БАЙР СУУРЬ: Эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг чангатгах ёстой!

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг чангатгах ёстой!

БАЙР СУУРЬ: Эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг чангатгах ёстой!

Гэр бүлийн өдрийг угтан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүл-Хамтын үүрэг” хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт оролцогчид Монголд хууль байдаг ч эцэг, эхийн үүрэг хариуцлагыг тодорхой тусгаагүйгээс гэр бүл салсан тохиолдолд хүүхдүүд их хохирч байна гэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ, Өнөр бүл хүүхдийн төв, ШШГЕГ, МЭХ-ны байр суурийг сонирхлоо.


"ХУУЛЬД ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ, ЭЦГИЙН ҮҮРГИЙГ ТОДОРХОЙ ТУСГАНА"

ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга М.ЦОГТБААТАР:

-Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааг зохицуулагч суурь хуулиудын нэг. 1999 онд батлагдсанаас хойш долоон удаа нэмэлт өөрчлөлт орсон. Одоо 23 жилийн дараа шинэчлэх гэж байна. Энэ нь маш олон асуудлыг агуулсан зангилаа, суурь бүхий хууль. Өнгөрсөн хугацаанд нийгмийн харилцааг зохицуулж байсан энэхүү хуульд бусад зарим асуудлыг тусгах, өмнө нь хуульд тусгаагүй хуулиар зохицуулах шаардлагатай зүйлс гарч ирж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуульд зайлшгүй шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй. Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор ХНХЯ, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч ажиллаж байна.

Шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллыг сайжруулах, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг тодорхой заах, хүүхдийн тэтгэмж төлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээний заалтууд оруулахаар хэлэлцэж байна.

Гэр бүлийн тухай хууль олон оролцогч талтай, нийгмийн асуудлуудыг нэг дор агуулдаг учраас хэлэлцэх зүйл их, бусад хуультай харьцуулахад өргөн агуулгатай, дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт цар хүрээний хувьд том. Тиймээс олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгээс их үр дүн хүлээж байна. Тодруулбал, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрх, эцгийн үүрэг зэрэг асуудлыг хөндөж, оролцогч талаас гаргасан санал, зөвлөмжийг хуульд тусгахад анхаарна. Гэр бүл гэдэг сайн дурын үндсэн дээр бий болсон харилцаа учир үүний цаана хувь хүний хариуцлага, төлөвшил, боловсролын асуудал ч салшгүй холбоотой байдаг.

"ТЭТГЭМЖ ТӨЛӨХГҮЙ ХҮНИЙГ 100 НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР ТОРГОХ ЗААЛТТАЙ"

ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга Б.БАЗАРСАД:

-Гэр бүл салалтаас шалтгаалсан хүүхдийн тэтгэмж олгох асуудлыг ШШГЕГ хариуцдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулсан. Үүнд, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой орлого, зарлагын асуудал буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой чухал өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүүхдийг 18 нас хүртэл эцэг, эх тэтгэмж олгох асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болгосон. Хоёрдугаарт, талууд харилцан тохиролцож тэтгэмж гаргуулах эрх тогтоодог. 2002 оны хуучин хуулиар эрх сэргээх боломжгүй байсан. Харин одоо аль нэг талаас хүсэлт гаргасан тохиолдолд тэтгэлэг олгохгүй байгаа хүнээс албадан тэтгэмж гаргуулах боломжтой болсон гэсэн үг.

Хүүхдийн тэтгэмж гаргуулах шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа нь тухайн тэтгэмж өгдөг хүний орлоготой шууд холбоотой. Тэтгэмжийг албадан төлүүлэх заалтад нэмэлт өөрчлөлт орсон нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна.

Хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмжээ өгөхгүй гурван сар болбол гадаадад зорчих эрхийг нь хязгаарлах, Зөрчлийн тухай хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, албадан сургалтад хамруулах, 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох заалттай байдаг. “Би салахдаа төдий хэмжээний мөнгө өгсөн, байраа үлдээсэн” гэх шалтгаан хэлж, хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх тохиолдол их. Угтаа бол хүүхдийн мөнгөн тэтгэмж нь тухайн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах мөнгөн хөрөнгө гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.

"ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙГАА НЭРИЙДЛЭЭР ХҮҮХДЭЭ АСРАМЖИД ӨГӨӨД, ТӨРӨӨД БАЙДАГ"

Өнөр бүл хүүхдийн төвийн ерөнхий захирал М.ӨЛЗИЙЧИМЭГ:

-Өнөөдрийн байдлаар манайх 177 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт хүүхдийн 70-80 хувь эцэг, эхтэй. Үлдсэн 20 хувь нь эцэг, эхээ алдсан хүүхдүүд бий. Эцэг, эхтэй хүүхдүүдийн ирж буй шалтгаан гэр бүл салалт, аав ээж нь архины хамааралтай, орон гэргүй болсон байдгаас үүдэлтэй. Гэр бүлийн хуулиар эцэг, эх байх эрхийг нь  хязгаарлана гэдэг ч манайд байгаа 177 хүүхдийн эцэг, эхээс эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан тус бүр нэг эцэг, эх бий. Гэтэл тэр эрхээ хязгаарлуулсан, хасуулсан эцэг, эх дараагийн амьдралаа зохиочихсон, дахиад хүүхэдтэй болсон байдаг.

Эцэг, эх нь эсэн мэнд байгаа хэрнээ асрамжид байгаа хүүхэд дээрээ 7-8 жил болж байхад нэг ч ирээгүй, эсвэл ирэхээрээ согтуу ирдэг.

Эцэг, эх байх эрхийг нь хассанаар тэдний үүрэг, хариуцлага дээшилдэггүй, харин ч тэднийг юунд ч санаа зовохгүй эрх чөлөөтэй байх, дараагийн амьдралаа зохиох суурь болж өгдөг. Гэр бүл салалтаас манайд хоёрхон настайдаа ирээд, насанд хүртлээ амьдарсан хүүхдүүд ч бий. Эцэг, эхийг нь олоод уулзахаар хоёр талд амьдрал зохиочихсон, хүүхэдтэйгээ уулзахгүй гэдэг. Хариуцлага нэрийдлээр шийтгэснээр асуудал шийдэгддэггүйг харж болох олон жишээ бий.

Албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар тэднийг орлоготой болгож, засан хүмүүжүүлэхгүй бол эрхийг нь хязгаарлаж, хорьж цагдаж, зүгээр нэг захирамж гаргаснаар асуудал шийдэгдэхгүй. Тиймээс үүнд чиглэсэн хуулийн өөрчлөлтийг нэн даруй хийхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үед манай төвд маш их хүүхэд авч ирж байна. Нэг гэрийн 3-4 хүүхэд ч нэг дор ирсэн. Бид тэднийг яаж ч хайрласан, эцэг эхийнх нь тэврэлт, үнсэлт, хайрыг хэзээ ч орлож чадахгүй. Хуульд хариуцлагын тогтолцоог нарийн, тодорхой тусгаж өгөх нь зөв.

"98 МЯНГАН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХИЙН 70 МЯНГА НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД"

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.ОЮУНГЭРЭЛ:

-Жилд 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ батлуулж, 5000 гэр бүл салдаг. Гэр бүл, хүүхэд хүчирхийлэл ямар хэмжээнд хүрснийг бид бүгд мэдэж байгаа. Монголын эмэгтэйчүүдийн холбоо хуулийн хүрээнд гэхээс илүү иргэний нийгмийн байгууллагын хувьд гэр бүл, хамтын үүргийн асуудал, хариуцлагын талаар талуудын оролцоог хангаж, саналыг сонсохоор хэлэлцэж байна.

Монгол Улс хүүхэд хамгааллын бодлого, эрх, хариуцлагын асуудлыг ярих цаг болсон. Гэр бүл салсны дараа эцэг, эхийн үүргийг ч чухалчлан заах хэрэгтэй. Өнөөгийн хуулиар салсны дараа зөвхөн хүүхдийн тэтгэмж л ярьж байна.

Гэвч хүүхэд өвдөхөд, боловсрол эзэмшихэд, нийгмийн оролцоонд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг ч хуульд илүү тодорхой тусгах хэрэгтэй. Хүүхдийн тэтгэмж урт хугацаанд олгогддог ч хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж байдаг учир хэрэв олгогдохгүй удвал ямар арга хэмжээ авахыг тодорхой болгох. Хоёрдугаарт, тэтгэмжийн хувь хэмжээ, төлөхгүй байгаа нөхцөлд хэрхэн олгох талаарх асуудал бий. Тэтгэмжээ өгөхөөс татгалздаг эцэг, эхчүүдэд оноох хариуцлагыг хуульд тодорхой тусгаж, зохицуулах нь зөв. Бид хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоог урьсан боловч ирээгүй. Угтаа энэ хэлэлцүүлэг бол аль аль талын санал, зөвлөмжийг тусгах учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл байх нь зүйтэй гэж үзсэн.

Жил бүр Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж, МЭХ-ноос нэг сэдэв гаргаж, талуудын санал, зөвлөмжийг сонсч, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Гэр бүл-Хамтын үүрэг” сэдэв гаргаж байна.

Ганцхан жишээ авахад, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой бүс нутгийн амьжиргааны доод түвшний асуудал яригддаг. Эдгээрийг хуульд нарийн тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Тэр утгаараа манай холбооноос дэвшүүлж буй санал бол салсны дараа эцэг, эхчүүдийн хариуцлагыг тодорхой байлгах шаардлагатай гэж үзэж байна.

Монголд 98 гаруй мянган өрх толгойлсон эцэг, эх байдаг ба тэдний 70 мянга нь буюу 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэдгээрийн ихэнх нь хүүхдийн тэтгэмж авч чаддаггүй. Тиймээс эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг хуульд тусгах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж