын хугацаанд цөмийн зэвсгийн туршилт хийх магадлалтай гэж үзэж байна. Пёньяны хувьд цар тахлаас илүү ард иргэдийн дунд хувьсгал гарахаас болгоомжилж байгаа гэж тэд дүгнэжээ. Сөүлийн зүгээс Пёньян хүлээж авна гэвэл вакцин болон оношлуурын тусламж илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Харин АНУ-ын хувьд одоохондоо Хойд Солонгост туслах төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн билээ.