Намуудад дарга биш, лидер хэрэгтэй байна!

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Намуудад дарга биш, лидер хэрэгтэй байна!

Намуудад дарга биш, лидер хэрэгтэй байна!

Парламентад суудалтай гурав, суудалгүй гучаад нам Монголд байна. Зарим нь ганц хүний, зарим нь ганц компанийн, зарим нь цаасан дээр бүртгэлтэйгээс өөрөөр үйл ажиллагаа явуулдаггүй гэх мэт. Улс төрийн нам бол институци гэж үзвэл МАН-аас өөр институцийн хэмжээнд төлөвшсөн нам Монголд байхгүй. Эрх биш 101 жил болсон, Монголын төрийн эрхэнд дангаараа 90 гаруй жил ноёрхсон болохоор С.Баярын хэлснээр “МАН гурав тасравч АН-ын дайтай” гэдэг гашуун ч гэсэн үнэн.

Тэгвэл ардчиллаар овоглож, ардчиллыг үнэт үзэл, үзэл баримтлалаа болгож ирсэн, цагтаа эгнээндээ 180 мянган гишүүн нэгтгэж явсан АН өнөөдөр гучин жилийн түүхтэй нам биш, гурав хуваагдсан гудамжны бүлэглэл төдий болчхоод байхад ХҮН баруун төвийн нам болно гэдэг бараг худлаа. ХҮН гэхээр Т.Доржхандаас өөр хэн байгаа юм бэ.

Лидер төрдөггүй, лидерийг төрүүлдэг гэж улстөрчид ярьдаг. Тийм ч биз, үгүй ч биз. Улс оронд хувь хүний биш, хуулийн засаглал нэн чухал шиг намуудад дарга биш лидер, лидерийг дагасан үнэт зүйл, үзэл баримтлал бүр чухал. Өнөөдрийн хувьд Монголд үзэл баримтлалтай гээд нэрлэчих нам алга. Дээлээ солиод нэрээ өөрчлөхөөр өөр хүн болчихгүйтэй адил хэчнээн сайн зүйл амлаад ч МАН хэзээ ч ардчилсан болохгүй. Хэрээг цагаанаар будавч хэрээ хэвээрээ л байдаг шиг. Харин АН  коммунист болох нь амархан байж магадгүй, дарга нь хэн болохоос хамаараад шүү дээ.  Үндсэндээ,  өнөөдөр Монголын намуудад улаан, цэнхэр, ягаан өнгөнөөс өөрөөр ялгарал, үнэт зүйл үгүй болжээ. 

МАН

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд буюу АН-ын төрсөн өдрөөр 30 дахь Их хурлаа хийсэн МАН хэд хэдэн том зорилт дэвшүүлсний нэг нь хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэх байв. Гэвч түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн ч МАН хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхийн эсрэг ажилласаар байгаа билээ. Тухайлбал, үг хэлж үзэл баримтлалаа илэрхийлсэн иргэдийг хууль, шүүхээр айлгахаас гадна Хонхэрэйдийн Д.Энхбат, "Босоо хөх"-ийн Х.Бээжин зэрэг рецитивүүдээр иргэдээ ил цагаан заналхийлүүлэх болсон нь худлаа биш. 

Хоёрдугаар зорилт нь, хүмүүнлэг ардчилсан нийгэм бий болгох, ядарснаа хайрладаг, задарснаа засагладаг улс төрийн нам байх зорилгоо улам бэхжүүлж ажиллана гэсэн. Атал эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг харахад ядарснаа засаглаж, задарснаа хамгаалсан хэвээр. Гол жишээ нь, Хөгжлийн банкийг тонож идсэн луйвар. Хулгай хийсэн гишүүдтэй чинь хариуцлага тооцъё гэхээр хуулийнхны өмнөөс “салаавч” өгөөд сууж байгаа Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарыг ямар лидер гэх билээ.

Чоно хонь идэхгүй байлаа гээд махнаас гарчихлаа гэсэн үг биш. Үүнтэй адил МАН хүний эрх, эрх чөлөөг дээдлэж, ардчиллыг хамгаална гэж амалсан ч баруун төвийн үзэл баримтлалтхй болж чадахгүй нь бүр үнэн. Тэгээд ч ямар үзэл баримтлал, үнэт зүйлтэй болох нь хэн хэлснээр биш, юуг яаж хэрэгжүүлж байгаагаас харагддаг, танигддаг.

Өнөөхөндөө МАН-ын лидерт яригдах хэмжээний хүн нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр гэхэд болно. Гэвчиг МАН-аас У.Хүрэлсүх явсан ч, У.Хүрэлсүхээс МАН яваагүй л байгааг тооцвол. Л. Оюун-Эрдэнэ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төдий. Түүнийг лидер гээд хэлчих хэмжээний тодорхойлолт байхгүй.Тэрчлэн дөрвөн даргын гал тогоо барьж байгаа Д.Амарбаясгалангийн хувьд арын албаны зохицуулагч л гэж харагддаг, дүгнэгддэг. Үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө ил цагаан гарч тэмцэх зориг, зүрх түүнд байдаггүй. Өөр бусдынх нь тухайд яриад байх шаардлагагүй.  

Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авсан ч лидерийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа нь МАН-ын дунд өрнөж буй зодоон, үл ойлголцлоос нь харчихад болно. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ дарга биш лидер болохыг хүсч байвал тамга баригч биш, стратегич болох ёстой. Ядаж л С.Баярын хэмжээнд.

АН

Цувж яваа барнаас цуглаж суугаа шаазгай илүү гэдэг. Сууж буй мөчрөө хөрөөдөж унагачихаад би дарга болно, лидер болно гэж мөрөөдөгсөд АН-д хар мянгаараа байна. Авчиг тэд яг АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийг тээгчид мөн үү гэвэл үгүй. Ардчиллын эсрэг, хүний эрх, эрх чөлөөний эсрэг үзэлтэй нэгэн ч өнөөдөр Ардчилсан намын албан бус дарга болоод явж байгаа гэхээр.  Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай. Атал АН малгай толгойгүй, манай танай болсон гудамжны зодоончдоос дээрдэхгүй болжээ. Тэд яг энэ ялгарлаараа, үзэл баримтлал, үнэт зүйлсийнхээ хуваагдлаараа ялгараад явчихбал АН-ын ирээдүйд тустай. 

Үндсэндээ нэгдэх, нэг дээврийн дор эвлэлдэх үнэт зүйл, үзэл баримтлалгүй болсон нь АН-ын өөрсдийнх нь буруу. АН-д өнөөдөр дарга биш лидер хэрэгтэй, тэр нь АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийн тээгч байх ёстой нь нийгмийн нэг захиалга болжээ. Хэрэвзээ лидер нийгмийн нэг захиалга гэж үзвэл шүү дээ.

С.Эрдэнэ ардчиллын алтан хараацай мөн. Гэвч тэр АН-ын даргаас цаашлаагүй. Ийм байдалд хүрсэн нь хувь хүний характер, нөгөө талаас АН-ыг лидергүй, үнэт зүйлгүй, үзэл баримтлалгүй болгохыг хүссэн гадаад, дотоодын улс төр, гар хөлүүдийн хийсэн ажил. 

АН-ын төлөө амбицлаж яваа Х.Баттулга характертай, харизмтай улстөрч. Гэвч түүнд үзээд өгье гэхнээ үнэт зүйл, үзэл баримтлал байдаггүй. Тэр тусмаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөний эсрэг үзэл бодолтой нэгэн. Гэтэл АН-ын автор нь өөрөө ардчилал, хүний эрх, эрх чөлөө шүү дээ.  Энэ талаас нь харвал үнэт зүйлээ, үзэл баримтлалаа дээрээ нэгдэж байж АН малгай толгойгоо олно гэсэн үг. Малгай толгой нь АН-ын үзэл санааг тээгч, үнэт зүйлийг нь хамгаалагч нь байх ёстой юм.

М.Тулгат ардчиллын үзэл санааг тээгч мөн ч харизмтай, характертай улстөрч биш. О.Цогтгэрэл бол "ТЭСО"-гийн эзэн л гэж харагддаг, улстөрч гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн. С.Баярцогт, Х.Тэмүүжин гээд АН-ын дарга болох боломжтой бүхнийг харлуулчихсан. С.Эрдэнэболд, Ц.Баатархүү гэх мэт ах нарынхаа ард нуугдсан АН-ын залуус  дунд лидерийн байтугай, улстөрчийн хэмжээнд яригдах нь цөөн. 

ХҮН

Монголын гуравдагч намын орон зайг бүрдүүлж яваагийн хувьд ХҮН-ыг томроосой, төлөвшөөсэй гэсэн хүлээлт нийгэмд бий. Хэдийгээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд тэд АН-аас хэд дахин илүү санал авсан нь ХҮН-ын рейтинг сайн байсандаа биш Д.Энхбат гэх хувь хүний рейтинг хүлээлт дагуулсандаа байлаа. ХҮН гэхээр өнөөдрийн хувьд Т.Доржхандаас өөрөөр ямар нэгэн тодрох дүр, үнэт зүйл үнэндээ харагддаггүй, сонсогддоггүй. Т.Доржханд ХҮН-ын дарга боловч нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидер бас биш.

Зүүн төвийн үзэл баримтлалтай гэгдэж явсан ХҮН саяхан баруун төвийн үзэл баримтлалтай болсноо зарласан. Гэлээ гээд жолооны дүрмээ өөрчилсөн нь үнэндээ сонгууль угтсан арга тактик нь байлаа. Хөдөлмөрийн үндэсний нам гэсэн нэрээрээ биш тэд ХҮН гэх товчлолоороо илүү танигдсан. Нөгөөтэйгүүр, АН-ын зодоон дундуур алдсан үнэт зүйлсийг нь өмчлөөд, гишүүд дэмжигчдийнх нь саналыг зулгаана гэж тооцсон байх. Түүнээс малгайгаа солилоо гэжд доторх толгой өөрчлөгдсөн гэсэн үг бүр биш.  

Бусад жижиг намуудын хувьд үзэл баримтлалаа олох нь бүү хэл өөрсдийнхөө хөл толгойг олоогүй яваа гарууд. Сонгууль болохоор шаазгай шиг шагширч, хэдэн төгрөг хийж аваад, "ичээндээ" орчихдог нь худлаа биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж