Төв цэнгэлдэх хүрээлэн нохой, муур салхилуулдаг газар болжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэх хүрээлэн нохой, муур салхилуулдаг газар болжээ

Төв цэнгэлдэх хүрээлэн нохой, муур салхилуулдаг газар болжээ

Үндэсний баяр наадмын комиссоос энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтад нь өргөн дэлгэр тэмдэглэхээр болсон. Наадам болоход хоёр сарын хугацаа үлдсэн бөгөөд бэлтгэл ажил хэр байгааг сурвалжлахаар Төв цэнгэлдэх хүрээлэнд очлоо.

Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон нохой, муур салхилуулдаг газар болжээ. Учир нь хүүхэд, хөгшид амарч, зугаалах сандалгүй, зүлэг ногоо гэх юмгүй, энд тэндгүй хог хөглөрнө. Хоёр жил тэнд наадам хийгээгүй учраас хайхрах эзэд нь өмчөө өөд нь таталгүй хаячихсан бололтой.  Улсын баяр наадмаар л олны хөлд дарагддаг тус талбайн ногоон байгууламжийг тохижуулах шаардлагатайг иргэд хэлж байгаа юм.

Төв цэнгэлдэх хүрээлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг.  Энд хорооны иргэдээс гадна ойр орчмын орон сууц, хотхоны оршин суугчид салхилдаг. Гэвч суух сандлаас авхуулаад аятай, тухтай орчин байдаггүйгээс иргэд ихэвчлэн тэжээвэр амьтнаа шээлгэж, баалгадаг газар болон хувирчээ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн хэдий ч тохижилт муу, хог хаягдал ихтэй байдаг. Энүүгээр зуны цагт хүүхэд багачуудаас гадна нохойгоо хүмүүс их салхилуулна. Анхаарч, ногоон байгууламж байгуулаасай гэж хүсдэг” тухайгаа оршин суугч Э.Билгүүн хэлж байв.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга П.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Төв цэнгэлдэх хүрээлэн манай хорооны төв хэсэгт бий. Энэ хэсэгт 15 дугаар хорооны “Рапид харш”, “Цэнгэлдэх” хотхон болон 18 дугаар хорооны “Japan town”, “Академи” хотхоны иргэд албан бусаар салхилдаг газар. Яагаад албан бус гэж байна гэхээр энэ газар хувийн хэвшлийн газар, нийтийн эзэмшлийн зориулалтын зам талбай биш. Иргэдийн зүгээс одоогийн байгаа газрын ногоон байгууламжийг тохижуулж, амралт зугаалгын талбай болгоод өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа илэрхийлдэг. Хорооноос энэ саналаа нийслэл, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүддээ албан бичгээр байнга уламжилж, нийслэлийн Газар зохион байгуулалтын газарт 2021, 2022 онд хүргүүлсэн. Гэвч шийдэгдсэн юм алга байна. Манай хороо нийт 15 мянган суурин хүн амтай. Үүн дээр ойр орчмын оршин суугчдаа нэмээд 18 мянган хүн Төв цэнгэлдэхэд салхилдаг гэж ойлгож болно.

"ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЛБАЙГ ТУРШИЛТААР ЗҮЛЭГЖҮҮЛНЭ"

Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд шороо асгаж эхэлсэн талаар иргэд шүүмжилж байв. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваагаас учрыг тодруулахад “Цэнгэлдэхийн талбайд таримал ногоон зүлэг туршиж үзэх гэж байгаа юм билээ. Энэ ажлыг Захирагчийн ажлын албанаас хийж буй. Манай компанитай хамааралгүй. Ямар нэгэн ногоон байгууламж устгаж, өөр зориулалтаар барилга барих ажил хийгээгүй. Наадмын төсөв батлагдсаны дараа наадмын бэлтгэл эхэлнэ. Одоогоор бүх юм тодорхойгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

“Цэнгэлдэх” хотхоны оршин суугч Ч.БҮДЭЭ:

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд хэсэгт ногоон зүлэг дэвсэх юм гэсэн. Ногоон байгууламжтай болвол сайн л байна. Одоо байгаа талбайд нь амраад суух талбай байдаггүй. Энд тэндгүй хог хаягдал ихтэй. Наадам болохоор битүү худалдаа наймааны газар болчихно. Энд нохойтой хүмүүс л салхилж харагддаг юм" гэв. Талбайг хэрхэн зүлэгжүүлэх талаар хотын Ерөнхий менежер Д.Ганболдоос лавлахад “Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг эхний ээлжинд зүлэгжүүлж турших гэж байна. Ямар ч байсан туршилт амжилттай болж байвал талбайг тэр чигээр нь ногоон ширдэг болгохоор төлөвлөж байна.

Би энэ ажлыг эхлүүлэхийн өмнө хоёр сар ажигласан. Одоогийн талбайд нь нохой, мууртай л хүмүүс ихэвчлэн салхилдаг. Тиймээс ногоон зүлэгтэй болгосноор иргэд наадмын дараа ч амарч, зугаалах боломжтой болох юм. Энэ долоо хоногоос ширмэл ширдэг шиг таримал зүлэг тарина. Хэрвээ нутагшихгүй бол олны хэл ам болох учраас нэг хэсэг газарт туршиж байна” гэсэн хариулт өгөв.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ 1993 ОНД ХУВЬЧИЛЖЭЭ

Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж.

Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багасчээ.“Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурь анх 1958 онд тавигдаж, жилийн дараа буюу 1959 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш их засвар хийгээгүй, сандлыг нь будаж, өнгийг нь сэргээгээд, сүүдрэвч, секцүүдийн дээврийг засах зэрэг урсгал засварыг жил бүр улсын төсвөөр хийдэг байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах үйл явц 1993 онд болсон. Тухайн үед нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл НИТХ хууль бус тогтоол үйлдэж, хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэр гаргажээ.

Олон шатны шүүх дамжиж, асуудал маргаан үүсгэсэн Төв цэнгэлдэхийн хэрэг эцэслэн шийдэгдэхдээ хувийн хэвшилд 51 хувийг хэвээр нь үлдээсэн шийдвэрийг шүүхээс зарласан байдаг. Ингэснээр Т.Нямдаваа болон хамтрагчид нь "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХК-ийн 49 хувь, түүн дээр павильоны 1.6 хувийг нэмээд 51 хувийг эзэмших болжээ. Нэгэнт Төв цэнгэлдэх хүрээлэн иргэн Т.Нямдаваагийнх болсон учраас тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК байгуулсан байна.

“Өглөө босоод ирэхэд л Төв цэнгэлдэхийн нэг газрыг хашаа татчихсан байдаг. Оршин суугчид эсэргүүцэж, зарим хашааг нь нураасан тохиолдол бий. Хорооны зүгээс албан бичиг өгч, иргэдийн санал гомдлыг сайн дамжуулдаг.

Энэ хэсэг газарт ойр хавийн орон сууцуудаас ахмад настан, нялх хүүхэдтэй хүмүүс гарч ирж, салхилдаг. Тухтай, ногоон байгууламжтай болгон тохижуулбал иргэд баяртай байна. Харамсалтай нь, өдий олон жил болоход нэмж тохижуулаагүй” гэж оршин суугч Д.Бүрнээ хэлсэн юм.

"ЧИНГИС ХААНЫ 860 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД НААДМЫН КОНЦЕРТЫН АГУУЛГА ОРШИНО"

Энэ жилийн наадмын төсөвт 970 сая төгрөг баталсан сурагтай. Наадмын бэлтгэл эхлэхэд сар гаруйхны хугацаа үлджээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс /2022.05.13/ хуралдаж, энэ жилийн наадмын найруулагчийг сонгожээ. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар ажиллахаар болсон юм.

Төрийн соёрхолт, УДЭТ-ын найруулагч Н.НАРАНБААТАР:

-Албан ёсны хуралдааны шийдвэр гарсан. Соёлын сайд Ч.Номин надад наадмын найруулагчаар ажиллах санал тавьсан. Тэрбээр “Хэмнэлтийн горимын үед туршлагатай найруулагчаар наадмаа найруулахгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Миний бие дөрөв дэх удаагаа улсын баяр наадмын нээлт, хаалтыг найруулах гэж байна.

Наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэндээ долдугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт эхэлнэ. Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр хичээж ажиллана.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос санал асуулга явуулж, хамгийн олон санал авсан найруулагчийг сонгожээ. Тодруулбал, хамгийн олон саналыг Н.Наранбаатар авсан бол удаах саналыг Б.Баатар, гуравт Б.Наранзун, Б.Тамир нар хамгийн бага буюу гурван хүний санал авсан байна.

Соёлын дэд сайд М.Батбаяр:

-Улсын баяр наадам хоёр жил завсарласан. Тиймээс энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэндээ наадмаа хийнэ. Энэ жил  2021 оны долдугаар сарын 2-ны Засгийн газрын тогтоолоор 100, 101 жилийг хамтад нь тэмдэглэх нь зүйтэй гэсэн. Тэрний дагуу Чингис хааны 860 жилийн ой тохиож буй учраас энэ чиглэлд агуулга нь явах байх. Найруулагч зохиолоо шуурхай танилцуулах ёстой. Жил бүр наадмын нээлт, хаалтын концертод 2500-3000 уран бүтээлч оролцдог. Соёл урлагийн салбар хорооноос наадмын нээлт хаалт, төрийн хүндэтгэлийн концерт, "Дээлтэй монгол" наадмыг хариуцаж буй.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж