Элсэн говийг ногооруулах эко төсөл хэрэгжиж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Элсэн говийг ногооруулах эко төсөл хэрэгжиж эхлэв

Элсэн говийг ногооруулах эко төсөл хэрэгжиж эхлэв

Монгол орны нутаг дэвсгэрийн 76 хувь газрын доройтолд өртөж, цөлжилтийн харанга дэлдээд удаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өмнийн говь болон дорнын говиуд, Их нуруудын хотгор цөлжилтөд нэрвэгдэж буйг эрдэмтэд судлаачид хэлж, сануулах болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарина” гэсэн амлалт өгсөн нь бий. Энэхүү амлалтын хүрээнд “Тэрбум мод” төслийг Монгол орон даяар хэрэгжүүлэхээр болсон юм.

Жил бүрийн тавдугаар сарын 15-нд бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд мод үржүүлгийн газар байгуулах зорилгоор Зэвсэгт хүчний 336 дугаар ангитай хамтран эхний суулгацуудаа тарьсан юм.

Тэрбээр “Өнөөдөр харахад хоосон цагаан газар байгаа боловч бид дэд бүтцийг нь тавина. Худагжуулна, услалтын систем байгуулна. Нийт хоёр га газар өвлийн хүлэмжлүүлэлт хийнэ. Бүрэн хэмжээгээр хашаажуулна. Услалтын системийг 2-3 төрлөөр хийнэ. Говьд ургах боломжтой амьдрах чадвартай, тэсвэртэй, ялангуяа хайлааст, заг үрслүүлж, ургуулах, үржүүлэх ажил хийнэ. 2024 оны хавраас жилд дунджаар 1.9 сая үрслүүлэг модыг бусад үржүүлгийн газрууд, ангиуд руу шилжүүлэн суулгах нөхцөл бүрдүүлнэ. Говийн бүсийн хөрсний судалгааг манай мэргэжилтэнүүд нарийн сайн хийсэн.

Түүнчлэн мод үржүүлгийн ажил хийхээс гадна экологийн сургалтын төвийг давхар байгуулна. Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг элсний нүүдлээс хамгаалах зорилгоор ногоон байгууламж ногоон зурвас байгуулахад дээрх үржүүлгийн мод ашиглана. Мөн авто зам дагуу ногоон байгууламж барихаар төлөвлөсөн. 2030 онд гэхэд 27 сая модыг тарьж ургуулна гэсэн зорилттой байна" гэсэн юм.

“Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв”, мод үржүүлгийн газруудыг 2022 оноос 2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9.5 сая ширхэг тарьц, суулгац бэлтгэж нийлүүлэх боломжтой болох аж.

Тус төвд 2022-2023 онд 16 нэр төрлийн 2.2 сая ширхэг мод, бут сөөгийг тарих аж. Мөн 2025 оноос жилд 1.9 сая ширхэг тарьц, суулгац нийлүүлэх аж. Зэвсэгт хүчний 336 дугаар ангид байнгын байрлалд ногоон байгууламж бий болгох зорилгоор “Сэрүүн Дунбарай” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажилласнаар нарс, хар мод тус бүр 20, голт бор, өрөл тус бүр 50, улиас 300, буйлс болон шар хуайс 1000, хайлаас 2400 ширхгийг тарьж ургуулахаас гадна 4151 кв.м талбайг зүлэгжүүлэх юм байна.

Ийнхүү элсэн говийг ногооруулж, цөлжилтөөс эх орноо аврах нэг том төсөл ийнхүү хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Монголын эдийн засаг, монголчуудын эрүүл мэндэд ч ач холбогдол өгнө, энэхүү төслийг дагаад ажлын байр нэмэгдэнэ зэрэг эерэг үр дүн багагүй юм.

Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж