Тойм: "Эдийн засгийн хоригт орвол маш хүнд байдалд орно"

Хуучирсан мэдээ: 2022.05.14-нд нийтлэгдсэн

Тойм: "Эдийн засгийн хоригт орвол маш хүнд байдалд орно"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Б.Отгонтөгстэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 -ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дайныг дэмжсэн парад зохион байгуулсан. Энэ нь манай эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Манай эдийн засагт хор хохиролтой. Яагаад гэвэл ОХУ-ын дайныг буруушаасан, ялангуяа том эдийн засагтай улс орнууд бий. Үүнд АНУ, Канад, Европын холбоо, Австрали, Япон, Энэтхэг зэрэг ихэнх нь том эдийн засагтай улс. Эдгээр том гүрнүүдийн хоригт орвол асар их хохиролтой. Монгол Улс дайныг дэмжээд, улсынхаа нийслэлд парад зохион байгуулж, Батлан хамгаалахын сайд, том улс төрийн намын дарга очиж оролцоод байвал манай улс эдийн засгийн хоригт орох эрсдэлтэй.

-Улс орнууд дайныг дэмжиж буй орнуудад эдийн засгийн хориг тавьж эхэлсэн. Энэ хориг Монголд нөлөөлөх вий гэсэн айдас иргэдийн дунд байна? 

-Эдийн засгийн хоригт орвол маш хүнд байдалд орно. Нэгдүгээрт, ОХУ-тай адилхан виза, мастер картаар гадаад улстай худалдаа арилжаа хийдэг гүйлгээ зогсоно. Өөрөөр хэлбэл, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадаас бараа татаж авахдаа олон улсын свитфээр гүйлгээ хийдэг. Тэр картууд ажиллахаа болино гэсэн үг. Свифт сүлжээнд орсон 15 мянган банк бий. Тэдгээр банкаар дамжуулж дэлхийн улсуудтай худалдаа арилжаа хийдэг. Тэрийг хийж чадахаа болино гэсэн үг. Тэгэхээр ам.доллараа бариад очих уу, цүнхлээд аваад явах уу гэдэг хэцүү байдалд орно.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд ирэх долоо, наймдугаар сараас хүмүүс гадаадын сургуульд хүүхдээ сургана. Олон улсын свифт системээс хасагдчихвал бид хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөх вэ. Гадаад дотоодод зорчдог, гадаадад сурдаг тэдгээр үйл ажиллагаа зогсоно.

Хоёрдугаарт, иргэдийн болон аж ахуй нэгжийн гадаад гүйлгээ зогсоно. Гуравдугаарт, манай улсын  эдийн засаг жижиг ч гэсэн нээлттэй байхгүй юу. Нээлттэй, жижиг эдийн засаг гэдэг нь олон улсын арилжаа, сүлжээнд нэвтэрхий орчихсон, нэгдчихсэн байдаг. Тэр нэгдлийн ачаар үйлдвэрлэл явуулж буй бүх тоног төхөөрөмж, түүхий эдээ гаднаас авдаг. Жишээлбэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бид гаднаас авдаггүй гэж боддог. Гэтэл мал аж ахуйн секторын тарилга, вакцин, туулга, бүх юм гаднаас орж ирдэг. Бид малаа эрүүлжүүлэхгүй бол малынхаа махыг экспортлож чадахгүй.

-Мал аж ахуйд хүртэл сөрөг нөлөөтэй юм байна? 

-Тийм ээ. Үүнээс гадна газар тариалангийн салбар байна. Хавар тариалалтын улирал эхэлж буй. Бид энэ жилийн газар тариалалтыг сайн хийх хэрэгтэй. Дэлхийн улаанбуудайн тариалалт муудаж байна. Дайн хийж буй ОХУ, Украин улс дэлхийн улаанбуудайн хамгийн том нийлүүлэгч. Тэр хоёр дайтсаны улмаас улаанбуудайн нийлүүлэлт багасах учраас дэлхийд гурилын үнэ маш их өснө хэмээн эдийн засагчид болгоомжилж байна. Тиймээс Монгол Улс энэ сар гадаадаас оруулж ирэх бүхтоног төхөөрөмж, бордоо, тракторын сэлбэг хэрэгслээ аваад, тариалалтаа хийх ёстой. Цаг алдвал намар тариа, будаагаа авч чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн салбар уналтад орно. Дараа нь уул уурхайн салбар хоригт орчихвол нүүрс, зэс алтаа экспортлож чадахгүй. Юугаараа бид гэрээ, хэлэлцээр хийх вэ. “Нөгөө хүмүүс” нь ам.доллар, эсвэл юаниар нүүрсээ авах байх. Тэгэхээр шуудай аваачиж мөнгийг нь авах уу. Маш хэцүү байдалд орно гэсэн үг юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"БУСАДТАЙ ЦУГЛУУЛГАА ХУВААЛЦАХ НЬ НАДАД КАЙФТАЙ БАЙДАГ"

Хөгжим бол амьдралын баяр баясгалан. Хөгжимгүй бол амьдрал утгагүй" хэмээн өгүүлэх түүнийг хөгжимгүйгээр төсөөлшгүй. Энэ хүн бол шог зургийн сор болсон уран бүтээлчдийн нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр билээ. Тэрбээр 1976 оноос хойш өдийг хүртэл 40 гаруй жил пянз цуглуулж буй. "Их хотын соёл" уриатай пянз хөгжим сонирхогчдын дунд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тун завгүй яваа түүнтэй ярилцсанаа хүргэе. 


-Таныг хөгжмийн ертөнцийн хамгийн “баян” цуглуулагч гэдгийг хүмүүс мэднэ. Байнгын эрэл хайгуул хийдэг өөрийгөө археологич, палентологичтой зүйрлэсэн байсан. Эрэл хайгуулаа хийсээр л байна уу?

-Монголд энэ байтугай баян цуглуулгатай хүн олон бий. Гэхдээ зарим нь зөвхөн өөртөө хадгалж цуглуулдаг бол нөгөө хэсэг нь бусадтайгаа хуваалцахыг хичээдэг. Би магадгүй цуглуулгаа хуваалцахыг хичээдэг цуглуулагчийн тоонд орох байх. Бусадтай цуглуулгаа хуваалцах нь надад кайфтай санагддаг. Тэр утгаараа хүмүүс миний цуглуулгыг мэддэг болсон байх.

Тэрнээс биш зоос, эртний эдлэл, авдар, бурхан тахил, уран зураг гээд Монголоор дүүрэн цуглуулагч байна. Би цуглуулгыг зөв дадал гэдэг үүднээс бусдад түгээхийг эрмэлздэг. Энэ ярилцлагыг маань уншаад нэг ч гэсэн залуу хүн урлаг, соёлын ач холбогдлыг ойлгож, эцэг эхчүүд багаасаа үр хүүхдээ дэмжин цуглуулгатай болгож, хөгжиж байвал миний ажлын үр дүн юм.

-Пянзаа хэзээнээс цуглуулж эхэлсэн юм бэ. Ховор пянз бол чамгүй үнэтэй байдаг, цуглуулгадаа мөнгө багагүй зарцуулдаг уу?

-1976 оноос. Манай аав надад пянз тоглуулагч худалдаж авч өгснөөс хойш 40 гаруй жил өнгөрсөн байна. “Би хэрвээ ямар нэгэн юм цуглуулж эхлээгүй, тэрнийхээ тухай мэдэхийг эрмэлздэггүй байсан бол” гэх асуултыг өөртөө дандаа тавьдаг. Тэгвэл би тэс өөр хүн болох байсан байх.

Энэ бүхэн намайг нээж, хөгжүүлж, сайнаар нөлөөлсөн учраас цуглуулга нь хадгалахаас гадна маш их ач холбогдолтой. Улс орныхоо түүхэн холбогдолтой соёл урлагийн бүтээлүүдийг худалдан авч хадгалж буй том хөрөнгө оруулалт ч гэж хэлж болно. Жишээ нь, дэлхийн томоохон галерейн үзмэрүүд  бүгд хувь цуглуулагчдын бүтээлүүд байдаг. Монголчуудын хувьд нүүдэлчин ард түмний амьдралын хэв маягаас болоод энэ дадал бага байжээ. Бид саяхан л социализмын нийгэмд амьдарч байсан мөртлөө тэр үед хэрэглэж байсан эд зүйл, соёлын бүтээгдэхүүн одоо ховор болчихсон.

Одоо 1960, 1970 оны “Үл мэдэх”-ийн сайн хэвлэлттэй ном хүртэл олдохгүй. Тухайн цаг үедээ хэдэн мянган удаа хэвлэгдэж байсан бол одоо бүгд устгагдсан. Тэрийг соёлын зүйл, хадгалах ёстой гэж үздэггүй, боломжгүй байсан хэрэг. Гэтэл 1990-ээд оноос хойш энэ бүхнийг хадгалж, хамгаалдаг дадалтай болж, маш олон цуглуулагчтай болсон байна.

-Тэгвэл соёлын өв тээгчид гэдэг шиг цуглуулагчид чинь “соёл хадгалагчид” болох нь ээ?

-Тэгж харж болно. Ер нь шуналтай хүмүүс гэвэл өрөөсгөл.  Харин ч өөрийн сонирхол хобби, дадалтай, тэрнээсээ таашаал авч, бусдад соёлыг түгээж байна гэсэн үг. Гадаадад маш олон төрлийн цуглуулагч бий. Тэр дадал хэвшил монголчууд руу орж ирж байна. Бидний өнөөгийн нийгэмдээ хэрэглэж буй эд зүйлс эргээд 50, 100 жилийн дараа түүх болж үлдэнэ. Тийм учраас орчин цагт хадгалагдаж үлдсэн эд зүйлс нь цуглуулгын ач холбогдол юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"ОХУ-ЫН ЭСЯ-НЫ ҮЙЛДЛИЙГ ИРГЭН ХҮНИЙ ХУВЬД БУРУУШААЖ БАЙНА"

ХҮН намын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайхаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-ХҮН нам баруун төвийн үзэл баримтлалтай болсноо зарласан. Уг шийдвэрийг эсэргүүцэж, та намаасаа гарч байгаа гэв үү?

-Хөдөлмөрийн үндэсний нам дөрөвдүгээр сарын 30-нд намынхаа их хурлыг хийгээд, намын нэр, үзэл баримтлал, дүрэмдээ тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан. Их хурлаар зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай байж байгаад баруун төвийн үзэл баримтлалтай болгож өөрчилсөн. Ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулаад миний бие баруун төвийн үзэл баримтлал байж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өмнө нь намын удирдлагын түвшинд тодорхой хэмжээнд ярилцаад, төвийн үзэл баримтлалтай болохоор яригдаж байгаад, эцэстээ баруун төвийн болгосон учраас миний хувьд цаашдаа энэ намд байх боломжгүй юм байна хэмээн үзэж, намаас гарах хүсэлтээ өгсөн.

Намын зохих шатны байгууллагууд шийдвэрээ гаргах ёстой. Одоогоор шийдвэрээ гаргаагүй байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн тогтолцооны суурь алдаа, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг засах ёстой гэдэг санаачилга гаргаж буй. Энэ бол миний хувийн үзэл бодол, аль нэг улс төрийн намын үзэл баримтлалаас үл хамааран эрх ашиг, эрэмбийн хувьд Монголын асуудал учраас дэмжээд, оролцоод явж байна.

-ХҮН нам баруун төвийн үзэл баримтлал руу шилжсэн. Яагаад нэр, үзэл баримтлалаа солих болов. Таны хувьд үзэл баримтлалаа солих хэрэггүйг хэлсэн ч намын гишүүд хүлээж аваагүй юм байна?

-Үзэл баримтлалаа өөрчлөх асуудал удаан хугацаанд хэлэлцэгдсэн асуудал. Өнөөдөр төр данхайсан, халамжийн бодлого хавтгайрсан нөхцөлд хувийн хэвшлийг дэмжих бодлого байж болно. Гэхдээ баруун төвийн үзэл баримтлалтай болж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Харамсалтай нь, олонхоороо шийдсэн. Ерөнхийдөө намын үзэл баримтлал, доторх бодлогын хувьд хуучин байсан хүнээ дээдлэх, хүнээ хөгжүүлэх бодлого бий. Гэхдээ илүү бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэл рүү өөрчилж буй. Миний хувьд цаашдаа баруун төвийн баримтлалтай гээд нэрлэчихээр олон нийтээс барууны бодлого нэхэх шахалтад орох учраас өөрчлөхгүй байгаач ээ гэсэн хүсэлт гаргаж байсан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж