Барилдах эрхээ хасуулсан улсын арслан Э.Оюунболдын эрхийг Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас сэргээсэн. Үүнтэй холбогдуулан спортын арбитрч, өмгөөлөгч Г.Батзаяа өнөөдөр/2022.05.13/ тайлбар өгсөн юм.
Өмгөөлөгч Г.Батзаяа:
-Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр 2017 онд байгуулагдсан, Монгол Улсын спорттой холбоотой зөрчил, маргааныг дотооддоо шийддэг байгууллага. Манайх нийт 65 спорт холбоо, олимпийн хороотой хамтын ажиллагааны гэрээтэй. Олон улсын арав гаруй спортын арбитрын байгууллагатай, Олон улсын олимпийн хороотой, спортын шүүхтэй гэрээтэй. Бөхийн холбоотой ч 2017 онд гэрээ байгуулсан.
2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр улсын арслан Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бөхийн холбоонд холбогдох маргаан үүсгэхээр нэхэмжлэл гаргасан. Гол агуулга нь иргэн Э.Оюунболд бөхийн холбооны допингийн дүрэм нь дэлхийн допингийн дүрэм, олон улсын стандартад нийцээгүй байна гэсэн шаардлага хүргүүлсэн. Хоёрдугаарт, дэлхийн допингийн дүрэмд үл нийцсэн заалт буюу бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан допингийн заалт зөрчилтэй гэж Э.Оюунболдтой холбогдох хэсгийг нь хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлага тавьсан. Гурав дахь шаардлага нь үндэсний бөхийн холбоог уучлал гуйж, олон нийтэд мэдээллэ гэсэн. Дөрөвдүгээрт, 2021 онд болсон залуучуудын холбооны бөхийн барилдааны өмнөхөн Э.Оюунболдтой байгуулсан хариуцлагын гэрээг хүчингүй болгож өгөөч гэсэн.
Арбитрын ажил он дамжин явагдаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гарсан. Шийдвэрийн агуулга допингийн эсрэг дүрэм, олон улсын конвенцийг дагаж мөрдөх. Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн. Үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг арбитрын бүрэлдэхүүн хангаагүй. Өөрөөр хэлбэл, дөрвөн шаардлагын хоёрыг нь арбитр шийдсэн.
-Шийдвэрээ хэзээ албан ёсоор талуудад танилцуулах вэ?
-Хурал ирэх сарын 28-нд болно. Бичгээр гарахдаа хугацаа шаардана. Өнөөдрийн байдлаар аль аль тал нь гардаж аваагүй байна. Гэхдээ гардаж авна. Арбитраас явуулна.
-ТББ-ын гаргасан шийдвэрийг бөхийн холбоо дагах ёстой юу?
-Эрх зүйн хамгаалалт, эрх нь зөрчигдсөн хүн ашиг сонирхлоо аль байгууллагаар сэргээлгэх нь сонголтын асуудал. Шүүх, цагдаа, арбитрт хандаж болно. Тэр сонголтын нэг нь л арбитр. Монгол Улс арбитрын тухай хуультай, шийдвэрийг нь дагаж мөрдөх конвенцод нэгдэж орсон. Арбитрын тухай хуулиараа манайх Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын холбооны дэргэдэх байнгын ажиллагаатай арбитр. Адилхан ТББ. Худалдаа аж үйлдвэрийн танхим гэх юм уу бусад мэргэшсэн арбитрууд бүгд ийм статустай.
-Танай гаргасан шийдвэрийг бөхийн холбоо дагах ёстой юу?
-Үүрэгтэй. Хэрэв дагаагүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх ажиллагаа үргэлжилнэ.
-Арбирт бие даасан шийдвэр гаргаж, хараат бус байж чадах уу?
–Ганц арбитраас гадна хүний эрх, эрх чөлөөтэй холбоо бүхий асуудал дээр хараат бус байдал яригдана. Нэхэмжлэгч Э.Оюунболд өөрөө арбитрчаа сонгож байна. Хариуцагч бөхийн холбоо өөрөө арбитрчаа сонгож байна. Сонгосон хоёр арбитрч хоорондоо ярилцаад, даргалагчаа сонгодог. Дээрээс арбитрчийг сонгодоггүй. Харин даргалагчаа сонгож чадахгүй тохиолдолд даргалагчийг хөндлөнгөөс томилдог. Тиймээс шударгаар шийдэгдсэн гэж итгэж байна.
Холбоотой мэдээ