ОХУ-ын Волгоград мужид өнгөрсөн Бямба гаригаас Нямд шилжих шөнө цэрэг татлагын байранд гал гарсныг Укринформ хуудас мэдээллээ. Тодруулбал, шөнийн 02:00 цагийн орчимд Советксий, Ворошиловский, Кировскийн дүүргийнхний үйлчлүүлдэг цэрэг татлагын байранд гал гарчээ. Гал ойролцоогоор 20 м/кв талбайг хамарсан байна. Орост сүүлийн гурван өдрийн дотор цэрэг татлагын дөрвөн ч байранд ийнхүү гал гарав.
Гал гарсан газраас хагарсан шилэн лонх, даавуу олджээ. Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж буй бөгөөд байшин руу "Молотовын коктейль" шидсэн байх магадлалтай аж. "Молотовын коктейль" гэдэг нь гал хамгаалагчаар тоноглогдсон, шатамхай бодис дүүргэсэн галт зэвсэг юм.
Волгоград дахь галаас өмнө тавдугаар сарын 13-нд Ростов мужийн Гуково хот болон Омск дахь цэрэг татлагын байруудад гал гарчээ. Дараа нь энэ сарын 14-ний шөнө Рязань мужид мөн л цэрэг татлагын байранд гал тавихаар завдсан байна.
Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш цэрэг татлагын байруудыг галдан шатаах оролдлого хэд хэд бүртгэгджээ. Тухайлбал, Череповец, Нижневартовск, Москва, Воронеж, Мордов, Свердловск, Иваново мужуудад бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ