Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2022.05.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Нийтийн Хөлбөмбөг" өдөрлөгт оролцлоо. Тэрбээр "Монгол хүүхдүүд дэлхийд хөлбөмбөгөөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна" гэж онцлон хэлсэн юм.
"Пушкаш" академийн төгсөгчид Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид "4" дугаартай хөлбөмбөгийн өмсгөл болон Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж яваа Ганболдын Ганбаярын өмсгөлийг дурсгав.
Ц.Элбэгдорж "Унгар улсад хөлбөмбөгийн "Пушкаш" академи байдаг. Би өөрөө хөлбөмбөгийн спорт их сонирхдог. Манайхаас залуусыг авч, "Пушкаш" академид суралцуулах хүсэлт тавьж байсан. Хамгийн сүүлийн мэдээгээр 13, 14 дэх хүүхэд маань элсэн суралцаж байгаа юм байна. Өмнөх жилийн 12 төгсөгч шигшээ багт тоглож байна. Энэ бол сайхан мэдээ. Мөн Европын лигт мэргэжлийн тамирчин болсон гэж сонслоо. Монголын хөлбөмбөгчдийн нэр алдар улам түгэх болтугай. Удахгүй Монголын хөлбөмбөгчид өөрийн гэсэн дуутай болно" гэсэн юм. Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Таны хувьд Ерөнхийлөгч байх хугацаандаа Унгар улсын хөлбөмбөгийн "Пушкаш" академид монгол залуусыг суралцах боломжийг нээж өгсөн. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Би Бүгд найрамдах Унгар улсад айлчлахдаа тус улсын Ерөнхий сайдтай уулзаж, оройн зоогийн эр энэ сэдвийг хөндөн ярилцаж байсан. Танай алдартай "Пушкаш" академид монгол залуусыг сургах ажил тэгж эхэлсэн. Энэ ажил чимээгүй үргэлжилж байсан. Өнөөдөр сайхан үр дүн гарч, 14 дэх хүүхэд суралцаж байгаа юм байна. Энэ академийг төгссөн 12 хүүхэд Монголынхоо хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байгаа. Тэндээсээ Европ тивд мэргэжлийн тамирчин болж, бэлтгэгдсэн байна. Мөн өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ ажлыг үргэлжлүүлэн "Нийтийн хөлбөмбөг" төсөл хэрэгжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь сайшаалтай, баяртай байна. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдүүдээ хөлбөмбөгийн спортоор хичээллүүлээрэй.
-Та орой өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийнэ гэсэн үү?
-Сүүлийн үед надад олон хүн ярилцлага авах хүсэлтийг тавьж буй. Тиймээс би ардчилсан нийгэмд тулгамдаж буй хүндрэлтэй асуудал, Ардчилсан намын тухай, улс орны геополитик гэх мэт сэдвээр өөрийн цахим хуудсаар дамжуулан 19:00 цагаас шууд лайв хийнэ. Хүмүүс маш идэвхтэй асуулт асууж байна.
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ