Путины залуу эхнэр, Олимпийн алтан медальт Алина Кабаева 2005 оноос ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн болсон. 2008 оны хоёрдугаар сараас тэрбээр Үндэсний хэвлэл мэдээллийн группийн Олон нийтийн зөвлөлийн даргаар ажиллах болжээ. Үндэсний хэвлэл мэдээллийн групп нь “Известия”, “Рен ТВ”, “Нэгдүгээр суваг”-ийг хянадаг.
Кабаева 2007-2014 онд Нэгдсэн Орос намыг төлөөлж, Төрийн Думын гишүүн байсан. Улмаар 2014 оны есдүгээр сард Думын гишүүнээс огцорч, Үндэсний хэвлэл мэдээллийн группийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллах болжээ. Тэрбээр улс төр, хэвлэл мэдээллийн албаны туршлага дулимаг хэдий ч өндөр цалин авдаг гэсэн шүүмжлэлд өртдөг. Орос, Украины дайн эхэлснээс хойш Путин аль болох Кабаеваг олны хараанд өртүүлэхгүйг хичээсэн бөгөөд Үндэсний хэвлэл мэдээллийн группийн цахим хуудсыг шинэчилж, түүний нэрийг захирлуудын зөвлөлийн лавлагаанаас устгасан гэж Их Британиас мэдээлжээ.
“Celebrity net worth” хуудаст мэдээлснээр, Алина Кабаева 10 сая ам.долларын хөрөнгөтэй. Түүний хөрөнгийг мэргэжлийн боксын аварга асан Майк Тайсоныхоос даруй гурав дахин их гэдэг.
Путины салсан эхнэр Людмила Александровна Очеретная олон сая ам.долларын орлого олдог Хувь хүн хоорондын харилцааны хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч юм. Уг төв 2002 онд үүсгэн байгуулагдсан ба оффис нь Москвагийн төвд Воздвиженка гудамжинд байрладаг. Нэгэн цагт энэ барилга Лев Толстойн өвөөгийнх байсан бөгөөд Оросын соёлын өвд бүртгэлтэй. Түүхийн дурсгалт газар учир Москвагийн иргэд эсэргүүцэж байсан ч 2013 онд тус байшинг сэргээн завсарлаж, хоёр давхар нэмж барьжээ. Барилга 5288 м/кв талбайтай бөгөөд энэ нь Вашингтон дахь Цагаан ордноос арай том талбайтай гэсэн үг юм.
Одоо уг барилга дотор Оросын томоохон компани, банкууд байрладаг. Тухайлбал, Сбербанк, ВТБ банк, "Северстрой групп" барилгын компани, Бургер кинг, сүши ресторан байдаг. Эдгээр нь түрээсийн журмаар байрладаг ба 3-4 сая ам.доллар төлдөг аж. ВТБ банк гэхэд жилд хоёр сая гаруй ам.доллар түрээсэд төлдөг гэж ОХУ-ын засгийн газрын цахим хуудаст 2015 онд дурдаж байв. Түрээслэгчид "Меридиан" гэх компанид мөнгөө төлдөг. "Меридиан" нь Людмилагийн 100 хувь эзэмшдэг "Интересервис" компанийн эзэмшлийнх юм.
Өдгөө Людмилагийн шинэ нөхөр Артур Очеретный Хувь хүн хоорондын харилцааны хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тэрбээр Биарриц дахь “Art deco” виллаг эзэмшдэг ба энэ нь зургаан сая орчим еврогийн үнэтэй гэж үл хөдлөх хөрөнгийн агентууд мэдээлжээ.
Людмила Александровна Очеретная нь Путинтэй гэрлэхээсээ өмнө Аэрофлотод онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан. Путинтэй гэрлэснийхээ дараа 1990-1994 онд Ленинградын их сургуульд багшилдаг байв. Дараа нь Путиныг ОХУ-ын ерөнхий сайд байх үед Людмила нь "Телекоминвест"-ийн Москва дахь төлөөлөгч байжээ. Түүний хөрөнгийн хэмжээг таван сая ам.доллар гэж мэдээлдэг.
Эх сурвалж: CELEBRITY NET WORTH, MIRROR, FORTUNE, INSIDER, WIKIPEDIA
Холбоотой мэдээ