Хөвсгөл аймагт шөнө гарсан түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт шөнө гарсан түймрийг цурманд оруулжээ

Хөвсгөл аймагт шөнө гарсан түймрийг цурманд оруулжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Бага сориг гэдэг газарт ой хээрийн түймэр өчигдөр шөнө гарчээ. Тодруулбал, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 22:42 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.  Дуудлагын дагуу аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Цагааннуур сумын Засаг даргын тамгийн газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гарч 03:40 цагт очиж, ойн түймрийг 05:30 цагт цурманд оруулсан байна.

Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд онцгой байдлын алба хаагчдаас гадна нутгийн иргэд сайн дураар ажиллаж байгаа аж.

Он гарснаас хойш хуурайшилт ихтэй байгаагаас олон удаа ой хээрийн түймэр гарч байгаа. Эдгээрийн ихэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж байгааг албаны хүмүүс сануулж буй. Ойрын жишээ бол Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Ар хээгч гэх газарт гарсан ой хээрийн түймэр. Гал түймэр хилийн 0286 дугаар ангийн дөрөвдүгээр заставаас зүүн зүгт 28 км зайтай гарч, энэ сарын 2-нд тус аймгийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар гал түймэр 1.8 км урт талбай хамарсан байна.

Улсын хэмжээнд он гарснаас хойш Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Гал түймрийн улмаас ойн 101 га, хээрийн 889892 га, нийт 889993 га талбай өртсөн байна. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцвол нийт 368.3 сая төгрөг. Үүний дийлэнх нь буюу байгаль экологид 357.2 сая төгрөгийн хохирол учирсан бол түймэр унтраахад 8.7 сая төгрөгийн зардал гарсан байна. Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар өсчээ.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа аж.

Иймд иргэд татсан тамхи, асаасан гал цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг таглаа бүхий нүх, саванд хийхийг албаны хүмүүс зөвлөж байна. Хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган, иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгууль тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж