Алдарт бөх, 40 гаруй жил нэг ч ялагдаагүй Иван Поддубныйгийн нэрэмжит, Москва хотноо болох мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын баг тамирчид оролцож болох эсэх талаар мэдэгдэл гарчээ. Олон улсын олимпийн хорооны зөвлөмжийн дагуу UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ болон Беларусийн баг тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хязгаарлаж, мөн тус хоёр улсад болох тэмцээнүүдийг цуцалсан билээ.
Москва хотод болох алдарт бөхийн нэрэмжит барилдаанд Монголын багийг оролцож болох эсэх талаар Монголын чөлөөт бөхийн холбоо UWW-ээс тодруулахад “Бидний олсон мэдээллээр энэхүү тэмцээн нь ОХУ-д бусад улс, багаас хамааралгүй, бөхчүүдийг дангаар нь урьж оролцуулдаг үндэсний мэргэжлийн лиг юм. Мэдүүлгийг үндэсний холбоогоор дамжуулдаггүйг бид ойлгож байгаа ч энэ шатанд бид таны асуултад яг тодорхой хариулт өгөх боломжгүй байна.
ОХУ-ын бөхийн холбооноос зохион байгуулж буй тэмцээн нь UWW-ийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгахыг бид танд зөвлөж байна. Бидний хувьд энэ талаар илүү их мэдээлэл цуглуулахыг хичээх болно” гэжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД П.Буяндэлгэр мэдэгдэлдээ “Москвад болох энэхүү үндэсний лигийн тэмцээнд бид холбоогоор дамжуулан тамирчдыг албан ёсоор Монгол Улсын нэрийн өмнөөс мэдүүлэн оролцуулах боломжгүйг мэдэгдье. Хэд хэдэн багш тамирчдаа авч явахаар бэлдэж байгаа гэж холбогдсоны хариуд дахин хэлэхэд, чөлөөт бөхийн холбооноос бид энэхүү тэмцээнд Монголын баг тамирчдыг албан ёсоор холбооноос мэдүүлэг өгөх боломжгүй. Энэхүү тэмцээнд оролцохыг дэмжихгүй байгааг мэдэгдье. Ялангуяа олимп, дэлхийн медальтан тамирчид, тэдгээрийн багш дасгалжуулагчид болон харъяа байгууллагын удирдлагууд анхаарч үзнэ үү” гэжээ.
Холбоотой мэдээ