БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд 25 хүн тутмын нэг нь терроризмтэй холбоотой хэргээр шоронд хоригдож байна. Тиймээс Шинжаан-Уйгур нь дэлхий дээр шоронгийн хоригдлынхоо тоогоор тэргүүлж байгааг “Associated Press” агентлаг мэдээлэв. Тухайлбал, зөвхөн Конашехер мужид л гэхэд 10 мянга гаруй уйгур иргэн хоригдож байгаа аж.
Конашехер муж нь Шинжаан-Уйгурын өмнөд хэсэгт орших хөдөө тосгон бөгөөд 267 мянга гаруй иргэнтэй. Тус мужид хоригдож буй хүмүүсийн ялын хэмжээ 2-25 жил, дунджаар есөн жил байна. Тэдний ихэнх нь 2017 онд баривчлагдсан ба ялын хугацаа нь маш урт ажээ. Конашехер дахь хоригдлуудын тоо АНУ-ынхаас 10 дахин их байна. Түүнчлэн 2013 оны статистик мэдээллээс харахад Хятад улсынхаас 30 дахин их байжээ.
АНУ 2013 онд хоригдлынхоо тоогоор дэлхийд тэргүүлж байсан. Тодруулбал, 100 мянган хүн тутамд 716 хоригдол байсан бол 2019 онд энэ тоо 419 болж буурчээ.
Ял эдэлж буй хоригдлууд дунд эр, эм, хөгшин, залуу бүх насныхан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ хүмүүсийг зүгээр л уйгур үндэстэн болсных нь төлөө яллажээ. Харин Хятадын эрх баригчид үүнийг үгүйсгэж буй юм. Хэвлэлийн төлөөлөгч Элижан Анаятын “Бид хэзээ ч тодорхой бүс нутаг, угсаатны бүлэг, шашин шүтлэгээр нь ялгаварлаагүй. Бүх ялыг хуулийн дагуу гүйцэтгэсэн” гэж хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс лалын шашинт цөөнх болох уйгуруудыг хэрцгийгээр хэлмэгдүүлэх болсон ба үүнийгээ терроризмын эсрэг дайн гэж тодорхойлсон. Хятадын засгийн газар сая гаруй хүнийг шоронд хорьсон гэх мэдээлэл бий. Энэ асуудлаас болж олон улсын шүүмжлэлд багагүй өртсөн тул Хятадын эрх баригчид ямар ч ялгүйгээр хорьдог богино хугацааны болон шүүхээс гадуурх шоронгуудыг 2019 онд хаажээ.
“Associated press” агентлагаас гаргасан хоригдлуудын жагсаалтад зөвхөн терроризм, шашны хэт даврагч үзэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас яллагдсан хүмүүс багтсан байна. Хүн амь, хулгай зэрэг эрүүгийн хэрэгтэй холбоотой хоригдлуудыг оруулаагүй тул бодит байдал дээр шоронгийн хоригдлуудын тоо бүр олон гэсэн үг юм.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS