Жүжигчин О.Оюун Монголын дуу оруулахуйн холбоо байгуулагдсан талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийна суултад хариулсныг хүргэе.
-Монголын дуу оруулахуйн холбоо байгуулагдсан нь уран бүтээлч таны хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Монголын орчуулгын киноны уран бүтээлчид өмнө нь мэргэжлийн түвшинд байна уу, сонирхогчийн түвшинд байна уу гэдгийг ялгахад хэцүү байлаа. Маш олон телевиз, урлагийн газар байна. Залуус энэ мэргэжлээрээ олон газар ажиллаж байна. Өнөөдөр энэ холбоог байгуулснаараа "Мэргэжлийн уран бүтээлчид бид мэргэжлийн түвшинд байх ёстой" гэсэн цензур тавьж байна. Үүгээрээ их онцлог. Учир нь аливаа ажил мэргэжил, тэр тусмаа урлаг үргэлж урд нь явж, хүмүүст гоо зүйн таашаал өгдөг учраас энэ мэргэжлийн уран бүтээлчид мэргэжлийн түвшинд уран бүтээлээ хийх ёстой. Өнөөдрөөс эхлээд маш эмх цэгцтэй, цензуртэй, ард түмэнд, үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлээ хүргэх анхны албан ёсны суурь тавигдаж байгаа юм. Би залуучуудынхаа тухай ярьж байна. Одоогоос маш олон жилийн өмнө "Монгол кино нэгтгэл"-д жүжиг анги гэж байсан. Тэнд манай ахмад уран бүтээлчид, бүр алтан үеийн мундаг жүжигчид энэ орчуулгын киноны жүжигчний ажлын онцлог, ур чадвар, бүхнийг тамгалж өгсөн. Нийгмийн болоод цаг хугацааны явцад хэсэг тасарч алдагдаад, яг ямар түвшинд байна вэ гэдэг нь мэдэгдэхгүй хэсэг явсан. Гэвч залуучууд маань өнөөдөр нэгдээд, алтан үеийнхний гайхамшигтай ажиллаж байсан, уран бүтээлээ туурвиж байсан тэр сайхан мэргэжил, ур чадвар, үнэ цэнийг өнөөдөр албан ёсоор бататгаж байна. Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо байгуулагдсанаар бид албан ёсоор мэргэжлээ үнэлүүлэх, үнэлэгдэх, энэ хэмжээгээрээ өсөн дэвжих гоё боломж бүрдлээ. Залуучууддаа маш их баярлалаа, үе үеийн уран бүтээлчдэд бүгдэд нь маш их баярлалаа, баярын мэнд хүргэе.
–Мэргэжлийн дуу оруулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?
-Аливаа юм тоондоо биш, чанартаа байдаг. Дуу оруулагч гэж тусдаа мэргэжил бий гэсэн ойлголт байдаг. Дуу оруулагч гээд бид өөрсдөө явцын дунд нэршил гарчихсан. Энэ мэргэжлийн жүжигчдийн хийх ёстой ажил байдаг. Мэргэжлийн жүжигчид энэ мэргэжлээр өсөн дэвжиж, ур чадвараа түгээж байх ёстой.
Б.БАТДЭЛГЭР
Холбоотой мэдээ