Хятадын химийн инженер, 59 настай Шиаорон Ю “Coca-Cola” компаниас технологийн хулгай хийсэн хэргээр 14 жилийн ял авчээ. Тэрбээр Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр компани байгуулахын тулд ундааны савны гадна бүрхүүл хийх нууцыг хулгайлсан байна.
Түүнийг хуйвалдаан зохион байгуулсан, эдийн засгийн тагнуул хийсэн, худалдааны нууц хулгайлсан гэсэн үндэслэлээр Теннеси мужийн шүүхээс Даваа гаригт яллав. Түүнд 14 жил хорихоос гадна 200 мянган ам.долларын торгууль төлж, гурван жил тэнсэн харгалзах ял оноосон байна.
Яллах дүгнэлтэд дурдсанаар, Шиаорон Ю нь АНУ-ын Атланта дахь “Coca-Cola” компанид ажиллаж байхдаа “Dow Chemical” болон бусад компаниудын хамтран боловсруулсан 120 сая ам.долларын өртөгтэй нууц технологийг олж авсан гэжээ.
Шиаорон Ю нь 2012-2017 оны хооронд “Coca-Cola” компанид судалгааны ерөнхий инженерээр ажиллаж байсан аж. Дараа нь 2017-2018 онд “Eastman chemical” компанид савлагааны программ хөгжүүлэлтийн менежерээр ажиллажээ. Улмаар тэрбээр хувьдаа шинэ компани байгуулж, “BPA free” буюу "Бисфенол А" хэмээх органик нэгдлийг технологидоо ашигладаггүй савлагаа үйлдвэрлэнэ гэж зорьсон байна. Тиймээс компаниа хөл дээр нь босгохын тулд Хятадын засгийн газраас олон сая ам.долларын буцалтгүй тусламж авчээ.
АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсийн ерөнхий прокурорын туслах Кеннет А.Полит “Компаниуд дэлхийн жишигт нийцсэн технологи хөгжүүлэхийн тулд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл тэр технологио хулгайд алддаг нь маш харамсалтай. Ийм төрлийн гэмт хэрэг нь хохирогч компаниуд болон улс орны эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлнэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: NEXT SHARK, US NEWS
Холбоотой мэдээ