Тэрбум модоо ургуулж, арчилъя!

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Тэрбум модоо ургуулж, арчилъя!

Тэрбум модоо ургуулж, арчилъя!

Жил бүрийн намар, хавар хоёр өдөр буюу  тав болон аравдугаар сард бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай болоод удаж байгаа билээ. Энэ жилийн мод тарих ажиллагаа далайц нь өргөн хүрээнд, амбиц нь тэрбум мод тарих.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилттэй тэмцэхийн тулд 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарина хэмээн амлалт өгсөн учраас сүүлийн хоёр жилийн мод тарих ажиллагаа илүү өргөн хүрээнд, урлаг сайхантай, улс төрийн пропагандатай болж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн үүсгэж, энэ жил гэхэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг 10 төрлийн 10 мянган модыг суулгац хэлбэрээр тарьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айл өрх бүр хашаандаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшлийн газартаа мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл, тухтай орчинд амьдарч ажиллахыг уриалж буй.

Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2500-3500 ширхэг мод тарьдаг байна. Тэгэхээр нэг тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км квадрат талбай шаардлагатай гэсэн үг. Манай улсын нийт газар нутгийн хэмжээ 1.5 сая км квадрат юм. Хүний зохисгүй үйл ажиллагаа, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан 2016 он гэхэд манай орны газар нутагт ойн эзлэх талбай 1950 оныхоос хоёр дахин буурсан гэсэн судалгаа бий.

Гэвч тодорхой зорилт тавин ажилласны үр дүнд 2016 оноос хойш ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгааг холбогдох яамныхан хэлж буй. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 0.2 хувиар нэмэгдэж, нийт газар нутгийн 8 хувьд хүрчээ. Салбарын яамнас 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, цаашлаад 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтууд тавьжээ.

Монголчууд жилд дунджаар 1.2 сая мод тарьдаг гэсэн албан бус тоо бий. Үүнээс харахад бид мод тарьж чадаж байна. Одоо мод тариад өнгөрхөөс илүү арчлах, хамгаалах ажлыг хэн хийх вэ гэдэгт хариулт алга. Мод тарина гэж амралтын өдөр бүх нийтээрээ суулгац тариад өнгөрхийг хэлэхгүй. Тухайн суулгасан мод хөрсөндөө дасан зохицох, услах, ургуулахын тулд арчлах гээд олон зүйлийн үр дүнд Ерөнхийлөгчийн амбиц биелнэ.

Ерөнхийлөгчийн тэрбум мод төсөл хэрэгжих боломжтой. Хамгийн гол нь тэрбум модоо ургуулахын тулд арчилгааны зардал, мэргэжлийн боловсон хүчин, харъяалах эзэн гээд олон төлөвлөлт чухал. Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” төслийг санаачлаад, нэг жил гаруй хугацаа өнгөрч буй. Өнөөдрийн байдлаар нийт хэдэн мод тарьж, ургуулж, тордсон гэх тоо баримт, тодорхой мэдээлэл алга.

Албан бус тоогоор, Монгол Улсын хэмжээнд 2000 гаруй ойн инженер, энэ чиглэлийн мэргэжилтэн байдаг гэсэн. Энэ хүмүүсийн хэд нь ажилтай болсон бол… Энэ мэтчилэн тэрбум мод тарих амбицаа ямар нэгэн аргаар гүйцэлдүүлдэг юм аа гэхэд түүнийгээ яаж ургуулах, мод болгох нь хамгийн чухал. Түүнээс шинэ, шинэ хувин бариад, нүх ухаад, мод суулгаад хаячихыг найман настай хүүхэд ч хийчих ажил. Гагцхүү тарьснаа ургуулдаг л амбицтай болох ёстой юм.

Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицсон модлог ургамлын зүйлийг тарьж, ургуулах, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийн газар байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий үр, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх асуудлаас эхлээд төлөвлөлт, тооцоолол, бас эзэнтэй болгохоос эхлээд олон ажил хүлээгдсээр нэг жилийг үдлээ.

Бидэнд тэрбум мод тарих боломж, нөөц бий. Санхүүжилтээ зөв хуваарилж, төлөвлөгөөгөө тодорхой болгож, тарьсан мод бүрээ арчилдаг, хамгаалдаг, ургуулдаг эзэнтэй болгоход анхаарлаа хандуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж