"Гишүүдийн тоог хүн амыг төлөөлж чадах хэмжээгээр нэмэх нь зөв"

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

"Гишүүдийн тоог хүн амыг төлөөлж чадах хэмжээгээр нэмэх нь зөв"

"Гишүүдийн тоог хүн амыг төлөөлж чадах хэмжээгээр нэмэх нь зөв"

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржтой Үндсэн хуулийн өөрчлөлт болон сонгуулийн тогтолцооны талаар ярилцлаа. 


-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх асуудлыг эрх баригч нам төдийгүй улс төрийн намууд санал нэгдэн ярих боллоо. Гишүүдийн тоог нэмэхийг та хувьдаа дэмжиж байна уу?

-Манай улсын парламентыг жижиг парламент гэдэг. 76 гишүүнтэй, нэг танхимтай. Цөөн хүн хууль батлахын хэрээр янз бүрийн явцуу эрх ашигт тохирсон хууль батлах явдал нэмэгдээд буй. Энэ нь Монгол Улсын парламентаас гарч буй шийдвэрийг савлагаатай болгоод байгаа гэх мэт шүүмжлэл байдаг. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог Монгол Улсын сонгуулийн насны хүн амыг төлөөлж чадахуйц хэмжээгээр тоог нь нэмэгдүүлэх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, 20-30 хүн нийлээд хууль баталчихдаг байж боломгүй.

Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нам яриад жил болж байна. Бид хоёр жилийн өмнө Үндсэн хуулиа өөрчилсөн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ яагаад дээрх асуудлыг оруулж ирээгүй юм бэ.

Тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд нэг нам дангаараа буюу 62 суудалтай эрх баригч нам нэмэлт өөрчлөлтийг хийсэн шүү дээ.

-Үндсэн хуульд тодорхой хугацаанд өөрчлөлт оруулах боломжгүй хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийг өөрчилснөөр гишүүдийн тоог нэмж чадах уу?

-Үндсэн хууль гэдэг Монголын нийгэм, улс төрийн тогтолцоог бүхэлд нь багтаадаг. Гэтэл энэ хуулийг нэг нам зургаан жил эрх барихдаа хоёр удаа өөрчилж болдог юм уу. Үндсэн хуулийг өөрчлөх эрх зүйн чадамж одоогийн эрх баригчдад байхгүй. Яагаад гэвэл өмнө олонх байхдаа өөрчилсөн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь нэг намын хийдэг ажил биш юм. Улс төрийн бүх намын оролцоог тэгш хангах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль гэдэг зөвхөн тухайн парламентын дангаараа гаргадаг шийдвэр биш юм. Дэлхийн бусад улс орнуудад Үндсэн хуульдаа ойрхон гар хүрдэг жишиг төдийлөн байхгүй байна. Үндсэн хуулийг ойрхон өөрчилж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хууль  тогтвортой байж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн тогтвортой байдлыг бий болгож байдаг учраас улс төрийн намууд, улстөрчид үйл ажиллагаа явуулахдаа, Үндсэн хуулийг анхдагч өгөгдөл гэж үзээд, Үндсэн хуулийн заасан хүрээ хязгаарын дотор ажлаа хийх ёстой. Тиймээс энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихгүй байна. ОХУ, Украинтай дайтаж байна. Дэлхий нийтээрээ улс төрийн тогтвортой байдал үүссэн байна. Түүнээс гадна цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн хөгжил саарсан. Улс орнуудад эдийн засгийн хямрал үүсч буй. Ийм эгзэгтэй үед Үндсэн хуулиар оролдох нь эрсдэлтэй.

"ХҮН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ОЙЛГООГҮЙ БАЙНА"

-УИХ-ын зарим гишүүдээс сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг шаардаж, талбай дээр жагсч, иргэдийн саналыг авч байна. Тэд гишүүдийн тоог нэмэх талаар нэг саналтай байгаагаа сүүлийн үед илэрхийлэх боллоо. Гэхдээ сонгуулийн тогтолцоог эргэж харах, өөрчлөх шаардлага бидэнд бий юу?

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар маш их ярих боллоо. Ялангуяа сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ гарын үсэг цуглуулаад явж байх шиг байна. Тэдний ярьж буйг сонсохоор тэд өөрсдөө сонгуулийн тогтолцоог ойлгоогүй байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэд хэдэн суурь шалтгааныг авч үзэж байж ямар тогтолцоо вэ, хаана оновчтой байна вэ гэдгийг сонгодог. Жишээ нь, Монгол Улс нэгдмэл улс уу, холбооны улс уу. Холбооны улсуудын сонгуулийн тогтолцоог харчхаад, энэ нь олонх болоод байгаа юм байна гэх мэтчилэн тоо статистик яриад буй нь сонгуулийн тогтолцооны талаар ойлголтгүйн шинж. Хоёрдугаарт, одоогийн парламент нэг танхимтай. Хоёр танхимтай парламентын доод парламентыг сонгож буй тогтолцооны элементүүдийг шууд ашиглана гэж яваад байгаа нь мөн л тогтолцооны талаарх ойлголт дутмаг байна.

Гуравдугаарт, бид одоо мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байна гэдэг. Угтаа бол мажоритар тогтолцоогоор явуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, хамгийн олон санал авсан хүн нь парламентад сонгогддог тогтолцоогоор явуулаад байна. Үүнийг плуралити гэдэг сонгуулийн систем явж байна.

Өнөөдрийн сонгуулийн тогтолцоогоор нэг хүн нэг тойрогт өрсөлдөхгүй олон мандаттай өрсөлдөөд байдаг. Сайн харах юм бол нэг нэр дэвшигчийг сонгоод байгаа асуудлыг илэрхийлэхгүй байна. Бид өнөөдрийг хүртэл явж ирсэн хуулиа харахад дандаа сонгуулийн өмнө жил өөрчилдөг. Мөн өөр өөр хувилбар оруулж ирдэг. Бид жижиглэсэн мажоритар буюу нэг тойрогт, нэг нам эвсэл нэг л нэр дэвшигч сонгогддог тогтолцоогоор сонгуулиа хийж байсан. Олон мандаттай, томсгосон тойргоор хийж байсан. Пропорциональ элемент оруулж ирээд, нам нь листээ гаргадаг тогтолцоог хийж байсан. Өөрөөр хэлбэл, бүх тогтолцоог туршиж үзсэн. 2012 оны сонгууль холимог системийг оруулж ирж байсан. Гэтэл “Шударга ёс эвсэл”-ээс З.Баянсэлэнгэ гишүүн болж байсан. Энэ хүнийг ард түмэн сонгосон уу гэдэг асуудал гарч ирж байсан. Мөн мөнгөө төлөөд жагсаалт руу орж ирсэн хүмүүс цөөнгүй байсан. Тэгэхээр сонгуулийн пропорциональ тогтолцоо гэдэг нь УИХ-ийн гишүүний сонгож буй процессыг нам нь дотроо сонгочхоод байгаа юм. Иргэд хэдийгээр МАН, АН, ХҮН-ыг сонгоод байж болно. Гэтэл намын нэрний ард хэн нуугдаж гарч ирэх үү. Нам нь тэр хүмүүсийг сонгож байгаа юм.

-Пропорциональ системийн сул талын тухайд юу хэлэх вэ. Пропорциональ систем рүү шилжсэнээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайжрах уу?

-Пропорциональ систем оруулж ирэх гэж байвал намууд нэр дэвшигчийн жагсаалтыг хуулиар зохицуулсан байх ёстой. Сонгуулийн төв байгууллага зохион байгуулдаг байх ёстой. Тэгж байж систем ажиллана. Миний хувьд пропорциональ тогтолцоог эсэргүүцдэггүй. Харин тодорхой түвшинд орж ирэх ёстой гэж боддог. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад бүх асуудлыг шийдчихгүй. Сонгуулийн тогтолцооны үр дагавар гэж  ойлголт байдаг. Жишээлбэл, өнөөдөр хэрэглэж буй төсвийг жижиг тойрог руу тараагаад зарцуулаад байна гэдэг. Харин пропорциональ тогтолцоо орж ирвэл улс орны томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ гэж ярьдаг. Тэр бол худлаа. Харин улсын төсвийг санал авахын тулд тараах байдлыг улам гааруулдаг. Яагаад гэвэл бага орлоготой хүмүүс, ядуу иргэдийн халамжийг сонгуулийн өмнө нэмж намаа дугуйлуйлаад авчихдаг. Өөр нэг том шалтгаан бий. Баялагтай сүйрсэн орнуудын тогтолцоог авч үзвэл бидний сурталдаад буй пропорциональ тогтолцоо байсан. Иргэд сонгогчид намыг дэмжээд байдаг. Гэтэл цаад талд нь намууд дотроо суудлаа хуваарилаад байна. Тэр нь гадна дотнын оролцоотойгоор хиймэл намыг бий болгочихсон. Тэгээд пропорциональ тогтолцоо болохоор 20 нам сонгуульд ордог. Иргэд алийг нь ч сонгосон байсан гэсэн баялаг дээр эзэн суусан хүмүүсийг сонгоод байдаг тийм болгоод хувирчихсан. Тэгээд сүйрсэн орнууд Хойд африкаар дүүрэн байна.

"ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМ БОДЛОГЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ УЛАМ БҮДГЭРҮҮЛДЭГ"

-Пропорциональ тогтолцоотой болсноор улс төрийн намуудын бодлогын өрсөлдөөн улам бүдгэрч, сонгуулийн өмнө идэвхждэг мөнгөний намууд бий болох нь гэж ойлголоо?

-Улс төр бол улс орныг хөгжүүлэх бодлогын өрсөлдөөн. Жишээ нь баруун, зүүн гэдэг ялгааны өрсөлдөөн юм. Бид Монгол Улсын төсвийг бүрдүүлэхдээ их хэмжээний татвар авч бүрдүүлэх нь зөв үү буруу юу, эсвэл татварыг сонгуулийн өмнө нэг хэсэг хүндээ тарааж өгдөг тогтолцоо зөв үү буруу юу. Тэгэхээр хувь тэнцүүлсэн пропорциональ систем бодлогын өрсөлдөөнийг улам бүдгэрүүлдэг.

Мажоритар системтэй улс орнуудад хоёр гол нам хоорондоо бодлогын өрсөлдөөн хийдэг учраас парламент дотор энэ бодлого зөв, буруу гэх бодлогын өрсөлдөөн үргэлж байдаг. Аль нэг нам ялахаараа өөрийн үзэл баримтлал дээр суурилсан бодлогоо хэрэгжүүлээд, баруун талын нам ялбал эдийн засаг нь хөгждөг.

Зүүн талын нам гарахаар татвар нэмж хурааж тараадаг ийм л бодлогын ялгаа байна шүү дээ. Харин 2012 оны пропорциональ системийг харахад аль ч нам олонх болоогүй. Ер нь пропорциональ системтэй улс орнуудыг харвал парламентад олонх бүрддэггүй. Ихэвчлэн хамтарсан Засгийн газар байгуулагддаг. Тэгээд зөвшилцлийн ард ялангуяа манайх шиг авлигалд идэгдсэн орон бол авлигал, улс төр албан тушаалын наймаа явдаг. Тэрнээс биш энэ нам энэ бодлогоор гарч ирсэн хэмээн эрхийг нь өгч чаддаггүй учраас улс төр бол бүхэлдээ хөшигний ар дахь тохиролцооны улс төр болж хувирдаг. Дээрээс нь гурав дах нам бол шантаажны нам болдог. Өөрөөр хэлбэл, 50 хувиас илүү ихэсгэж, пропорциональ тогтолцоотой болгоно гэдэг нь “явж үзээгүй зам дардан байдаг шиг” тийм л юм ярьж буй хүмүүсийн үг яриа гэж ойлгож байна. Мөн нийгмийг маш олон задалж хуваасан улс төр бий болдог. Шашны үзэл хандлага, жендер, баян хоосон дээр суурилсан ялгааг бий болгодог. Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоонд нийгмийн жижиг бүлэгт хүртэл тохирох намууд байгуулагддаг. Тэгээд сонгогдоод гараад ирсэн хүн улс орон нийгэм эдийн засгийн ямар бодлого гаргах юм. Пропорциональ тогтолцоо гайхамшигтай сайхан зүйл гэдэг нь сонгуулийн тогтолцоог сайн уншиж судлаагүй хүмүүсийн яриа. Яахав эрх ашиг байж болно. Үүнээс гадна зөвхөн сонгуулиар идэвхэждэг намууд бий болдог. Нэг улс төрийн хүчинтэй ижил зүйл ярьж саналыг нь хувааж байдаг. Тэр нь ихэвчлэн эрх баригчдын даалгавраар байгуулагдсан, сөрөг хүчинтэй ижил зүйл ярьдаг намуудыг бойжуулсан байдаг. Эцсийн зорилго нь санал хуваах зорилготой.

-Тэгвэл пропорциональ системд давуу тал байгаа юу?

-Нэг давуу тал бий. Тэр бол Монгол Улсын иргэн бүрийн өгсөн санал ижилхэн үнэ цэнэтэй гэдэг өөрчлөлт байгаа. Пропорциональ тогтолцоог хаана хэрэглээд байна уу гэхээр ихэнхдээ хоёр танхимтай парламентын тогтолцоотой улс орны доод танхимд хэрэглэдэг. Төлөөлөгчдийн буюу хүн амаа төлөөлж байдаг учраас хүн амынхаа жингээр хуваарилагдаж байх ёстой гэсэн суурь зарчимтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж