Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод тавдугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 73 орны 2401 тамирчин оролцож байгаа аж.
Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсон. Үүнээс Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Н.Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов.
Монголын тамирчдаас дифлимпод "Тайпей-2009" гавьяат тамирчин Д.Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байсан бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр чөлөөт бөхөөр хоёр дахь аваргаар тодорч байна.
Түүнээс гадна өмнөх димфлимпийн мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг-ын жинд долдугаар байрт, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-д тавдугаар байрт тус тус оров.