Отрын нөөц нутаг мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Отрын нөөц нутаг мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны дарга Д.Түмэндэмбэрэлтэй бэлчээр, отор нүүдэл, отрын нөөц нутгийг ашиглахтай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Отрын нөөц нутаг гэж юу болох, түүний ач холбогдлын талаар яриагаа эхлүүлье?

-Монгол Улсын Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Мал сүргийг хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс сэргийлэх буюу малын эрүүл мэнд, нөгөө талдаа мал сүргийг байгалийн гамшигт эрсдэлээс хамгаалах ажлыг зохион байгуулах нь төрийн үүрэг гэж ойлгож болно. Энэ хуулийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллага болох “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-наас мал сүргийг байгалийн гэнэтийн аюул гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Монгол Улсын Засгийн газраас 2007 онд аймаг дундын отрын бүсийн бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-г байгуулсан.

-Улсын хэмжээнд аймаг дундын отрын бэлчээр хэдэн га талбайд хамаардаг вэ?

-Улсын хэмжээнд 9 аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 787 мянган га талбай отрын тусгай хэрэгцээний газар байна.

-Танай байгууллага одоо ямар чиглэлд түлхүү төвлөрөн ажиллаж байна вэ?

-Манай байгууллагын гол ажил бол мал сүргийг эрсдэлээс хамгаалах, бэлчээрийг ашиглах, хамгаалах, зохион байгуулах юм. Үүнээс гадна бид оторчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллах ёстой байдаг. Отроор ирж буй малчдын халамж, бензин шатахуун, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон асуудлыг манай байгууллага зохицуулж, уялдааг хангадаг. Нөгөө талаар отрын нөөц нутагт өвс тэжээлийн фонд, хадлангийн нөөц нутаг бий болгох, худаг уст цэг, бэлчээрийн менежментийн асуудлыг зохион байгуулдаг.

-2021, 2022 оны өвөл хавар аймаг дундын отрын бүс нутагт хэчнээн мал өвөлжиж, хаваржсан бэ?

-Жил бүрийн 8 дугаар сард отрын нөөц нутгийнхаа бэлчээрийн даацыг тодорхойлдог. Энэ нь зуншлагын байдалтай уялдаа холбоотой байдаг. Энэ жилийн тухайд 887 мянган мал өвөлжих боломжтой гэдгийг тогтоосон. Гэхдээ 507 өрхийн 473 мянган толгой мал отрын нөөц нутгуудад өвөлжиж, хаваржсан. Энэ нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлт юм.

-Аймаг дундын отрын бүс нутаг руу отор нүүдэл хийхийн тулд ямар зөвшөөрөл шаардагддаг вэ?

-Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл отор нүүдлийг зохион байгуулдаг. Энэ ажлыг зохион байгуулахын тулд тухайн аймаг, сумаас отрын бүс нутагт өвөлжих малчдынхаа судалгааг гаргаж манай байгууллагад ирүүлдэг. Бид энэ судалгааг үндэслэж, бэлчээрийн даацаа тодорхойлж, жил бүрийн 9 дүгээр сард аймаг дундын отрын бүсийн орон тооны бус зөвлөлийг хуралдуулж, өвөлжих малын тоо толгойг тодорхойлдог.

-Одоо оторчид аймаг дундын отрын бүс нутгийг бүрэн чөлөөлчихсөн байгаа юу?  

-Отрын бүс нутгийг чөлөөлөх ажил улсын хэмжээнд 89.2 хувьтай байна. Энэ жилээс бид бүс хооронд отор нүүдэл, шилжих хөдөлгөөн хийхийг бүрэн хорьсон. Малын өвчлөлийн эрсдэлтэй бүс нутгаас отор нүүдэл хийхийг зогсоох зорилгоор төрийн бодлогын хүрээнд гаргасан шийдвэр юм. Тэгэхээр манай малчид ч гэсэн энэ чиглэлийг сайн бодох хэрэгтэй. Харин бүс дотроо отор нүүдэл хийж болно.

-Энэ шийдвэрийг 2021, 2022 оны өвөл хэрэгжүүлсэн. Хөрсөн дээр буусан шийдвэр байж чадсан уу?

-Маш үр дүнтэй ажил болсон. Бид үүнд хяналт тавьж ажилласан. Орон нутгийн удирдлагууд ч маш сайн дэмжсэн. Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ч гэсэн энэ чиглэлээр шаардлагатай бодлого, шийдвэр чиглэлийг бүрэн хэмжээнд өгсөн.

-Отрын нөөц нутаг нь мал аж ахуйн үйлдвэрлэлд ямар нөлөөлөл үзүүлдэг вэ?

-Отрын нөөц нутаг байгуулсны гол зорилго бол хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улс орны эдийн засгийн хөгжлийг дэлхийн чиг хандлагатай уялдуулж бий болгох юм. Ган зудын бэрхшээлтэй үед малчид отрын бүс нутагт өнтэй, таатай өвөлжих нөхцөл бололцоог төрөөс зохион байгуулж өгч байгаа гол ажил.

-Цаашид отрын бүс нутгийг шинээр нэмж байгуулах уу. Энэ чиглэлээр төрийн зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "сум дундын отрын нөөц нутаг"-ийг нэмж байгуулах бодлого чиглэлтэй ажиллаж байгаа. Энэ нь мал сүргийг эрсдэлээс хамгаалах, мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ юм. Энэ хүрээнд аймаг дотор “сум дундын отрын бүс нутаг”-ийг бий болгох чиглэлээр ажиллаж байна. “Сум дундын отрын нөөц нутаг” гэдэг бол өөр аймгаас оторчид ирэхгүй, зөвхөн аймаг дотроо өвөлжилтийг зохион байгуулах зорилготой. Харин “Аймаг дундын отрын бүс нутаг”-т өөр аймаг, сумаас оторчид ирж өвөлжих боломжтой. Үүгээрээ аймаг дундын болон сум дундын отрын бүс нутаг ялгаатай.

-“Сум дундын отрын бүс нутаг”-ийг байгуулж, ашиглахад малчдын ойлголт, оролцоо, бүх талын хамтын ажиллагаа чухал байдаг байх?

-“Сум дундын отрын бүс нутаг”-ийг бий болгоход тухайн орон нутгийн иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Отрын нөөц нутаг бий болгосноор цаашид ямар үр ашигтайг малчдад ойлгуулах хэрэгтэй. Орон нутагт уугуул болон суугуул иргэд аль аль нь байдаг учраас бэрхшээл тулгардаг тохиолдол бий. Төр засаг, орон нутгийн удирдлага, малчидтайгаа харилцан ойлголцож байж отрын нөөц нутгийг бий болгох ёстой. Хамгийн гол нь малчдынхаа төлөө төр засгаас хийж байгаа томоохон ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын 1,5 сая километр квадрат газар нутагт 70 сая малын шилжих хөдөлгөөнийг хэрхэн хянаж, гарал үүслийг нь хэрхэн баталгаажуулдаг талаар гадныхан сонирхон асуудаг. Тэгэхээр отрын нөөц нутаг байгуулснаар бид отор нүүдлийг хяналттайгаар, системтэйгээр зохион байгуулах боломж бүрдсэн.

-Байгаль цаг уурын дулаарал отрын нөөц нутаг, бэлчээрт хэрхэн нөлөөлж байна?

-Ургамлын бүрхэвч, ургаж байгаа ургамлын тоо хэмжээ өөрчлөгдсөн байна. Жил бүр тогтоож буй ургацын хэмжээ шат дараалан буурч байгаа.

-Отор нүүдэл хийхэд нэг анхаарах асуудал бол малын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн байдаг. Энэ чиглэлд малчдад зөвлөмж өгөхгүй юу?

-Мал сүрэг, малын гаралтай бүтээгдэхүүн чанартай, аюулгүй, үнэ цэнэтэй байхад чухал суурь бол малын эрүүл мэнд юм. Отор нүүдэл, шилжих хөдөлгөөн хийх үед мал эмнэлгийн ариун цэвэр, дархлаажуулалт, үзлэг, угаалга туулга зэрэгт бүрэн хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа. Малын шилжих хөдөлгөөнөөс шалтгаалж малын гоц халдварт өвчний гаралт нэлээд хувийг эзэлдэг. Тиймээс манай байгууллага болон мал эмнэлгийн байгууллага хоорондын уялдаа холбоо маш чухал. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас отор нүүдэл хийж байгаа малчдад манай захиргаанаас өгсөн зөвшөөрөл, мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан эсэхийг хянаж байх ёстой. Малчид ч гэсэн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд 100 хувь хамрагдсаны дараа шилжих хөдөлгөөн хийх ёстой. Цаашдаа бид мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамрагдаагүй малчдыг отрын бүс нутагт өвөлжихийг бүрэн зогсоох зорилго тавьж байгаа. Энэ бол улс орны бодлогын түвшинд хийж байгаа ажил боловч малчдынхаа төлөө цаашлаад малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө хийж байгаа ажил гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж