Банкны IPO ба УИХ-ын гишүүдийн байр суурь 

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Банкны IPO ба УИХ-ын гишүүдийн байр суурь 

Банкны IPO ба УИХ-ын гишүүдийн байр суурь 

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн дагуу банкууд энэ оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтаан IPO хийх байсныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос санал гаргаснаар нэг жилээр сунгахаар болсон. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: 

-Эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна. Covid-19-ийн хуулийг бид түр хугацаагаар батлан, шинээр үссэн нөхцөл байдалд уян хатан хандсан. Иймд энэ хуулийг дэмжиж байна. Хуулийг ойр ойрхон өөрчилж байгаа нь үнэн. Ойлгож байна. Засгийн газар олон улсын байгууллагатай ярилцаж тохирчээ. Хөгжлийн банкны асуудал дуусагүй байна. Банкаар оролдохдоо маш болгоомжтой байх ёстой.

УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:

-Бид хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Одоо тохиромжтой цаг нь биш. Эдийн засгийн хувьд тогтворгүй байна. Ирээдүйд юу болох нь маш бүрхэг байна. 2022 оны эхний улиралд дэлхийн нийт IPO 10 дахин багассан. Үндсэндээ царцаасан байдалтай байна. Банкууд IPO гаргахад 500-600 тэрбум төгрөг гаргана. Covid-19-ийн хуультай холбоотой банкуудын хүүгийн зардал буурсан тул цэвэр ашиг өссөн. Covid-19-ийн хууль ирэх онд дуусахаар банкуудын хүүгийн зардал өснө, орлого буурна. Тэр үед одоо хувьцаа авсан хөрөнгө оруулагчид алдагдал хүлээх эрсдэлтэй.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: 

-Банкуудын зээлийн чанарыг тодорхойлолгүйгээр IPO гаргаж болохгүй. Зээлүүдийн чанарыг өнгөрсөн хугацаанд нэг хоёр банкин дээр хийчихэж болох л байсан. Миний хувьд оруулж ирж байгаа саналыг дэмжиж байна. Дэмжихээс өөр арга алга. Ганцхан сарын хугацаа үлдсэн байна. Таван банкны IPO хийнэ гэдэг эрүүл ухаанаар бодоход ч хэцүү шүү дээ.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал биднээс хамаарахгүйгээр хүндрэлтэй болох нөхцөл байдал бий болсон. Өнөөдрийн улс оронд үүссэн нөхцөл байдал, олон улсад өгсөн нөхцөл байдалтай холбогдуулж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг бүрэн хүлээж авахгүй ч дүгнэлт хийх л ёстой. Тэгэхээр хуулийн өөрчлөлтийг батлаад явах нь зөв. Банкны засаглалыг сайжруулах, олон нийтийн хяналтад оруулах хууль маш зөв байсан. Энэ хуулиас бид ухраагүй, зөвхөн түр хугацаагаар хойшлуулж байгаа нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: 

-Энэ цаг үед системд нөлөө бүхий банкууд нэгэн зэрэг IPO хийхэд асуудал байж магадгүй. Тийм учраас активын үнэлгээг маш сайн хийснээр хөрөнгө оруулагчдын хувьд ч илүү тодорхой байдал бий болгоно гэж үзсэн. Системд нөлөө үзүүлэх банкуудын тухай ярьж байгаа учраас Их хурлын гишүүд маань болгоомжтой хандах нь зүйтэй болов уу. Их хурлын гишүүд бид банкны системийнхээ тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй алхам хийж болохгүй. Хугацааг бүр хойшлуулах бус, зөвхөн сунгах тухай асуудал шүү. Энэ удаад сунгах асуудлыг дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж