Олон жил дараалан ашиглалтад орох хугацаа нь хойшлоод байгаа эмнэлгийн барилга бол түлэнхийн төв. Өдгөө 11 дэх жилдээ барилгын ажил нь үргэлжилж байгаа ч ахиц огт гарахгүй байгаад иргэд бухимддаг. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өнөөдөр /2022.05.13/ "Энэ сардаа багтаж эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлнэ" гэж ам гарав.
Тус эмнэлэг Монголд зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний төв. Гэвч холбогдох яамны болон албаны хүмүүс ажилд ахиц гаргахыг төдийлөн хүсдэггүй талаар иргэд шүүмжилсээр өнөөдөртэй золгож буй юм.
Түлэнхийн төвийн барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Харамсалтай нь, хил гааль хаагдаж, шаардлагатай зарим тоног төхөөрөмж гацсаны улмаас барилгын ажлыг түр хойшлуулсан. Тиймээс энэ оны хоёрдугаар сард багтааж ашиглалтад оруулна гэсэн ч мөн л биелээгүй.
Улсын хэмжээнд жилд дунджаар 18-20 мянган түлэгддэг гэсэн статистик бий. Эдгээрээс эмнэлгийн тусламж огт авч чадаагүй хүн олон байдаг ажээ.
Түлэнхийн төв ашиглалтад ороогүйн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг тасагт өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж буй. Тус тасаг үндсэн 60-80 орон дээр өвчтөн авах зориулалттай ч 30 хүртэл тооны ор л тус тасагт байдаг аж. Учир нь, тасгийн зай талбай бага тул өвчтөнүүдийг авахдаа корридорт болон үндсэн тасагтаа байлгахаас өөр аргагүй юм байна.
Зориулалтын барилга нь ашиглалтад орохгүй удаж байгаагаас төлөвлөгөөт хагалгаа болон хуваарьт мэс заслууд ч цөөн хийгдэж байгаа ажээ. Ямартай ч энэ нөхцөл байдлыг харгалзаж, ЭМЯ түлэнхийн төвд онцгой анхаарал хандуулж, Улсын комисс барилгыг ойрын хугацаанд хүлээж авах хүсэлт өгнө гэж мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ