Төв талбайн усан оргилуур төвийн шугамд холбогдож, ус зөөхөө больсон талаар албаны хүмүүс мэдээллээ. Хэтийдсэн төсвөөр үр ашиггүй үзүүлэн бэлдсэнд иргэд таатай ханддаггүй. Тэр бүү хэл усан оргилуур руу ус зөөж, ажиллуулж байгаа нь дотоодын гэлтгүй гадаадын хүмүүсийн гайхшлыг төрүүлж байв. Харин энэ жилээс усан оргилуур төвийн шугамд холбогдсон байна. Удахгүй буюу ирэх долоо хоногт ажиллаж эхлэх усан оргилуурын талбайг иргэд өөрөөр ашиглаж болох байсанд санал нэгддэг. Гэвч нэгэнт хийсэн бүтээн байгуулалтыг нурааж болохгүй нь лавтай.
Усан оргилуур ажиллаагүй хонхтой цэцэрлэгт хүрээлэнд одоогоор залуус сууж, зарим нь чөлөөт цагаа өнгөрөөдөг.
Улаанбаатар хотод өнгөрсөн жилүүдэд нийт 145 усан оргилуур байгуулсан ч ердөө 50 орчим нь л ажилладаг аж. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийж, 84м урт 23.6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шаталсан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбайг бий болгосон. Гэхдээ цар тахлын үед хүмүүсийн бөөгнөрөл, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, цагийн хуваарьтайгаар ажиллаж байв.
Төв талбайн усан оргилуурыг Хотын дарга асан С.Амарсайхан цар тахлын үед 3.2 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан нь тухайн үед шүүмжлэлийг дагуулж байсан.
Ингэхдээ Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ гурван тэрбум гаруй төгрөг зарцуулахаар төлөвлөж байлаа. Харин тус усан оргилуурыг усаа усны машинаар зөөж буй зураг багагүй шүүмжлэлд өртөж байсан. Энэ талаар тухайн үеийн Хот тохижилтын газрын дарга хэлэхдээ усаа зөөдөггүй, буруу ташаа мэдээлэл цацагдсанд харамсч байгаагаа хэлж байсан. Ямартай ч энэ жилээс тус усан оргилуур төвийн шугамд холбогдсон нь хот тохижилтынхны ажлыг бага ч болов хөнгөвчлөх нь.
Холбоотой мэдээ