“Хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийгээгүй”

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

“Хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийгээгүй”

“Хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийгээгүй”

Улсын хэмжээнд энэ сарын 1-нээс иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тусламж, үйлчилгээний нэр төрөл болон насны бүлгийг энэ жилээс эхлэн нэмж буй.

Өмнө нь 18-аас дээш насныхныг дөрвөн насны бүлэгт хувааж, эрт илрүүлгийн багц тусламж үзүүлдэг байсан. Харин энэ оноос 0-17 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаагаар онцлог юм.

Тиймээс иргэд ЭМД-аа заавал төлсөн байж үзлэгт хамрагдах боломжтой. Харин хүүхдүүд харьяа өрхийн эмнэлэгтээ үзлэгт хамрагдах юм.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж буй тул хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болсон. Хүүхдийн үзлэг оношилгоо нь ЭМД-аас мөнгө хасахгүй, 100 хувь үнэ төлбөргүй.

Мөн хүүхдийг эхийнхээ хэвлийд ураг байхад нь оношлох тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулжээ. Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг, оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 30 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байна. Эхний байдлаар хүүхдүүдийн дунд ходоодны өвчлөл зонхилж байна. Ялангуяа бага насны гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагджээ. Энэ нь дараагийн шатны нарийн шинжилгээгээр баталгаажих аж. Сүүлийн  үед олон нийтийн сүлжээнд 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байгаа талаар ярих болсон. Ийм зүйл огт байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон юм.

Эрт илрүүлэгт улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрт илрүүлэгт жилд нэг хүнд дунджаар 60-150 мянган төгрөг төсөвлөсөн байна.

Эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч, эдийн засагт дарамт учрах тооцоо бий. Тиймээс аль болох иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах нь зүйтэй. Монгол Улсын нийт нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь зүрх судасны өвчин, гэмтэл хордлого, амьсгалын тогтолцооны эмгэг, хавдар, хоол боловсруулах замын халдвар байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг 18 наснаас дээш насны бүлгээр ангилсан багцууд бий. Энэ нь 2018 оноос эхлэн хэрэгжиж байгаа боловч хамрагдалт 7.9 хувь буюу бага байгаа учраас 2022 оноос ийнхүү багцад нийт хүн амыг хамруулахаар болсон байна. Өнгөрсөн жилүүдэд иргэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэж байсан бөгөөд насны бүлгээс хамаарч 43-75 мянган төгрөгийн үнэтэй багц шинжилгээ хийдэг байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж