Тойм: АН-аас Ерөнхийлөгч, Дээд шүүх, намын гишүүддээ хандав

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

Тойм: АН-аас Ерөнхийлөгч, Дээд шүүх, намын гишүүддээ хандав

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


АН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭЭД ШҮҮХ, НАМЫН ГИШҮҮДДЭЭ ХАНДАН МЭДЭГДЭЛ ХИЙВ

Ардчилсан намын Удирдах зөвлөл хуралдаад гурван асуудлаар байр сууриа илэрхийлснийг тавдугаар сарын 13-нд  мэдээлэл хийж танилцуулсан. Тус намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Дээд шүүх болон намын гишүүд нартаа хандаж мэдэгдэл хийсэн юм.

Тодруулбал, тус намын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, санал солилцох хүсэлт тавих гэнэ. Мөн Дээд шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд баталсан дүрмийн дагуу Ардчилсан нам шинэчлэлт, өөрчлөлт хийж байгаа. Тиймээс УДШ хууль ёсны  Ардчилсан намын эсрэг явж байгаа хууль бус хүмүүст зориулсан үйл ажиллагаа хийхгүй байхыг шаарджээ. Түүнчлэн Ардчилсан намын зүгээс гишүүддээ хандан үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдье гэж уриалсан юм.

Үүний зэрэгцээ  тавдугаар сарын 11-ны Мягмар гаригт тус намын гишүүд "Монголоо Беларусь болгохгүй" жагсаалыг зохион байгуулах үеэр  "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин Төрийн соёрхолт Д.Сосорбарам руу халдаж, нунтаг цагаан бодис цацсан нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Энэ асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас Х.Бээжинд Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Д.Сосорбарам руу цацсан нунтаг бодис нь гурил мөн эсэхийг тогтоохоор шинжилж буйгаа мэдээлсэн юм.


ХӨГЖЛИЙН БАНКИНД ЗУРГАДУГААР САРД АУДИТ ОРУУЛНА

Засгийн газрын Лхагва гаригийн /2022.05.11/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ Сангийн сайд Б.Жавхлан маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр Хөгжлийн банкинд хуримтлагдаж ирсэн чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх хэрэгтэй байгааг онцолж,  тэгэхгүй бол төр бүх зээлийг төлж, тус банкийг дампууруулахад хүрнэ гэв.  Мөн  тайлан балансыг зургаа, наймдугаар  сар гэхэд хэвийн болгож, өр зээлийн 50 хувийг төлүүлж чадвал бондын хүүг төлөх боломжтой гэж мэдэгдсэн юм. Түүний тооцоолсноор энэ 2022 онд 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлэх гэнэ.

Зургадугаар сард Хөгжлийн банкинд аудит оруулна. Одоогийн байдлаар 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Ирэх сарын 30-ны өдөр гэхэд 450 тэрбум төгрөг шалгалтын өмнө бүрдүүлсэн байх үүргийн Сангийн яамнаас Хөгжлийн банкинд өгчээ.

Хөгжлийн банкны дэд захирал, хуульч Ж.Эрхэмбаатар тавдугаар сарын 13-нд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард эл албан тушаалд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон. Ж.Эрхэмбаатарын тухайд 2021 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. 


ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨС БҮРДСЭН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх сонгогдсоноосоо хойш олон нийтийн өмнө тэр бүр гарч ирээгүй. Зарим иргэд "Манайх Ерөнхийлөгтэй бил үү?" ч гэж хошигнох болсон. Тэгвэл энэ долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзсан.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.

Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцсон байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаанд оролцож, хүний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч буйг онцолсон бөгөөд хүнсний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 хувиар өссөнийг эрхэм гишүүдэд дуулгав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг мэдэгдэж, атга давсаа ч айлаас гуйхаа болих цаг ирснийг анхааруулсан юм.

Түүнчлэн тэрбээр  тавдугаар сарын 13-нд олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилчдад төрийн дээд шагнал, одон медалийг гардуулсан.


ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ Н.НАРАНБААТАР НАЙРУУЛАХ БОЛОВ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс Баасан гаригт  /2022.05.13/ хуралдаж, энэ жилийн наадмын найруулагчийг сонгосон. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар ажиллахаар болжээ.

Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Жил жилийн баяр наадмыг хэн найруулах нь олны сонирхлыг татаж, багагүй хэл ам дагуулсаар ирсэн. "Энэ жил нийт 19 найруулагчаас хамгийн олон санал авсан уран бүтээлч энэ жилийн наадмыг найруулна" гэж Соёлын яамнаас мэдээлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болжээ.

Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Учир нь, монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй юм. Тодруулбал, 2020 оны баяр наадмыг цомхон хүрээнд "13 дугаар зуун" цогцолборт үзэгч, наадамчин олонгүйгээр зохион байгуулж байв. Харин 2021 онд баяр наадам тэмдэглэхийг Засгийн газраас хориглосон.

Өмнө нь 2016, 2017, 2018 оны баяр наадмыг Н.Наранбаатар, харин 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар нар найруулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж